Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болдсайхан: Сонгдо эмнэлэгт халдвартай хүн байхгүй. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, хүний гавьяат эмч Б.Болдсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Хүмүүсийг сандрааж, айлгаж цочроосондоо уучлал гуйж байна. 88 настай өвчтөн маань хавдрын дөрөвдүгээр зэрэгт орчихсон, туяа эмчилгээ  хоёр гурван удаа, хими эмчилгээ зургаа долоон удаа хийлгээд дархлаа нь их дарангуйлагдсан, манай эмнэлэгт сэхээнд хэвтэж байгаа хүн. Хүүхэд нь ОХУ-д явж байгаад ирсэн гэх түүхтэй. Дээрээс уушги нь хүнд байгаа тул сэжиглэх зайлшгүй тохиолдол. Нөгөө хүн нь арай залуу ч гэлээ уушгины хүнд хэлбэрээр дахин өвдөөд эдгэрэхгүй байгаа тул мөн л сэжиглээд, коронавирус байгаа эсэхийг шалгах ч ёстой.  

Манай эмнэлэг өөрийнхөө зардлаар өвчтнүүд, эмч сувилагч, ажилтнууддаа хамгаалах хэрэгсэл авсан. Мөн оношлуурыг нэмж авсан. Коронавирусийн халдвар авснаас 2-3 долоо хоногийн хугацаанд хүний дархлааны системд тэр вирусийн эсрэг тэмцдэг тусгай уургууд бий болдог. Уг оношлуур нь тэр хүний биед халдвар ороод дархлааны системд нь эсрэг биетийг бий болгоод цусанд нь явж байна уу гэдгийг үздэг.

Энэ дэлхий дээр 100 хувь оношилдог юм гэж хаана ч байхгүй.

Тиймээс өчигдөр нөгөө хоёр хүн дээрээ үзсэн. Залууд нь хүнд IgM +(өвөрмөц бус) гэж гарсан. Сэхээнд хэвтэж байгаа настанд IgG +( COVID-19 өвөрмөц) буюу коронавирусийн эсрэг биет үүсчихсэн байна гэж гарсан. Хоёр удаа хурдавчилсан оношлуураар үзэхэд хоёуланд нь эерэг гарсан. 

 Сонгдо эмнэлгийн хувьд хүнд байгаа өвчтөнөө хамгаалах үүднээс, үйлчлүүлэгчид болон Улаанбаатар хотын хүн амаа хамгаалахын тулд тусгаарлаад, нэг, хоёрдугаар хавьтлуудаа тусгаарлаж, бусад хүмүүсээ хөл хориод ХӨСҮТ-д хандаж мэдээлэл өгөөд PCR шинжилгээ өгсөн. Урд шөнө хариу нь ашгүй сөрөг гэж гарсан. 

Бид эмнэлэг дотроо бүх арга хэмжээгээ авч, тусгаарлалтуудаа хийсэн. 

Өөрөөр хэлбэл, COVID-19 тест (+), PCR (-) гэдэг нь одоо вирусгүй гэсэн үг. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай ба вирусийн эсрэг биет үүссэн байж ч болно. Хэрвээ тийм бол сайн.  

Мөн бид тандалтын зорилгоор 40 хүнийг уг тестээр үзэхэд (-) гарсан. Энэ нь хятадад шинээр гарсан тестийг МедИмпекс компани оруулж ирээд бид ЭМЯ-нд өгсөн" гэв. 

"Өвөл хүнд өвдсөн гэж өөрийгөө сэжиглэж байгаа бол энэ хурдан оношлуураар үзүүлээд биед нь эсрэг биет төрсөн байна уу гэдгийг үзэх хэрэгтэй"

Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Бид нар бол эмч сувилагч нар. Улс төрч, дарга нар биш тул хүмүүсээ хамгаалахын тулд нуугдмал байсан ч ил байсан ч илрүүлэхийг бодно. Тиймээс ч тандалт 40 хүнд хийсэн. Үнэхээр бидний хийх ёстой ажил байсан. Эмнэлэгт байсан гаднын хүмүүсээс зарим нь шөнө, зарим нь өглөө явсан. 206 хүн маань үлдсэн. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Сонгдо эмнэлэг дээр вирусийн халдвартай, халдвартай хавьтагч хүн байхгүй. Өчигдрийн ярианаас болоод амбулатороор үйлчлүүлж байгаа хүмүүс арай бага байна.

COVID-19 гэх өвчин хүн төрөлхтний түүхэнд цоо шинэ зүйл. Тиймээс оношлох, судлах, эмчлэхийн хувьд хүртэл цоо шинэ. Бид туршлагаа хуримтлуулаад л явна.

Дараагийн удаа ийм тохиолдол гарсан ч бид ажлаа хийх л болно. Улс төрийн шалтгаан хэлээд суухгүй. Сэжиглэж байгаа бол шинжилгээ хийнэ. 3 сая 300 мянган хүн дотор 30 хүн гэсэн үг биш шүү дээ. PCR-ын оношилгоо хийсэн 3,000 хүний дотор л 30 хүн байна гэсэн үг. Цаана нь байгаа үгүйг бид мэдэхгүй.

Иргэдэд хэлэхэд өвөл хүнд өвдсөн гэж өөрийгөө сэжиглэж байгаа бол энэ хурдан оношлуураар үзүүлээд биед нь эсрэг биет төрсөн байна уу гэдгийг үзэх хэрэгтэй гэж бодож байна. Яам эмнэлгүүддээ үүнийг зөвшөөрөөсэй гэж бодож байна" хэмээв. 

/2020.04.15/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/220444689188767/

 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.