Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

МСНЭ-ээс эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдийн асуудлаар мэдээлэл хийлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийн эрх зөрчигдсөн асуудлаар мэдээлэл хийлээ. 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Сэтгүүлчдийг ажлаа хийх боломжоор хангахгүй байх явдал гарсаар ирсэн. Сүүлийн үед хэтэрхий балмад шинжтэй болж байна. Хууль хяналтын байгууллагынхан сэтгүүлчдийг загнадаг байсан бол биед нь халддаг боллоо. Үүнийг нэг, хоёр хүний асуудал гэж харж болохгүй.

 

Тиймээс МСНЭ-ээс тухайн үйл явдалтай холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргасан. zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, dorgio.mn сайтын сэтгүүлч н.Баярмаа нарыг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож боомилсон явдал гарлаа. Энэ асуудлаар МСНЭ-ийн хуулийн баг, Удирдах зөвлөл хуралдаад эрс эсэргүүцэхээ илэрхийлсэн. Сонгууль дөхөж байгаа эгзэгтэй энэ үед сэтгүүлчдийг дарамталж, иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа явдалд сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалахаар тууштай ажиллана.

Хэрэв энэ асуудалд хариуцлага тооцохгүй, хуулийн дагуу авч үзэхгүй бол цар тахлын энэ үед гудамжинд гарч тэмцэхээс өөр арга алга. МСНЭ-д нэг хуульч сэтгүүлчдэд хууль зүйн зөвлөгөө өгч, өмгөөлөл үзүүлдэг байсан бол сонгуулийн жил буюу энэ оныг дуустал хоёр хуульч нэмж хуульчдын баг ажиллуулан сэтгүүлчдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө” гэлээ. 

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг “Төрийн хамгаалалттай цагдаагийн байгууллага дотор халдлагад өртсөндөө гомдолтой байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны 17:00 цагийн үед ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хоёрдугаар давхарт энэ үйл явдал болсон.

Тус албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат хурандаатай өрөөнд нь уулзсан. Би өмнө нь ТЕГ-ын дарга Д.Гэрэлтэй холбоотой баримтыг Ч.Чинбат хурандаад өгсөн байсан. Тэр баримтаа авах гэтэл надаас тэрхүү баримтыг аваагүй гэж худал ярьсан нь бид хоёрын маргалдах үндэслэл болсон. ТЕГ-ын дарга, генерал Д.Гэрэлийн хүү Аранзалын нэр дээрх компани Сэлэнгэ аймагт алтны уурхайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэнд нь хүний амь нас эрсдсэн. Мөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа.

 

Энэ талаар zarig.mn сайт 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр мэдээлсэн. Гэтэл арваннэгдүгээр сарын 29-нд Ч.Чинбат хурандаа над руу залгаад баримтуудаа аваад ир гэсэн. Би 40 орчим хуудас материал аваачиж өгсөн. Гэтэл энэ мэдээлэлтэй холбоотой шалгалт явуулахын оронд мэдээлсэн сэтгүүлчийг шалгасан. ТЕГ-ын дарга Д.Гэрэлтэй холбоотой баримтыг асуухад Ч.Чинбат хурандаа намайг өрөөнөөс гарахыг шаардаж, түлхэж, гар руу цохьсон. Гэтэл Ч.Чинбат хурандаа миний эрхэд халдчихаад "сэтгүүлч миний ажлыг хийлгэхгүй байна" гэж цагдаа дуудсан байсан. 

Харин би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Энэ хэрэг дээр албаны шалгалт эхлүүлсэн гэдэг мэдээлэл бий" гэлээ.

Dorgio.mn сайтын сэтгүүлч н.Баярмаа: "Цагдан хоригдож байгаа хүнийг суллахыг шаардсан хэвлэлийн бага хурал зарлагдсан. Уг хурлыг хийж байгаа хүмүүсээс сэтгүүлчийнхээ үүднээс асуулт асуухад надруу элдвээр дайрч, доромжилж, давшилж эхэлсэн. 

 
 

Хэвлэлийн бага хурлаас гараад явахад мэдээлэл хийсэн хүмүүсийн нэг нь араас түлхсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, гэмтлийн зэргээ тогтоолгоно.

Хэвлэлийн бага хурал хийж байгаа хүмүүсийн өгч байгаа мэдээлэл төрийн байгууллагаас өгсөн мэдээллэлтэй зөрж байгааг тодруулж асуусны төлөө ёс бусаар доромжлуулж, эрүүл мэндээрээ хохироод байгаадаа гомдолтой байна" гэв.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа: "Н.Өнөрцэцэгийн хувьд 8-9 асуудал дээр хариуцагчаар цагдаагийн байгууллагад дуудагдан шалгуулж байгаа. Гэтэл сэтгүүлчийн баримтыг авч устгах, эх сурвалжаа хэлэхийг шаардаж байгаа, гар утасны үйлдлийг хянаж байгаа нь маш ноцтой юм. Сэтгүүлчийн гаргаж тавьсан баримтад тулгуурлан албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн эсэхийг шалгаж тогтоодог жишиг ардчилсан улс орнуудад олон бий. Гэтэл манайд эсрэгээрээ сэтгүүлчийн ил гаргасан баримтаар сэтгүүлчээ дарамталж, элдэв нэр хоч зүүж байна. 

 

Тиймээс МСНЭ-ийн зүгээс ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субьект шалгах хэлтэс, Дүн шинжилгээ, дотоод хяналтын хэлтэс, АТГ болон УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандах болно" гэв.