"Хэрэглэгчийн итгэлийн индекс" судалгааны 2019 оны IV улирлын дүнг өнөөдөр судалгааны багийнхан танилцууллаа.
Монгол Улсын эдийн засгийн ойрын зургаан сарын төлөв байдлыг тандах зорилготой уг судалгаагаар 2019 оны дөрөвдүгээр улиралд Хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх оны мөн үеэс 4.1 пунктээр өссөн байна.
Энэ нь хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл нь дээшилсэн үзүүлэлт ба өсөлтөд ирээдүйн итгэлийн индекс өмнөх оны мөн үеэс 10.9 пунктээр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн гэдгийг “Эн-Ар-Си-Си” судалгаа, зөвлөгөөний компанийн захирал Б.Алтанцэцэг хэллээ.
Харин өнөөгийн байдлын индекс жилийн өмнөх түвшингээс 5.6 пунктээр буурч 49.7 хувь болсон нь сүүлийн гурван жилд анх удаа буурсан явдал байсныг Б.Алтанцэцэг онцолсон юм. Үүнд 2019 оны дөрөвдүгээр улиралд бизнесийн орчны нөхцөл байдал, ажлын олдоц тааруу байсан нь нөлөөлжээ.
Хэрэглэгчийн итгэлийн индекс нь дэлхийн ихэнх оронд эдийн засгийн төлөв байдлаа тандах үзүүлэлт болдог. Манай улс анх 2009 онд уг судалгааг хийж эхэлсэн. Эдийн засагт хэрэглэгчид хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг.
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Соёлмаа ”Дараагийн чухал үзүүлэлт болох хэрэглэгчдийн худалдан авалтын төлөвлөгөө нь эдийн засгийг тодорхойлдог гол зүйл. Худалдан авалтын төлөвлөгөөг өөрөөр тайлбарлавал удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн гэсэн үг. Иргэд эдийн засагтаа итгэх итгэл нь сул байх үед худалдан авалтаа бууруулдаг.
Ирэх зургаан сарын байдлаар иргэдийн худалдан авалтын хандлага жилийн өмнөхтэй харьцуулахад буурах хандлагатай болох нь судалгаагаар ажиглагдсан.
Худалдан авалтын хандалтын талаар томоохон хэмжээний эд хогшил цахилгаан бараа, авто машин, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал гэх дөрвөн ангиллаар иргэдээс асуудаг.
Хамгийн их бууралттай байгаа нь томоохон эд хогшил, цахилгаан барааны худалдан авалт хоёр дахин буюу 11.4 хувь болж буурсан. Мөн автомашины худалдан авалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 пунктээр, үл хөдлөхийн худалдан авалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 пунктээр буурахаар байна. Харин аялал жуулчлал өмнөх онтой адилхан.
Иргэд инфляцыг ирэх зургаан сард 4 хувь, ирэх нэг жилд 7 хувь байна гэсэн хүлээлттэй байгаа нь өмнөх оны мөн үеэс бага зэрэг өндөр хүлээлт болсон. Харин зээлийн хүүг буурна гэсэн хүлээлттэй байна” гэв.
МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж “ Бид 24 дэх улирлынхаа судалгааг хийж дуусгалаа. Энэхүү судалгаа нь 2019 оны арванхоёрдугаар сард авч байсан. Уг судалгаа нь түүврийн аргаар болон санамсаргүйгээр асуулга хэлбэрээр хийгддэг.
Коронавирустэй холбоотойгоор эдгээр дараагийн улирлын судалгаанд их өөрчлөлт орно байх. Халдварт өвчинтэй холбоотой асуудлууд, шийдвэрүүд нь манай эдийн засагт ирж буй шок болоод байгаа билээ” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!