Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Улсын төсвийн орлого саарах нь ойлгомжтой болж байгаа энэ үед тодотгол яаралтай хийх хэрэгтэй"

Ч.Болортуяа
2020 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол ТВ-ийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгээр "Шинэ коронавирусийн Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө" сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. 

Видео: Нэвтрүүлэг бүрэн эхээр нь үзэх: 

https://www.facebook.com/mongoltv/videos/181730573140752/?t=4

Нэвтрүүлэгт оролцогчдын онцлох эшлэлийг хүргэж байна.

Зах зээлд огцом савлагаа үүсгэхгүй байх үүднээс төв банк хангалттай нөөц хуримтлуулсан
 

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ГАЗРЫН ЭЗШБ-ЫН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ Б.ТҮМЭНЦЭНГЭЛ

  1. Коронавирус болон бусад дэлхийг хамарсан тахал өвчнүүд эдийн засагт богино хэмжээний шок нөлөөлөл үзүүлдэг. Энэхүү богино хэмжээний нөлөөг огцом савлагаа болгохгүйн тулд төв банк хангалттай нөөц хуримтлуулсан. Төв банкны сүүлийн тоон мэдээллээр манай улс 4.3 тэрбум америк долларын нөөцтэй байна.

  2. Коронавирусийг эмчлэх эмчилгээ бий болсон тохиолдолд Хятадын эдийн засаг маш хурдан сэргэх магадлалтай. Алдсан хугацааныхаа үйлдвэрлэл үйлчилгээг маш богино хугацаанд нөхөх боломжтой. Вирусийн тархалт, бодлогын орон зайнаас хамаараад сэргэлт V, U, L хэлбэртэй байж болно. 
     
  3. Өнгөрсөн 12-р сард манай улсын инфляц 5.2 хувь байсан. Нэгдүгээр сарын инфляц хараахан зарлагдаагүй байна. Бага хэмжээний өсөлттэй гарах болов уу гэсэн хүлээлт бий. 
     
  4. Монгол Улсын ДНБ-ий өсөлтийн таамаглалаа бага зэрэг буулгаад явж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн идэвхжил саарч байгаатай холбоотой. Нэг талаараа дэлхийн эдийн засаг оны эхэнд бага зэрэг сэргэсэн ч вирусийн дэгдэлт гарснаар том эрсдэл учирсан учраас дахиад эрсдлийн шинжилгээ хийх шаардлага тулгарч байна.
     
  5. Судалгаагаар нэг айл цагаан сараар дунджаар 2.2 сая төгрөгийг зарцуулдаг. Нийт Монгол Улсын хэмжээнд энэ нь 1.2 их наяд төгрөг болдог. Үүний дийлэнх нь импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулагддаг.  Энэ зардал хэмнэгдэх бол валютын нөөцөд эерэг үр дүн гарна. 
Улсын төсөв саарах нь ойлгомжтой болж байгаа энэ үед төсвийн тодотгол яаралтай хийх хэрэгтэй
 

ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР

  1. Хоёр улсын боомтоор нүүрс тээвэрлэхийг түр зогсоох нь экспортын орлого буурах, төсвийн орлого саарах, гадаад худалдааны тэнцэлд алдагдал үүсэхэд нөлөөлнө. Гэхдээ ганц манай хоёр улсад биш дэлхий дахинд ийм асуудал үүсэж байна.

  2. 2020 онд 42 сая тонн нүүрс экспортод гаргана гэж тооцоолсон ч одоогийн байдлаар хүчин чадал 37 орчим сая тонн нүүрс тээвэрлэхээр байгаа.
     
  3. 2003 онд SARS гарч байх үед Хятад бусад улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл хамаагүй бага байсан. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн 17-18 хувь нь Хятад улсаас хамааралтай байна. Үүнээс учрах хохирлыг улс орон бүр тооцож байна.
     
  4. Бид дэлхийн эдийн засагт нөлөөлж чадахгүй. Тиймээс ийм нөхцөл байдал үүссэн байхад нэмээд дотоодоо дахиад нэмэлт асуудал бий болгож болохгүй. Ялангуяа улсын төсөв. Улсын төсвийн орлого буураад алдагдал нэмэгдэх хандлага тодорхой байгаа нөхцөлд бид хэрэггүй зардлаа танах ёстой.
     
  5. 2020 оны төсөв өндөр өсөлттэй батлагдсан. Бидний хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол энэ хаврын сонгуулиас өмнө амжаад төсөвтөө тодотгол хийгээд ядаж зарлага, алдагдлаа багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол 2015, 2016 онд үзсэн шиг хүндэрсэн асуудал руу орох эрсдэл бий. Иймд шийдвэр гаргах түвшний хүмүүс энэ асуудалд илүү хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна.
     
  6. Түүхий эдэд тулгуурласан эдийн засагтай манайх шиг 20 гаруй улс байдаг. Уул уурхай давамгайлсан эдийн засаг нэг хэсэгтээ байна. Үүнтэй дасан зохицоод уул уурхайн орлогыг зөв менежмент хийдэг тогтолцоонд хамгийн эхэнд суралцах ёстой.
     
  7. Эдийн засгийн төрөлжүүлэх процесс урт хугацаанд явагдана. Ойрын 5-10 жилд хийж болох зүйл бол уул уурхайгаас орж ирж байгаа орлогоо зөв чиглэлд нь оруулах, баялгийн сан байгуулах, уул уурхайн компаниудыг бусад нийгмийн салбарт  хөрөнгө оруулах боломжийг олгох тал дээр ажиллахыг Дэлхийн Банк зөвлөж байгаа.
     
