Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулж, өнөөдөр мэдээлэл өглөө.

- Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

- Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдлын асуудал чухал байна. Бид хуулиараа тусгай албадлага, нэг хүнд хэрэглэх тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй. Сүүлийн үед баар цэнгээний газрын арга хэмжээг шалгасан цагдаагийн алба хаагчид халдсан, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд доромжлох үйлдлүүд гарч байна. Цагдаагийн алба хаагчид халдсан тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

- COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж байгаа зарим хязгаарлалт гэмт хэргийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?

- Оны эхний улиралд гэмт хэргийн гаралтууд буурсан. Энэ талаар тодорхой статистик мэдээллүүдийг удахгүй хүргэнэ. Гэхдээ ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй хүчирхийлэл үйлдэх, бие биеийнхээ эрүүл мэнд, амь насанд халдах хэргүүд нэмэгдэх хандлагатай байна.

- "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг саатуулаад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой хэргийг та бүхэн мэдэж байгаа. Мөрдөн байцаалтын явцад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэмт хэргийн хохирогч, холбогдогчийг шууд заасан, мөн бусдын бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэх мэт хэд хэдэн хэрэг дээр яллагдагчаар татаад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

- Оройн цагаар архи согтууруулах ундаа шаглан зарах хэрэг нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар?

- Цагдаагийн байгууллага тогтмол шалгалтуудыг хийгээд явж байгаа. Иргэд маань энэ төрлийн хэргийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж байх хэрэгтэй. Гар дээрээс болон дуудлагаар архи согтууруулах ундаа хүргэх үйлчилгээ зохион байгуулсан хэд хэдэн хэрэгт хариуцлага тооцсон.