Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганхуяг: Цахим мөнгө бол харилцагчдад банкны үйлчилгээг сонгодог утгаар нь олгоно

ikon.mn
2020 оны 5 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

“Ард санхүүгийн нэгдэл” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай цаг үеийн асуудлаар цахимаар ярилцлаа. Тэрээр эдүгээ Унгарын Будапешт хотноо гэр бүлээрээ амьдарч буй юм.

-Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орсон асуудал сүүлийн өдрүүдэд ихээхэн анхаарал татаж байна. Өмнө нь ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Одоо Европын холбооны хар жагсаалтад орж байгаа нь манай улсад ямар нөлөөлөл үзүүлэх зүйл болчихов оо. Энэ асуудлаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсад өнгөрсөн жил албан ёсоор саарал жагсаалтад орох нөхцөл бүрэлдэж өнгөрөгч 10 сард орсон байдаг. ФАТФ буюу олон улсын санхүүгийн салбарын ажлын хэсэг манай улсын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээг хянан хэлэлцэх асуудлыг 6 сард хийхээр төлөвлөсөн байсан ч энэ үеэр дэлхий нийтээр цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор саарал жагсаалтад орсон бүх улсын хугацааг 10 сар руу хойшлуулах шийдвэр гарахад Монгол, Исланд хоёр улс саарал жагсаалтаас гарах завсрын үеийн шалгалтыг хийлгэе гэдэг хүсэлтийг тавьж тэд зөвшөөрчээ. Тэр нь эрх баригчдын хувьд өнөөдрийг хүртэл хийгээд байгаа хууль эрх зүйн орчны ажлууд, ахиц дэвшлээ шалгуулъя гэсэн санаа. Ингээд ФАТФ зөвшөөрч ирэх 6 сард үнэлгээ хийхээр болсон. Түүнтэй зэрэгцээд хоёр хоногийн өмнөөс Европын холбооноос манайд мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудлаар дараагийн алхмыг хийхээр яригдаж эхэлсэн. Үүн дээр Монголбанк, Сангийн яам, Гадаад харилцааны яам холбогдох асуудал хариуцаж байгаа байгууллагууд нарийн хариултыг өгөх нь зөв байх. Энэ бол эцсийн байдлаар шийдэгдсэн асуудал биш бөгөөд ирэх 1-2 сарын дотор эцэслэгдэн шийдэгдэнэ. Асуудлыг дараагийн шатанд гаргаж ирж сануулга өгч байгаа зүйл болов уу гэж харж байна. Нөгөө талаас ЕХ-ны хар жагсаалтад орсноор ямар сөрөг нөхцөл байдал, хориг тавигддаг нь бас л тодорхойгүй байна. 

-Манайх 2017 оноос эхлээд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрийн биелэлт 80-85 хувийн хэрэгжилттэй байгаа талаар Сангийн сайд саяхан мэдэгдсэн. Гэтэл энэ хөтөлбөрт дахин хамрагдах асуудал яригдаж эхэллээ. Үнэхээр тийм нөхцөл байдалд тулчихав уу?

-Би та бүхэнтэй адилхан, зарим талаараа бага мэдээлэлтэй байгаа. Санхүүгийн салбарт оролцож байгаа ч бодлого тогтоох төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөшигний цаана гарч байгаа яриа, хэлэлцээрийн талаар үзэгчийн байр сууриас өөрийнхөө дүгнэлтийг хэлж байгаа. Ер нь улс төрийн сонгуулийг угтуулаад манай зүгээс авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ өмнөх ОУВС-тай хийсэн тохирооноос гажаад явчихсан. Бид төсвийн зардлаа танаж илүү ухаалаг болгох, хямралтай байгаа үед тэвчиж болох зардлуудаа хойш нь тавьж байгаад дараагийн жилүүдэд хийгдэх улсын өрүүдээ цэгцлэх ёстой байсан. Сонгуулийн дараа амьдрал байхгүй юм шиг шинэ оноос эхлээд тэтгэврийн өрийг тэглэх, банк санхүүгийн салбарт нарийн тооцоо хийхгүйгээр дарга нар гарч ирж том том амлалт өгч байна. Энэ нь хоёр талдаа үл ойлголцох байдал, бухимдлыг бий болгож, эргэлзээг улам нэмэгдүүлж итгэлцлийг алдагдуулж байгаа юм. Ингэж явж байгаад л ОУВС-нд хамгийн хүнд хэцүү үедээ очоод наалддаг. Улсаа дампууралчихгүйн тулд хамгийн сүүлд очиж мөнгө зээлдэг олон улсын төв банк гэдэг чинь ОУВС юм. Үүн дээр би хоёр талтай хандаж байгаа. Хямралын үед бэлэн мөнгө эдийн засагт оруулах нь сайн нөлөө үзүүлэх болов уу гэдэг бодолтой байна. 

