Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлж буй хилээ хязгаарлах арга хэмжээнүүд

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ өчигдөр хийж, гадаад улсаас иргэдээ татан авах ажлын талаар мэдээлэл өглөө.

Гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдал хүндэрч байгаа тул эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийн тоог Элчин сайдын яамдууд ГХЯ-нд тогтмол мэдээлэл өгч байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар 

  • БНСУ-аас 1,820 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ уламжлаад буй бол
  • Японоос 1,276,
  • Зүүн Өмнөд Азиас 417 иргэн хүсэлтээ ирүүлжээ. 

Эдгээр иргэнээ хэрхэн татан авах талаар судалж буй бөгөөд ОХУ-аас ирж байгаа 764 хүнээ тусгаарлах байранд байрлуулах, тэднээс халдвар илэрч болзошгүй тул ХӨСҮТ, эмнэлгийн байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан үзсэнээр дараагийн нислэгийн төлөвлөгөө гаргах юм. 

Түүнчлэн гадаад улсад зорчих хүсэлтээ гаргасан иргэдийн тоо ч олон байгаа юм. Гэвч улс орнууд цар тахлын улмаас хилээ хаасан, хязгаарлалтын дэглэмийг мөрдөж байгаа тул ойрын хугацаанд гадаад улс руу, тэр дундаа БНХАУ руу зорчуулах боломжгүй байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг албан ёсоор мэдэгдлээ. 

Тэрбээр гадаадын улс орнууд хил хязгаарлалтын ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав.

БНХАУ 

Шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдал дотоодод нь намжсан ч гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байгаа. Хэдийгээр дэглэмээ сулруулж байна гэж ярьж байгаа ч гадаадаас ирж байгаа иргэдэд тавьж байгаа шаардлага нь хатуу хэвээр.

БНХАУ энэ оны гуравдугаар сарын 28-наас эхлээд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд хүчинтэй хэвээр мөрдөгдөж байна. 

БНСУ 

БНСУ нь байнга оршин суух эрхтэй хүмүүсээ хилээрээ нэвтрүүлж байна. Энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлээд БНСУ-д оршин суух эрхтэй, урт хугацааны визтэй гадаадын иргэдэд тавьж буй нийтлэг шаардлага тавьж эхэлж байгаа.

Тодруулбал, БНСУ-ын хилээр гарахаасаа өмнө тус улсад буцаж ирнэ гэсэн зөвшөөрлийг Гадаадын иргэн харьяатын газраас нь зайлшгүй авах шаардлагатай. Зөвшөөрөл аваагүй бол БНСУ-аас гараад эргэн очих боломжгүй болсон. 

Мөн БНСУ руу очихоос өмнө сүүлийн 48 цагт халуураагүйг нотлох бичгийг эмнэлгийн байгууллагаас авсан байх шаардлагыг тавьж байгаа. 

Шенгений бүсийн орнууд

Шенгений бүс нутагт гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх хугацааг Европын комиссын шийдвэрээр зургаадугаар сарын 15-н хүртэл сунгасан. Энэ хязгаарлалтад Шенгений улс орнуудад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд, тэдгээр улсын иргэнтэй гэр бүл болсон хүнийг хамруулахгүй.