Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Сөүл" ХХК Засгийн газарт 1,000 оношлуур хандивлана

ikon.mn
2020 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн 160 гаруй улсад өнөөдрийн байдлаар 276 мянга гаруй хүнд халдварлан тархаад байгаа COVID-19 вирусийг богино хугацаанд 99.9 хувийн нарийвчлалаар тестлэн оношлох оношлуурыг БНСУ-д нэвтрүүлж эхэлжээ.

Тус улсад халдвар бүртгэгдэж, тархалт газар авахтай зэрэгцэн урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх үр дүнтэй арга, технологийг бий болгоход Засгийн газраас анхаарал хандуулан эрчимтэй ажилласны үр дүнд био технологийн компаниуд дээрх оношлуурыг гурван долоо хоногийн хугацаанд хиймэл оюун ухаанд суурилан бүтээсэн байна.  

Засгийн газраас уг оношлуурыг клиникт нэвтрүүлэхэд албан ёсны зөвшөөрөл, лицензийг олгох асуудлыг долоо хоногийн дотор шуурхай шийдвэрлэжээ. Ердийн үед энэ процесст 1.4 жилийн хугацаа зарцуулдаг аж.

Анагаах ухааны хөгжил, эмнэлгийн менежментээр дэлхийд тэргүүлэгч БНСУ-д тус оношлуурыг дотоодын хэрэгцээнд төдийгүй 30 гаруй орны захиалгаар маш олноор нь үйлдвэрлэж эхэлсэн байна. 

Одоогоор био технологийн гурван компани үйлдвэрлэж байгаа ба үйлдвэрлэлийн хэмжээ долоо хоногт сая ширхгээр хэмжигдэж буй ч захиалгыг гүйцэхэд амаргүй байдал ч үүсжээ.

Мөн дотоодын хэрэглээндээ нөөцлөх бодлогыг Солонгосын Засгийн газраас баримталж эхэлсэн байна.

Тэгвэл Д.Өнөрболор захиралтай “Сөүл” группийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү 2019-n "Cov Assay" гэх оношлуураас 1000 ширхгийг БНСУ-ын "Seegene" компанид захиалгаар хийлгэн Засгийн газартаа хандивлахаар болжээ. 

Үйлдвэрлэгчийн зүгээс Монголын талын захиалгыг тусгай дараалалгүйгээр нэн даруй нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа аж. Мөн уг оношлуурыг ХӨСҮТ-ийн лабораторид шууд ашиглах боломжтой юм байна.

Иймд БНСУ-аас ойрын хугацаанд дээрх 1,000 ширхэг оношлуурыг Монгол руу яаралтай тээвэрлэн авчрах бололцоог бүрдүүлж, холбогдох байгууллагуудад чиглэл өгч, туслалцаа үзүүлнэ үү хэмээн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд “Сөүл” ХХК-иас бичгээр ханджээ.

 

 

Эх сурвалж: Сөүл ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.