Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

Такэши Касай: Олон улс, байгууллагууд Covid 19-ийн эсрэг эм гаргаж авахаар ажиллаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллагуудын ээлжит видео хурал өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-нд болжээ.

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Такэши Касай тусгай хөтөлбөр гарган бүсийн 10 гаруй улсын Эрүүл мэндийн сайд, удирдах албан тушаалтнуудтай коронавируст халдвар үүсээд буй нөхцөл байдлын талаар хуралдсан байна.

Онлайн хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улс коронавируст халдварын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудал, түүнийг даван туулж буй туршлагаа танилцуулжээ.

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Такэши Касай “Эмийн тухайд сайхан мэдээллүүд сонсогдож байна. Маш олон улс, олон байгууллагууд өнгөрсөн туршлага дээрээ үндэслээд эм гаргаж авахаар ажиллаж байна. Бид бүгдээрээ л үр дүнтэй эм хурдан гараасай гэж хүсэж байгаа билээ.

Бүх хөрш улс орнууд маань сэтгэл санааны эв нэгдэлтэйгээр мэдээллээ хуваалцсанд талархаж байна. Шинээр гарсан өвчнийг бүрэн ойлгоход эдгээр мэдээлэл маш чухал. Сүүлийн хэдэн жил бид бүхэн сэргэн халдварлах өвчний эсрэг стратегийн дагуу бэлэн байдлыг бий болгохоор ажиллаж ирсэн нь одоо үр дүнгээ гаргаж байгаа гэхэд болно.

 Гэсэн хэдий ч дор бүрнээ өөрсдийн тогтолцооны чадавхаа бэхжүүлэхэд анхааран ажиллах шаардлагатай.  Мөн энэ өвчний чиглэлээр мэдлэг, туршлагатай болсон улс орнууд нь бүсийнхээ бусад улс оронд дэмжлэг туслалцаа үзүүлэх нь чухал юм.  Хамт ажиллаж байгаа багийн гишүүддээ талархаж буйгаа илэрхийлье. Цаашид нөхцөл байдал яаж эргэхийг мэдэхгүй ч эв нэгдэлтэй байвал энэ өвчнийг амжилттай даван туулна гэдэгт итгэж байна” гэжээ.

Түүнчлэн хурлын үеэр ДЭМБ, БНХАУ-ын хамтарсан баг БНХАУ-д хоёр долоо хоногийн хугацаанд ажилласан бөгөөд ажлын дүгнэлт, зөвлөмжийг бүсийн орнуудад танилцуулсан байна.

Цахим хурлын бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.