Нөгөө талаар өнөөдөр бол экспорт багассан, өр зээл төлөгдөх хугацаа дөхөөд байгаа. Бид гүүрэн дээгүүр нь гарчхаад буцаж тэр гол дээгүүрээ гарахгүй юм шиг гүүрээ шатаадгаа больчихмоор байгаа юм. Аливаа бизнес хэлэлцээр, гэрээ хийхэд түншүүдийнхээ итгэлийг олон дахин алаад баймааргүй байгаа юм. Одоо бол олон улсад ОУВС-аас туслалцаа авах урт дараалал үүсчихсэн байгаа. Венесуэл, Украин, гэх зэргээр 90 улс гуйж байна. ОУВС бол харж шилж байгаад л хамруулах асуудлаа шийддэг жишигтэй. 

-Дээр нь дэлхийг хамарсан цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал ч таагүй үргэлжилж байна?

-Дэлхий нийтээрээ сүйрэл рүү явж байна. АНУ түүхэндээ гаргаж байгаагүй их хэмжээний мөнгө эдийн засагтаа оруулж байна. Европын холбооны бүх улсууд “Ковид”-той холбоотой эдийн засгийн нөхцөл байдлыг хамгийн гарз багатайгаар даван туулах арга хэмжээг авч байна. Нэг талдаа вирус тархалт, нөгөө талдаа эдийн засаг, ажлын байр, ажил олгогчдынхоо асуудлыг анхаарахгүй бол болохгүй гэсэн тэмцэл үргэлжилсээр байна. Трамп гэхэд бизнесээ нээх ёстой. 100 гаруй мянган хүнээ энэ вируст алдахад бэлэн байна гэж байсан бол өдийд тэр тоо нь даваад явах нь тодорхой болсон. Тэр эрсдэлээ хүлээгээд бизнесээ цааш үргэлжлүүлэхгүй бол болохгүй гэдгийг тодорхой хэлээд байгаа. Италид өнөөдөр хамгийн өндөр тархалттай байгаа хэдий ч хөл хориогоо цуцалж байна. Франц, Герман нээж байна. Коронавирус бол бидний амьдралд байдаг хатгаа, хамрын ханиад гээд өвчинтэй хүн төрөлхтөн дасан зохицоод явсантай адил байх болно. Коронавирус ч цаашаа үргэлжлээд байх юм байна, яаж дасан зохицож явах вэ гэдгээ л бодох ёстой. Гэтэл бид нар өөр гариг руу онгоцонд суугаад явах гэж байгаа юм шиг л аашилж байна. Бизнес гадаад худалдаа гадаад аялал жуулчлал байхгүй. Үүнийг бэлдэх ажлыг ч хийхгүй байна. Хямрал ирж байгаа бол бид төсөв гажих нь тодорхой. Нийгмийн даатгалын шимтгэлээ авахгүй байя гэлээ. Энэ байдал цаашаа ч үргэлжилнэ. Татвараа энэ удаад авахгүй байя гэсэн ч, цаашаа ч үргэлжлэх болно - бизнес явахгүй байхад яаж татвар өгөх вэ дээ. Тэгэхээр төсөв орлогогүй болно. Тэр үед ОУВС-д хандахаас аргагүй. Бусад бүх доноруудаасаа мөнгөө гуйна. Тийм үе рүүгээ ухрах эрсдэл гарч ирж байна. 

-Цар тахлын үед авсан арга хэмжээний нэг нь зээлийн хугацааг хойшлуулах, хүүг бууруулах асуудал. Энэ асуудалтай холбогдуулаад банкны шинэчлэлийн талаар Засгийн газрын тэргүүн анхааруулсан. Энэ үйл явдалд та ямар байр суурьтай байна вэ?

-Банкны реформын хувьд У.Хүрэлсүх дарга анх зарласан. Хэлсэн арга хэлбэр нь ямар болсныг мэдэхгүй байна. Дараа нь Г.Занданшатар дарга ч энэ тухай мэдэгдсэн. УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад явж байна. Гол санаа нь улс орны хувьд нэг эзэнтэй банктай байхгүй байя, өөрчлөлтийг хийе гэсэн санаа. Бид нэг эзэнтэй байхаас залхлаа. Манай “Ард санхүүгийн нэгдэл” гэхэд 7000 эзэнтэй. Миний байгуулсан Хас банкны хамгийн том хувьцаа эзэмшигч нь 20 хувьтай л байна. 

