Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: ДЭМБ-аас улс орнуудыг хөл хорионы дэглэмээ сулруулахдаа анхааралтай хандахыг зөвлөсөн

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн улс орнуудын шинэ коронавирусийн тархалтын эсрэг авч буй арга хэмжээ болон халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Европ ба Ойрх Дорнод

ОХУ сүүлийн дөрвөн өдөр дараалан 10 мянга гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж байна. Нийтдээ 165 мянга гаруй тохиолдол боллоо. 1537 хүн энджээ. 

Халдварын тархалт цар тахлын хэмжээнд байсан Европын Франц, Испани, Итали, Ойрх Дорнодын Иран зэрэг улсад халдварын тохиолдлын тоо аажмаар тоо буурч байсан чиг хандлага ажиглагдаж байсан. Гэвч сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдлын тоо болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хандсан хүний тоо дээрх дөрвөн улсад огцом өслөө. Энэ нь хөл хорионы дэглэмийг сулруулж, хүмүүсийн нягтрал ихэссэний улмаас болсон гэж үзсэн байна. 

Испани улс онц байдлын хугацаагаа дахин 14 хоног сунгах шийдвэрийг тус улсын парламентаас гаргажээ. 

ДЭМБ-аас хийсэн ээлжит хурлын үеэр дэлхийн улс орнуудыг хөл хорионы дэглэмээ сулруулахдаа туйлын анхааралтай, нямбай хандахыг зөвлөсөн. Тархалтыг хяналтдаа бүрэн авах, тандалтын болон бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж байж, хөл хориог сулруулахгүй бол эргээд тун богино хугацааны дараа дахин хөл хориог мөрдүүлэх шаардлага үүсэх эрсдэлтэй талаар ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Тедрос анхааруулж, сануулсан байна. 

Герман

Герман улсад нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг шат дараатайгаар сэргээх арга хэмжээг авч эхэлсэн. Энэ талаар холбооны канцлер мэдээлэхдээ хүмүүс хоорондоо 1.5 метрийн зайнаас харилцах дэглэмийг зургаадугаар сарын 5-ны өдрийг хүртэл мөрдүүлж, бусад хязгаарлалтын арга хэмжээг үе шаттайгаар сулруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна. 

Тухайлбал, цаашид талбайн хэмжээнээс үл хамаарч бүх дэлгүүр, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээж, тавдугаар сард багтаан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэжээ. Ингэхдээ тодорхой бүс нутагт 100 мянган хүн амд ноогдох халдварын тохиолдлын тоо долоо хоногийн хугацаанд 50-аас дээш гарсан тохиолдолд хязгаарлалтын арга хэмжээг дахин мөрдүүлнэ гэдгийг сануулсан байна.

БНХАУ

БНХАУ-ын Хубэй мужийн Уханьд 120 гаруй сургуулийн хичээлийг хэсэгчлэн эхлүүлсэн байна. Их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх шаардлагын хүрээнд эхний удаад ахлах буюу төгсөх ангийн сурагчдын хичээлийг эхлүүлжээ.

БНЧУ

Бүгд Найрамдах Чех Улсад сүргийн дархлаа буюу ард иргэдийн дунд халдварын дархлаа бий болсон эсэхийг тогтоох зорилгоор дөрвөн өөр орон нутгаас эрүүл, ямар нэг шинж тэмдэггүй 26,500 хүнийг түүврийн аргаар сонгон эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийсэн байна.

Судалгаа шинжилгээнд хамрагдсан нийт хүнээс ердөө 107 хүнээс COVID-19 халдварын эсрэг эсрэг биет үүссэн нь тогтоогдсон тул хүн амын дундах дархлал тогтцын түвшин маш бага байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хүн бүр халдварт өртөх эрсдэл өндөр байгааг нотолж байна гэж мэдээлжээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.