Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас чартер нислэгүүд болон бусад асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр сургалтын төвүүдийг нээх, бэлтгэл ажлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор ганц зүйл хэлэх шаардлагатай боллоо. Курс, дамжаа болон сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад ЭМЯ, Шуурхай штабаас тодорхой зөвлөгөө, албан бичиг хүргүүлнэ. Маргааш Засгийн хуралдаанаар тодорхой шийдвэрүүд гарна.
Учир нь хоёр сар гаруйн хугацаанд сургалтын үйл ажиллагаа улс орон даяар зогссон тул анги танхимын бэлэн байдлыг хангуулах, сургалт явуулж буй хүмүүс өөрсдөөсөө хамаарах зүйлсийг хийх шаардлагатай байна. Сургалтын үйл ажиллагаа тодорхой хугацаанд явагдаагүй удсан тул сайтар цэвэрлэж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагаар хийлгэсэн байх ёстой. Ингэснээр тухайн сургалтын төв нээгдэх анхан шатны бэлтгэл хангагдах юм. Энэ талаар ЭМЯ, МХЕГ, ОБЕГ-ын веб сайтуудад урьдчилсан анхааруулгыг тавьсан.
Мөн сургалтын байгууллагууд сургагч багш нартаа зөвлөмж, албан бичигтэй нэг бүрчлэн танилцуулах хэрэгтэй. Тухайн сургалтын байгууллагууд сургалтад хамрагдаж байгаа хүнээ сайтар бүртгэхийг хүсэж байна.
Дараа нь бид холбогдох арга хэмжээнүүдийг хэрхэн авч ажилласан талаар шалгалт хийнэ. Ингэж хэлээд байхад бэлтгэлээ хангаагүй бол үйл ажиллагааг түр зогсоохыг анхааруулж байна" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!