Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Франц иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Дархан-Уул салбар, ХӨСҮТ-ийн хоёр лаборатори буюу нийт гурван лабораторид 161 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Шинжилгээний хариунууд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авсан. Коронавирусийн халдвар илрээгүй. Эмчилгээнд орохын өмнө эмч, сувилагч, үйлчлэгч нарын уушгины зургийг авч хадгалдаг. 14 хоногийн дараа үйлчилгээнээс гарахад нь шинжилгээ авч, уушгийг хянадаг юм.
  • Ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Үүний дотор Москвагаас ирж, Амар зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутан бий.
  • Тандалтаар 5 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 15 жолоочоос коронавирусийн халдвар илрээгүй.

Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ эрүүл гарч өнөөдөр дараагийн шатны хяналтад шилжих гэж байна. Тэрбээр 47 хоног эмчлүүлсэн, Энхсаран сувилалд тусгаарлагдана. Монгол эмч, эмнэлгийн ажилчид түүний биеэс коронавирусийг зайлуулж чадлаа. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсныг та бүхэн мэдэж байгаа. Франц улс өөрийнхөө иргэнийг харна, үүнийг дагаад дэлхий биднийг харна. 

Дэлхийн аль ч улс оронд монгол хүн өвдөх эрсдэл өндөр байгаа учраас бид бас жишиг болголоо. Энэ хүнийг эмчилж, эдгээж сайхан хандсаны хариуг бусад улсууд манай иргэдэд барих байх гэж бодож байна.

Бид уушгины нэвчдсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгааг онцгой анхаарч ажилладаг. Энэ шинжилгээг өдөр болгон хийж явсны үр дүнд франц иргэн эдгэрч гарлаа.

Амжилт хүсье" гэсэн мэдээллийг өглөө.

Бусад эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал, дунд, тогтвортой хүнд байгаа

Бусад эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал, дунд, тогтвортой хүнд байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

Манай улсад 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар коронавирусийн халдварын 38 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 10 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/1152300681777903/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.