Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Ипотекийн зээлээ хойшлуулахад нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй"

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээл авсан иргэдийн зээл төлөх хугацааг 3 хүртэлх сараар хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэр хэрхэн хэрэгжих талаар Монголбанкнаас тодрууллаа.

- Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ?

- Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана.

- Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой юу?

- Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн 3 хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна.

- Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?

- Зээлийн төлбөрт нь 2020 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулна.

- Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ?

- Зээлдэгч зөвхөн нэг удаа 3 хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно.

- Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт материал, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?

- Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкандаа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай.

- Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?

- Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй.

- Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?

- Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөрийг 3 сар хойшлуулсны дараа 4 дэх сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.

- Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?

- Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа 3 сараар сунгагдаж, 2030 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусна.

- Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?

- МИК ОССК ХХК-иас нэмэгдүүлсэн хүүг ямар хэлбэрээр банкны харилцагчдад буцаан олгох талаар ойрын хугацаанд банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна.

- Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?

- Монголбанкнаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д холбогдох өөрчлөлтийг оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр болсон тул зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.