Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин 83 нас хүртлээ ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж магадгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Владимир Путин 83 нас хүртлээ ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж магадгүй боллоо
Sara, ikon.mn - text to speech

Өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилснаар 2024 онд дахин сонгогдох боломжгүй болох гэж байгаа билээ.

Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.

Харин Путин өчигдөр Оросын парламентын доод танхимд үг хэлэхдээ ерөнхийлөгчийн дахин сонгогдох тоонд тавьсан хязгаарыг онцгой тохиолдолд цуцлах боломжийг үндсэн хуулинд оруулах саналыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.

Түүнийг үг хэлэхийн өмнө Нэгдсэн Орос намын хууль тогтоогч, дэлхийн анхны сансрын нисгэгч эмэгтэй Валентина Терешкова ийм саналыг парламентад өргөн барьсан юм.

Үндсэн хуульд ямар ч өөрчлөлт хийсэн Владимир Путин ард түмэндээ ойр байх ёстой гэж сонгогчид нь үзэж байгааг Терешкова үндэслэл болгосон байна.

“Гэнэт бүх зүйл буруугаар эргэвэл яах вэ? Ямар ч тохиолдолд Путин бидний дэргэд байж, улс орондоо тус дэм болох ёстой” гэж тэр хэлжээ.

Терешковагийн саналыг дэмжиж байгаагаа Путин илэрхийлэхдээ Их Хямралын үе, Дэлхийн Хоёрдугаар дайны үед АНУ-ын ерөнхийлөгч Фрэнклин Рузвельт дөрвөн удаа сонгогдон ажиллаж байсан түүхийг жишээ болгосон байна.

“Улс орон уналт, хүндрэл бэрхшээлтэй тулгарсан цаг үед тогтвортой байдал нэгдүгээрт тавигдана” гэж хэлсэн Путин Орос улс одоо ч 1991 оны Зөвлөлт Холбоот Улсын задралаас эхлэлтэй хямралаас бүрэн гарч чадаагүй байгааг сануулжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Өмнөх ерөнхийлөгч төдийгүй бусад ямар ч хүний дахин сонгогдох боломжийг хязгаарлахгүй байх санал яригдаж байна. Гэхдээ ганцхан тохиолдолд энэ саналыг дэмжих ёстой. Үндсэн хуулийн зарчим, гол заалтуудтай уг санал зөрчилдөхгүй байгааг үндсэн хуулийн шүүх албан ёсоор баталсан тохиолдолд дэмжинэ” гэсэн юм.

Хэрвээ дээрх заалтыг үндсэн хуульд нэмж оруулахыг парламент дэмжвэл Владимир Путин 2036 он хүртэл буюу 83 нас хүртлээ ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой болно.

Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный энэ саналыг Путиныг насаар нь ерөнхийлөгчийн суудалд суулгах зорилготой алхам гэж мэдэгдсэн бол түүний холбоотон Иван Жданов үүнийг төрийн эргэлттэй дүйцэх үйлдэл гэж нэрлэжээ.

Оросын сөрөг хүчнийхэн үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаалыг гуравдугаар сарын 21-нд зохион байгуулахаар зөвшөөрөл хүссэн байна.

 

Эх сурвалж: Reuters