Үүн дээр нэг зүйлийг хэлэхэд гадаад банк оруулж ирье гэж яриад байгаа. Үнэндээ Хаан, Хас банк дийлэнх олонх нь гадаад хувьцаа эзэмшигч байдаг шүү. Дараагийн алхам бол монголчууд бүгд хувьцаагаа эзэмшдэг банктай болъё. Түүнийг Ард санхүүгийн нэгдэл толгойлоод эхэлнэ. Тэр цахим мөнгөний зөвшөөрөл гараад ирэхээр иж бүрэн банкны үйл ажиллагаа явуулдаг банкнаас ч илүү үйл ажиллагаа явуулдаг компанийг бий болгоод өгье. Энэ зөвшөөрөл гарснаар манай хувьцааны үнэ өснө гэж бодож байгаа. Тэтгэврийн сангийн тухай хууль гараад ирэхэд манай хувьцааны үнэ өснө гэж бодож байгаа. Тэгэхээр реформ дээр бид гаднынханд найр тавих биш монгол иргэддээ боломж олгосон байх ёстой. 

Манай улсын үүдэнд гадны банкууд очерлоод “Монголчуудаа бид нар үйл ажиллагаа явуулмаар байна. Зөвшөөрөл өгөөч” гээд гуйж байгаа юм шиг ойлгуулаад байгаа. Тийм очер байхгүй. Манайх руу орж ирье гээд биднийг гуйгаад байгаа гадны банк байхгүй. Байсан бол аль дээр лицензээ өгчих байсан. Харин сүүлийн хэдэн жил Төлөөлөгчийн газраа салбарын статустай болъё гэж хүсэлт тавьж байгаа Хятадын Засгийн газрын өмчтэй “Bank of China” бий. Бид нар өнөөдөр хөрш зэргэлдээ Хятадаас 100 хамааралтай эдийн засгаа төрөлжүүлнэ, солонгоруулна. Хятадаас хамаарлаа багасна гэж ярьдаг хэрнээ хятад банк ямар нүүрээр оруулж ирээд хэнийг харж амьдрах вэ. Хятадын банк орж ирээд хамгийн түрүүнд Хятадын үйлдвэрүүдтэй хамтарсан компаниудад л зээл өгнө. Тэгээд л нөгөө шударга өрсөлдөөн байхгүй болно. Биднийг шахдаг болно. Манай энэ хүнтэй хамтарч ажилла, бизнес хий гэдэг болно. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улсын банкийг ямар ухаантан нь оруулж ирэх гээд байна вэ. Тийм банк орж ирснээр зээлийн хүү буурч амьдрал сайхан болно гэдэг үлгэр. Хятадад бид зээлийн үйл ажиллагаа явуулсан. Юаниар 30 хувийн хүүтэй зээл өгдөг байсан. Хятадад хамгийн бага хүүтэй байна гэдэг үлгэрээ одоо болих хэрэгтэй. Тэд орж ирээд 10 хувиар сулардаг, 10 хувийн инфляцтай, популист улс төртэй, хэт төвлөрсөн эдийн засагтай, авилгалд идэгдсэн улсад үйл ажиллагаа явуулах учир хүү одоогийн Монголын банкуудынхаас бага байх боломжгүй. 

-Бизнесүүдийн хувьд ч таагүй цаг үе үргэлжилж байна. Төр засгаас авч байгаа арга хэмжээ бизнесүүдэд хэрхэн нөлөөлж байна?

-Саяхан баар цэнгээний газрын эзэд жагсаал хийж харагдсан. Би бизнес эрхлэгчийг төлөөлдөг байгууллагын хувьд нэг л тодорхой байр суурьтай байгаа. Баар цэнгээний газрууд татварт үлэмж их хэмжээний мөнгийг өгдөг. Зөв аргаар өгдөг, буруу аргаар өгдөг гэх зөндөө яриад байдаг. Түүнийг устгахын төлөө явах ёстой. Бид нар аялал жуулчлалыг хөгжүүлнэ, үр хүүхдэдээ баян чинээлэг улс орон үлдээнэ гэж байгаа бол үйлчилгээний соёлын стандартуудаа хадгалах ёстой. Бусдаас ялгаатай байх гээд хичээж байгаа бол илүү л байх ёстой. Чи ийшээ тэдний өдөр орж болно, найз нөхөдтэйгөө уулзаж болно гэж төр нь иргэнээсээ илүү хүчтэй байдаг, эрхтэй байдаг тогтолцоо дэмий. Хүн өөрөө өөрийнхөө хувь тавиланг мэдээд, сонголтоо хийгээд явдаг нийгмийг залуус хүсэх ёстой. Энэ газрууд маш олон хүнийг ажлын байраар хангаж байгаа. Өнөөдөр Монголд вирус байхгүй байхад бизнесүүдээ хааж хорих нь утгагүй. Логик олж харахгүй байгаа юм. Чингэлтэй дүүргийг хаадаг юм байж. Бизнесүүдэд хүнд л байгаа. Яахав юу хийж бол байна гэдгээ харах хээрийн сургуулилт хийчихлээ. Үүнийг хэтрүүлээд ирвэл бидний яриад байдаг дарангуйллын шинж чанар руу орж эхэлнэ. 