  8. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийг гадаад худалдаанд автомашинаар зөөвөрлөдөг улс орон манайхаас өөр байхгүй.
Иргэд шийдвэр гаргахдаа цуурхалд автахгүй байх нь чухал
 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ

  1.  УИХ, ЗГ шийдвэр гараад Эрдэнэс Таван Толгой компанийг ОУ-ын зах зээлд тэр дундаа Хонконгийн хөрөнгийн биржид  IPO хийнэ гэсэн бодлого байгаа. Гэтэл Хонконгт корона вирусийн дэгдэлттэй холбоотойгоор шинэ тутам гарч байгаа компаниудын IPO цуцлагдах, IPO удааширч байгаа процесс ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, ЭТТ IPO улам удаашрах хандлагатай боллоо. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаа харж байгаад ЭТТ IPO дотооддоо хийх боломжтой гэж харж байна.

  2. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын нээлттэй компаниудад түүхий эдийн үнийн ханш нөлөөлнө. Жишээ нь, ОТ төслийн 66 хувийг эзэмшиж буй TRQ хувьцааны ханш сайнгүй байгаа дээр зэсийн үнэ ханшийн сулрал нөлөөлөх магадлалтай. 
     
  3. Нөгөө талд нүүрсний экспортыг зогсоох шийдвэр гаргасан нь манай дотоодын уул уурхайн компаниудад сөрөг нөлөөтэй. 
     
  4. Коронавирусийн дэгдэлт удааширвал Герман улсын эдийн засаг 0.06 хувиар өсөлт нь саарч магадгүй гэсэн мэдээ байна.  Энэ том эдийн засагт ийм нөлөө үзүүлж байхад Монгол Улсын хувьд өндөр эрсдэлтэй. 
     
  5. Аливаа үйл явдлаас хамаарсан паник нь өөрөө эдийн засагт илүү хор нөлөөтэй. Ийм зүйлүүд Хонконг, Сингапурт жишээ нь ажиглагдсан. Тэгэхээр Монголчууддаа хандаж хэлэхэд, шийдвэр гаргахдаа цуурхалд бүү автаасай гэж хэлмээр байна.
     
  6. Коронавирус Монгол Улсад томоохон хичээлүүдийг зааж байна. Юу гэхээр Монгол Улсад хуримтлал байхгүй. Тэтгэврийн сан маань алдагдалтай. Тиймээс нэн яаралтай хуримтлалтай болгох бодлогуудаа ажил хэрэг болгох хэрэгтэй.
SARS-тай харьцуулахад шинэ коронавирусийн эдийн засагт учруулах хохирлын хэмжээ 5-10 дахин их байх эрсдэлтэй
 

ГОЛОМТ БАНКНЫ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН АРИЛЖААНЫ ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ,  ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЭЭЧ Г.МӨНХ-ЭРДЭНЭ

  1. Бид хаврын гурван сард ноолуураа экспортод гаргаж 300 сая доллартай тэнцэх юан олдог. Энэ жилийн хувьд ч ийм хүлээлттэй байсан гэтэл вирусийн асуудал гараад ирсэн учир манайд орж ирэх юанын орлого тасалдах магадлал үүсэж байна. 
     
  2. Газрын тосны үнэ буурч байна. Энэ нь бидний ОХУ-аас авдаг шатахууны хэрэгцээнд зарцуулдаг долларын хэмжээ ирэх сараас буурах эерэг нөлөө харагдаж байна. 
     
  3. Цагаан сарын бэлтгэл ажил гээд гадагшаа 100-150 сая долларын урсгал гадагш гардаг байсан. Энэ асуудал бас татарч байна. Ингээд харахаар валютын ханш богино хугацаанд харьцангуй тогтвортой байх төлөв ажиглагдаж байна. 
     
  4. SARS-тай харьцуулахад шинэ коронавирусийн эдийн засагт учруулах хохирлын хэмжээ 5-10 дахин их байх эрсдэлтэй. Иймд бид ямар ч нөхцөлд хамгийн муу төлөвлөгөөгөөр бодож бэлэн байх ёстой. Коронавирусийн эдийн засагт үзүүлэх сайн, муу үзүүлэлтийг жинлээд үзэхэд сөрөг нөлөөлөл нь илүү байх нь тодорхой.
     
  5. Иргэд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг нөөцөлж аваад байгаа шалтгаан нь зөв мэдээлэлгүй байгаатай холбоотой. Судалгаа, шинжилгээ багатай байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд сайтар зөвлөгөө өгч ажиллах хэрэгтэй.
     
  6. Дотоодын эдийн засаг сулрах, бизнесийн орчин тодорхой бус болох үед бид ОУ-ын санхүүгийн зах зээлд гарч хөрөнгө оруулдаг болох нь маш чухал. Хэрвээ энэ вирусийн тархалт үргэлжлээд Хятадын эдийн засаг хүндэрвэл эргэж сэргэх гэж хугацаа орно. Мөн энэ хугацаанд түүхий эдийн үнэ бага байх тул Монгол Улсын эдийн засгийн ирээдүйг харахаар өсөлт нь удаашрах, өндөр өсөлтүүд гарахгүй байх төлөвтэй.


Зарим холбогдох графикууд:

 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.