Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Боловсролын чанар тааруу байгаа гэдгийг бид систем дотроо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй"

Ч.Болортуяа
2020 оны 3 сарын 25
iKon.MN

"Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн энэ Даваа гарагийн дугаараар хөл хориогоос үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөх вэ сэдвээр ярилцав. 

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/mongoltv/videos/817492198747710/

"Нүүдэл шийдэл" нэвтрүүлэг оролцогчдын онцлох эшлэлийг хүргэж байна. 

Боловсролын чанар тааруу байгаа гэдгийг бид систем дотроо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй
 

МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ Д.ЦЭЦЭГМАА

  • Теле хичээлүүдийн хувьд хамгийн сайн шилдэг багш нар  зааж байгаа. Теле хичээлээр дамжуулаад нэгдүгээр сургуулийн багшаар хотын захын болон хөдөө, сумын хүүхдүүд хичээлээ заалгаж байгаа нь давуу тал болж байгаа.
  • Ерөнхий хичээлүүдийг агуулгыг харахаар онолын мэдлэгийг тайлбарласан заах арга барилаар явуулаад байна. Үүн дээр тухайн сургуулийн удирдлага, багш нар менежмент хийгээд явж байгаа нь харилцан адилгүй байгаа байх.
  • Миний харж байгаагаар хувийн сургуулийн сурагчийн араас багш нь сайн явж байна. Эцэг эхтэй нь, сурагчтайгаа байнга холбогдож байна. Хийсэн хичээлийнх нь даалгавруудыг авч хянаад зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Хувийн сургуулиуд төлбөр авсан учраас хариуцлагатай хандаж байна гэж харж байна. 
  • 12-р ангиа төгсөж байгаа сурагчдыг олон хичээл рүү самгардуулахгүй ЭЕШ өгөхөөр сонгосон хэдэн хичээлд нь анхаарч бэлдэх хэрэгтэй.
  • Хөл хорионы үед эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлд оролцох оролцоо нь эрс нэмэгдэж байгаа нь давуу талтай юм. 
  • Боловсролын чанар тааруу байгаа гэдгийг бид систем дотроо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
  • Сургууль сурагчдаа зөвхөн өөрийн үнэлгээгээр дүгнээд хөндлөнгийн үнэлгээ авахгүй байх нь өрөөсгөл юм.
Өмнө нь хүүхдийг өөр сурагчтай харьцуулдаг байсан бол одоо өөртэй нь харьцуулдаг болсон
 

БСШУСЯ-НЫ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Т.НЯМ-ОЧИР

  • 2019-2020 оны хичээлийн жилд батлагдсан сургалтыг төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу боловсролын хүрээлэнгээс теле хичээлээр заах ёстой агуулгыг баталж гаргасан.
  • ОУ-ын сургалтаар хичээлээ  явуулдаг, нэмэлт хөтөлбөртэй сургуулиудад агуулга зөрсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ батлагдсан агуулгын хүрээнд тохирц нь 90 гаруй хувьтай байгаа.
  • БСШУСЯ-ны зүгээс хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд танхимаар болон зайнаас батлагдсан хөтөлбөр агуулгаа бүрэн олгохыг зорьж байгаа.
  • 4-р сарын 30-нд хичээл орох юм бол цаана нь 39 хоногийн танхимын сургалт явагдана. Иймд 39 хоногийн танхимын сургалтаар теле хичээлээр авсан агуулгаа хэрхэн бататгах уу, хоцрогдолтой байгаа сурагчидтайгаа хэрхэн ажиллах вэ гэдгийг нэгдсэн бодлогоор ч, сургуулиудын доторх зохицуулалтаар ч тэр зөвлөмжөө өгөөд ажиллаж байна.
  • Ихэнх сурагчид ахлах ангид ороод мэргэжлээ сонгочихсон тухайн чиглэлээр нь ямар их, дээд сургуулиуд элсэлт авдаг талаар мэддэг учраас ЭЕШ өгөөд сургуулиа сонгоход их хугацаа шаардахгүй гэж харж байна.
  • Өмнө нь хүүхдийг өөр сурагчтай харьцуулдаг байсан бол одоо өөртэй нь харьцуулдаг болсон. 20 оноотой, 50 оноотой хоёр сурагчийг хоёуланг нь ижилхэн "F" гэж дүгнэж болохгүй болсон. Нэг нь сургалтын агуулгаа 20 хувь ойлгосон, нөгөөх 50 хувь ойлгосон гэсэн үг. Сурагчийн үнэлгээний журамд өөрчлөлт орсон зүйл бол энэ.
  • 2019 онд Монгол Улсын хэмжээнд бүх сургуулийг оролцуулсан чанарын үнэлгээг хийсэн. Иймд энэ жил анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсандаа эмзэглэхгүй байгаа. Яагаад гэвэл хүссэн хүсээгүй сургууль бүрийн чанарын судалгааг хийж чанарыг гаргаж ирнэ. Тиймээс сургуулийн удирдлагууд болон багш нар сургалтын чанараа унагаахгүй улам нэмэхийн тулд уялдаа холбоотой хичээж ажиллах хэрэгтэй юм.
21-р зууны иргэн хүнд тавигдах нэг шаардлага бол цахим орчинд ажиллах чадвар
 

МУИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ч.ЛОДОЙРАВСАЛ 

  • Цахим сургалт нь багш нарын хувьд ч тэр, оюутан сурагчдын хувьд ч шинэ сорилт болж байна.
  • МУИС гэхэд 600 гаруй багш долоо хоногт 4,800 оролтын хичээлийг цахимаар бэлдэж хүргэж байна.  Оюутнуудын хувьд 50 нь нийслэлээс, 50 нь орон нутгаас хамрагдаж байгаа.
  • 21-р зууны иргэн хүнд тавигдах нэг шаардлага бол цахим орчинд ажиллах чадвар. Энэ хөл хорины үед сурагчид цахим орчинд ажиллах чадварт суралцаж байгаа нь давуу тал юм. Мөн хичээл хоцрогдолтой байгаа сурагчдын хувьд өмнөх ангийн хичээлээ үзэж болж байна.
  • Нэгэнт цахим орчинд суралцах чадвар эзэмшсэн хүүхэд их сургуульд элссэний дараагаар хоцрогдсон агуулгаа богино хугацаанд нөхөөд сурчих боломж бий. 
  • Их дээд сургуулийн багш нар ихэнх хичээлээ цахим болгож байна.  Шаардлагатай гэж үзвэл их, дээд сургуулиуд элсэгчдэд зориулсан нэгдүгээр курсэд үздэг суурь хичээлүүдийн агуулгыг цахим хэлбэрээр бэлдэж нээлттэй болгож болох хувилбар бас бий.
Сургалтын чанарт гурван зүйл шууд нөлөөлж байгаа.  Нэгдүгээрт улсын эдийн засаг, хоёрдугаарт нь багшаас, гуравдугаарт эцэг, эхийн оролцоо
 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Ж.ГАН-ЭРДЭНЭ 

  • Энэ жил улсын шалгалтын дүнг явцын шалгалтын дүнгээр тооцох зааварчилгаа гарсан. Явцын үнэлгээ гэдэг нь 1, 2 удаагийн шалгалтын дүн биш. Тухайн хүүхдийн өнгөрсөн хугацаанд суралцаж ирсэн оролцоо, идэвх зэрэг хамаарна.
  • Танхимаар хичээл орохгүй байлаа гээд тухайн хүүхдийг дүгнэхгүй байгаа гэсэн үг биш.  Онлайнаар хүүхдүүддээ даалгавар өгөөд буцаж шалгаад хяналт тавиад  мэдэхгүй зүйлийг нь тайлбарлаж өгөөд дүгнээд явж байгаа сургуулиуд байгаа.
  • Агуулгын хэрэгжилт ямар байсан нь намар чанарын үнэлгээний судалгаагаар харагдана. Бусдаар аль болох сурагчдаа хохироохгүй байх тал дээр багш нар хичээж байна. Эцэг эхчүүд ч анхаарч байна.
  • 12 дугаар анги төгсөж ЭЕШ өгөх сурагчдад хандаж хэлэхэд ЭЕШ авахдаа үзээгүй агуулгын сэдвийг шалгалтын материалд оруулахгүй.
  • 4 дүгээр сарын 30-нд хичээл орно гэсэн 100 хувь баталгаа байхгүй учраас 5 дугаар сарын эхээр ЭЕШ-ын агуулгыг Боловсролын үнэлгээний төвөөс зарлана.
  • Шаардлагатай нөхцөл үүсвэл ЭЕШ-ын материалд 12 дугаар ангийн агуулгыг оруулахгүй байж болно.
  • Сурагчдын чанарын үзүүлэлт сүүлийн 20 жилийн турш нэг түвшинд явж байгаа. Сурагчдыг массаар нь дүгнэхээс илүү сурагч нэг бүрийн ахиц дэвшил ямар байгааг дүгнэдэг ОУ-ын хандлага гараад ирлээ.
  • 2018 онд боловсролын салбарт нэг том шинэчлэл хийгдсэн нь сурагчийн үнэлгээний журам шинэчлэгдсэн явдал юм. ОУ-д тухайн хичээлийн агуулгынхаа 30-40 хувийг мэдсэн байхыг хэвийн гэж үзэж байгаа. Энэ нь дүнгийн хойноос хөөцөлдөхөө больж байна гэсэн үг. Манайх энэ журмыг барьж эхэлж байна.
  • Сургалтын чанарт гурван зүйл шууд нөлөөлж байгаа.  Нэгдүгээрт улсын эдийн засаг, хоёрдугаарт нь багшаас, гуравдугаарт эцэг, эхийн оролцооноос  хамаарч байна.
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.