2020/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
12:00
S32
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S32
10°
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсноор 6 улсын зах зээлд нэвтэрч, 10,677 нэр төрлийн бараанд 5%-100% хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ"

ikon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN

Монгол Улс НҮБ-ын НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс(АНДЭЗНК)-ын чуулганы даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж буйтай холбогдуулан ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатартай ярилцлаа. 

 

-НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ажиллаж байгаа юм байна. Энэ байгууллагын талаар товч танилцуулахгүй юу? 

-Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Ази, Номхон далайн улс орнуудтай хоёр талын болон олон талт хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх, мөн тус бүс нутагт тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих нь Монгол Улсын Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байдаг. 1990-ээд оны эхэн үеэс эхлэн манай улс гадаад харилцааны энэхүү тэргүүлэх чиглэлд ихээхэн ач холбогдол өгч, НҮБ-ын АНДЭЗНК-ын хүрээнд гишүүн орнуудтай олон талт болон хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарлаа хандуулж ирсэн. 

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/ нь бүс нутгийнхаа эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад учирч буй бэрхшээл сорилтыг даван туулах, шинэлэг арга замыг олж хэрэгжүүлэх талаар гишүүн орнуудад стратегийн дүн шинжилгээ хийж, бодлогын санал боловсруулж дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. 

АНДЭЗНК нь 1947 онд анх Ази, Алс Дорнодын эдийн засгийн комисс нэртэйгээр Шанхай хотноо байгуулагдаж, 1974 онд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болж өргөжсөн. Эдүгээ нийт 53 үндсэн гишүүн, 9 хавсарга гишүүнтэй үйл ажиллагаагаа Тайландын Хаант улсын Бангкок хотноо явуулж байна.  

АНДЭЗНК-ын удирдах дээд байгууллага нь жил бүр чуулгаг. Чуулганаар бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн асуудал, мөн өөрийн салбар бүтэц болох хороодоос гаргасан санал, зөвлөмжийг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргадаг. 2019 оны 5 дугаар сард Комиссын 75 дугаар чуулган Бангкок хотноо болсон.  

-Манай улс энэ байгууллагын гишүүн орны хувьд ямар асуудлуудад голлон анхаарч ирсэн бэ?

-Монгол Улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. 

Өнгөрсөн хугацаанд Манай Засгийн газрын төлөөлөгчид комиссын ээлжит чуулган, хороодын хурал, зөвлөгөөнд тогтмол оролцож, нийгэм, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцуулж, бүс нутгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар саналаа илэрхийлж, ач холбогдол өгдөг зарим асуудлаар тогтоол санаачлан батлуулж ирсэн. Тухайлбал, 

  •  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хөндсөн эрчим хүчний хамтын ажиллагааны тухай тогтоол /2007 онд/,
  •  Бүх нийтийг эрүүл мэндийн суурь тусламжид хамруулах тухай тогтоол /2007 онд/,
  •  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвд дэмжлэг үзүүлэх тухай тогтоол /2009 онд/,
  •  Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай тогтоол /2009 онд/,
  •  Хөгжиж байгаа орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд хоршоолол, мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай тогтоол /2011 он/,
  •  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн бүс нутгийн механизмыг бэхжүүлэх тухай тогтоол /2017 онд/,
  •  Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээний хэрэгжилтийг Ази, Номхон далайн бүсэд нэмэгдүүлэх тухай тогтоол /2017 онд/ зэрэг тогтоолыг санаачлан батлуулсан. 

Тогтоол санаачлан батлуулах нь тухайн чиглэлээр Комиссын зүгээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт түлхүү хамрагдах боломжийг бий болгодог.

-Комиссын зүгээс манай улсад ямар тусламж, дэмжлэг үзүүлсэн бэ. Манай улс тус байгууллагын шугамаар ямар нэгэн төсөлд хамрагддаг уу? 

-2008 оноос хойш Монгол Улс тээврийн хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграц, уялдаа холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ногоон хөгжил, нүүдлийн шувуудыг хамгаалах, гамшгийн эрсдлээс урьдчилсан сэргийлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологи зэрэг чиглэлээр нийт 988.8 мянган ам.долларын өртөг бүхий 79 төсөлд хамрагдсан.

Түүнчлэн, Комиссын санхүүжилтээр 2004 оноос хойш 160.1 мянган ам.долларын өртөг бүхий нийт 40 гаруй арга хэмжээг манай улсад зохион байгуулаад байна. Үүнээс гадна, тус байгууллагын шугамаар жил бүр манай дотоодын байгууллагын 30 гаруй мэргэжилтэн худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, ашигт малтмал, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, аялал жуулчлал зэрэг чиглэлээр сургалт, семинарт хамрагдаж, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө авч ирсэн.  

-Комиссын 75 дугаар чуулганыг 2019-2020 онд манай улс даргалж буй талаар өмнө нь мэдээлж байсан. Өмнө нь манай улс даргалж байсан уу?

-АНДЭЗНК-ын 45 дугаар чуулганыг 1989-1990 онд, 55 дугаар чуулганыг 1999-2000 онд Монгол Улс даргалж байсан. Үүнээс 20 жилийн дараа буюу 2019-2020 онд АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг Монгол Улс даргалж байна. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд ийнхүү АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргаар сонгогдон ажилласан нь манай улсын нэр хүндийг НҮБ-ын систем болон Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд өргөсөн үйл явдал болсон.

 

-Чуулганыг даргалах өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс ямар асуудлуудыг шийдүүлж чадсан бол? 

-Энэ хугацаанд Монгол Улс Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын төгсгөлийн баримт бичиг, мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийн асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх тогтоолуудыг тус тус санаачлан батлуулсан. Түүнчлэн, манай улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл болон Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвийн Удирдах зөвлөлийн 2019-2022 оны гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна. 

Үүнээс гадна манай яамны санаачилгын дагуу АНДЭЗНК болон Гадаад харилцааны яамны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын судалгааны төвүүдийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлсэн. АНДЭЗНК-ын даргалах хугацаанд манай улс худалдааг хөнгөвчлөх асуудлаарх Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/-т нэгдэн орох асуудлыг урагшлуулж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар 2019 оны 12 дугаар сард УИХ-аар батлуулаад байна.

Үүний дагуу бид 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж буй. Энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор бид Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг нийт 3 тэрбум гаруй хэрэглэгчтэй 6 улсын зах зээлд нэвтрэн орж, 10,677 нэр төрлийн бараанд 5%-100% хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм. 

-Энэ сарын 21-ний өдөр НҮБ-ын АНДЭЗНК-ын 76 дугаар чуулган болно гэсэн. Манай улсын дараа ямар улс тус комиссыг даргалах вэ?

-Дэлхий нийтэд COVID-19 цар тахал тархсантай холбогдуулан чуулганыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. Цахим чуулганд нийт 53 гишүүн орон бүгд оролцоно. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болох НҮБ-ын АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы нээлтийн үйл ажиллагааг удирдах бөгөөд нээлтийн дараа чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш улсад хүлээлгэн өгнө. 

 

Эх сурвалж: ГХЯ

x