Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрэм зөрчсөн жолоочид торгуулийн хуудас хэвлэж өгөх төхөөрөмжтэй боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Замын цагдаа нар ирэх даваа гарагаас эхлэн зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо болино.

Тэд ажил үүргээ гүйцэтгэх үедээ тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгнө.

2013 оны төсөвт батлуулсан Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн 1,8 тэрбумаар нь эдгээр төхөөрөмжийг худалдан авч, нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 цагдаад өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ төслийн гүйцэтгэгчээр “Смарт солюшинс” компани ажиллаж, шалгах төхөөрөмж, тасалбар хэвлэгч гэсэн үндсэн хоёр төхөөрөмжийг сервер, сүлжээний холболтын хамт иж бүрнээр нь ашиглалтад бэлэн болгожээ.

Замын цагдаагийн ажилтан албан хаагчид торгууль бичиж, мөнгө тоолдог цаг халагдаж, салбарын үйлчилгээнд шуурхай, шударга тогтолцоо бүрдэж байгааг энэ үеэр Ерөнхий сайд  хэллээ.

Торгуулийн хуудас хэвлэх төхөөрөмжийг 400 цагдаад хүлээлгэн өглөө

Халаасанд багтах хэмжээтэй уншигч төхөөрөмжид:

  • Жолоочийн иргэний үнэмлэх,
  • Хурууны хээ,
  • Жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулан хувийн бүртгэлд нь нэвтэрнэ.

Ингэснээр тухайн жолоочийн зөрчлийн түүхийг харах боломжтойгоос гадна татвар, даатгалын төлөлт, үзлэг оношилгоо, хяналтын камеруудаар илрүүлсэн зөрчлийг нь хүртэл харж болох нь.. 

Тасалбар хэвлэгч төхөөрөмжөөр зөрчлийн торгуулийг хэвлэж өгөх ба 14 хоногийн хугацаанд төлөх учиртай. Торгуулийн мөнгийг аль ч банкинд тушааж болно, харин хугацаа хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нэмэгдэх, жолоо барих эрх нь хасагдах хүртэл хариуцлага тооцох шинэ журам гаргаж байна.

Үүнээс гадна зөрчил гаргах бүрт жолоочоос оноо хасах ба анхлан олгосон 100 оноо дуусвал жолоодох эрх нь хасагдаж, давтан сургалтад суун шалгалт өгч байж эрхээ сэргээлгэх юм байна.

Шинэ төхөөрөмжүүдэд үндэслэн зөрчил гаргасан жолооч ямар жолооны сургууль төгссөн, хэн гэдэг багшийн бэлтгэсэн жолооч гэдгийг харах боломжтой гэнэ. Зөрчлийн бүртгэл мэдээллийн ийм нэгдсэн сан бүрдэх нь хариуцлага, хяналтын дараа дараагийн ажлуудад түлхэц өгнө гэж салбарынхан хэлж байна.

Бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой бүх мэдээллийг www.torguuli.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй байлгах аж.