Бүх бизнесүүдэд өнөөдөр хүнд байгаа. Оюутолгой маань өнөөдөр биднийг үүрээд яваад ирсэн. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад цаашид үргэлжлэх хүндрэлүүд үүсээд эхэлчихсэн. Нарийн мэргэжлийн нөхөд нь Монголд ирж чадахаа больчихсон. Бидний яриад байдаг ногдол ашиг, өргүй болох хугацаа улам цаашилж байна гэсэн үг. Дарханы зам гэж яриад байдаг. Хэдэн хятад оруулж орж ирээд хяналтаа тавиад ажлаа эхлүүлье гэхээр нийгэм давлагаалаад эсэргүүцэж байгаа нь нөгөө популистуудад шалтаг болоод л явчихна - тэд чинь олон түмэнд таалагддаг, Эх орончийн дүрд тоглож байгаа юм чинь. Үүн дээр хий үзэгдэл, айдсыг манай улстөрчид бий болгож байгааг эсэргүүцэж байна. 

-Энэ үед Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос авч байгаа арга хэмжээг санхүүгийн салбарт оролцогчийн хувьд хэрхэн харж байна вэ. “Ард санхүүгийн нэгдэл” Монголбанкнаас цахим мөнгөний зөвшөөрөл хүсээд байгааг дуулсан. Энэ ажил ямар шатанд явна?

-Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хувьд миний ажилладаг салбар гээд тал засч байгаа юм биш. Би өөрөө Сангийн яам, Монголбанкинд, Монголын Хөрөнгийн Биржид ажиллаж байсан.  Манай нэгдлийн хувьд 6 тусгай зөвшөөрөлтэй компани, 4 олон нийтийн компанитай ажиллаж байна. Манай салбар хамгийн өндөр мэргэжлийн, хамгийн боловсон хүчин сайтай, ямар ч улс төрийн томилгоогоор шинэ дарга ирэхэд сайн ажилладаг машин болчихсон байдаг. Өнөөдөр СЗХ, Монголбанкны арга хэмжээнд би сэтгэл нэлээд ханамжтай байгаа. Тэд хийх ёстой ажлаа хийх чадаж байна. 

2018 онд гарсан хуулийг дагаад Монголбанкнаас цахим мөнгөний журмыг гаргасан. Бид СЗХ-ноос зөвшөөрлөө авчихаад жаахан тайван хандаад байсан. Одоо Монголбанкинд зөвшөөрлөө авах өргөдлөө өгчихсөн. Олон нийтийн компани учраас хаанаас яаж мөнгөө олсон бэ гэхээс эхлээд бичиг цаас бүрдүүлэх ажил багагүй байсан. Удахгүй хариу гарна гэж харж байгаа. Манай цахим мөнгө Монголдоо хоёр дахь нь болно. Нэг нь “Мобиком” candy гэж урамшууллын оноон дээр зөвшөөрөл авсан байсан. Манайх бол төлбөр тооцоо хийх зориулалтаар гаргах, жинхэнэ утгаараа харилцагчдад манайхаас гаргах цахим мөнгөөр зээл авах, дэлгүүрт очоод худалдаа наймаа хийх, төлбөрөө хийх, мөнгө гуйвуулах, шилжүүлэх боломжийг сонгодог утгаар нь олгоно. Энэ үйл явдал “Ковид”-ын үед болж байгаагаараа бизнесээ дэмжье, мөнгийг эдийн засагт илүү их шахаж оруулъя, зээлийн нөхцөлийг сайжруулаад ББСБ нь зээлдэгчийнхээ өмнөөс алхам хийгээд төлбөр хойшлуулаад өгье гэсэн уур амьсгалтай зохицоод байгаа юм. Хөл хорионы нөхцөл байдал бидэнд боломж олгож байгаагийн нэг жишээ. 

Б.Энхзаяа