Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн агаарын цохилтод Туркийн 29 цэрэг алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сирийн баруун хойд Идлиб мужид өчигдөр орой тус улсын засгийн газрын зэвсэгт хүчин агаарын цохилт өгсний дараа Турк улсын армийн 29 алба хаагч алагджээ. Мөн тодорхойгүй тооны цэргийн алба хаагч шархдсан байна.

Идлиб бол Ассадын дэглэмийн эсрэг тэмцэгчдийн сүүлчийн түшиц газар юм. Энэ бүс нутагт хяналтаа тогтоохоор Сири болон Туркийн эрх баригчид өрсөлдөж байна.

Сирийн засгийн газрын армийг ОХУ агаарын цохилтоор дэмжиж байгаа.

Өчигдөр орой Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нийслэл Анкарад шуурхай хуралдаж, Сирийн цохилтын эсрэг авах хариу арга хэмжээний талаар армийнхантайгаа хэлэлцсэн байна.

Үүний дараа Сири дэхь Туркийн зэвсэгт хүчин Ассадын цэргийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж эхэлжээ.

Туркийн зэвсэгт хүчин Идлибт хяналтаа тогтоож, өөрийнх нь байрлалд халдахгүй байхыг Сирийн засгийн газарт удаа дараа анхааруулж байсан юм.

Мөн Ассадын холбоотон ОХУ-тай энэ талаар ярилцсан ч Анкарагийн хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Өчигдөр болсон үйл явдал нь Турк, Сирийн зэвсэгт хүчний хооронд гарсан анхны томоохон тулгаралт бөгөөд нөхцөл байдлыг аюултай түвшинд хүргэж байна.

Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу өчигдөр NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенбэргтэй утсаар ярьж, мэдээлэл өгчээ.

Энэ үйл явдлын цаана бас Турк, Оросын зөрчил давхар илэрч байгаа юм. Хоёр улс Сирийн хямралд оролцогч өөр өөр талуудыг дэмждэг ч гал зогсоох асуудлаар хамтран ажиллаж байгаа.

Идлибийн төлөө тулааны улмаас өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш сая орчим хүн орон гэрээсээ дүрвээд байна.

Эдгээр дүрвэгчдийн урсгалыг Туркийн хил дээр саатуулаад байгаа. Өчигдөр Анкарагийн эрх баригчид уг урсгалыг зогсоож дийлэхгүй болсон тул Европ руу нэвтрэх замыг нээхээр болсноо мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC