Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сүхбаатар: "Мөс" гэх бодисыг нярай хүүхдийнхээ эд зүйлд нууж хилээр нэвтрүүлэхийг завдсан

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гаалийн ерөнхий газраас 2020 оны байдлаар гаалийн байгууллагын хэмжээнд гарсан, илрүүлсэн хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг өнөөдөр өглөө.

Энэ үеэр хар тамхитай холбоотой ноцтой зөрчлийн талаар ярьсан юм. 

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар "Он гарснаар хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдээгүй. Хяналт шалгалтын эрчимжүүлсэн байдалд ажиллаж байгаа. Нуун далдлах аргын талаар би дэлгэрэнгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй яримааргүй байна. Сөрөг үр дагавар гарах магадлалтай.

Жишээ дурдахад, мөс гэх бодисыг дөнгөж төрсөн нярай хүүхдийн эд зүйлд нуугаад хүүхэдтэйгээ оруулж ирж байсан. Мөн шуудан илгээмжээр дамжуулан бусдын хаягийг ашиглан илгээсэн байсан. Иймд хувийн мэдээллээ хянаж, хамгаалж байхыг хүсэж байна. Мөн шуудан илгээмжээр дамжуулан бусдын хаягийг ашиглан илгээсэн байсан. Иймд хувийн мэдээллээ хянаж, хамгаалахыг зөвлөж байна. 

Гаалийн Ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодыг хар тамхи, мансууруулах бодис, тэсрэх бодис илрүүлэх өндөр мэдрэмжтэй хяналт шалгалтын багаж, тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангах ажлыг хэрэгжүүлж, холбогдох сургалтуудыг хийж хариуцан ажиллуулах байцаагч нарт нь хүлээлгэн өгч ажиллаж байгааг хэлье. 

Тухайлбал, Target ID, TrueNarc, LDS G-Scan зэрэг АНУ, Их Британи, Израйль улсуудад үйлдвэрлэгдсэн төрөл бүрийн хэлбэр, төлөв байдалтай бодист зайнаас болон шууд дээж авалтаар шалгалт хийх хүчин чадалтай нийт 16 ширхэг тоног төхөөрөмжийг хилийн боомт бүхий гаалийн газар, хороодод хүргүүлж байна.   

2020 оны хоёрдугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг, зөрчил гаалийн байгууллагын хэмжээнд бүртгэгдээгүй.

Жишээ дурдвал, Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа 2020.01.29-ны өдөр 16:45 цагт КЕ868 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явах зорчигч Монгол Улсын иргэн “Н”-ийг улсын хилээр нэвтрэхэд нь гар тээш болох А-4 хэмжээтэй хар саарал өнгийн гар цүнхийг рентген аппаратаар шалгахад 56 ая вон гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн.

Тус гаалийн газрын ЗТХБА-наас зорчигч Монгол Улсын иргэн Н-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дүгээр зүйлийн 22 дэх хэсгийн 22.1-т зааснаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа" гэлээ. 

Статистик мэдээллээс харвал, гаалийн байгууллага 2020 оны нэгдүгээр сард нийт 79 зөрчил илрүүлжээ. Одоогоор коронавирустэй холбогдолтойгоор хамаарах зөрчил бүртгэгдээгүй байна.

2019 онд мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 11 холбогдогчтой, 9 удаагийн үйлдлийг таслан зогсоож, нийт 4.5 кг мансууруулах бодис хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Сүүлийн гурван жилийн байдлаар гаалийн байгууллагын хяналт, шалгалтаар илрүүлсэн мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн тоо 31 байгаа нь цагдаагийн байгууллагаас мөн хугацаанд дээрх зүйлчлэлээр шалгасан 47 удаагийн гэмт хэргийн 66 хувийг эзэлж буй. Үүнээс хялбаршуулсан журмаар 60 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт 14 удаа, эрүүгийн шинжтэй хэрэг 5 хэрэг илрүүлсэн аж. 

Ийнхүү дээрх зөрчлүүдэд 64.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, 75.87 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 18.9 сая төгрөг, харин зөрчлийн улмаас түр хураасан бараа, эд зүйлийн үнэ 1.85 сая төгрөг, хярьяалалын дагуу шилжүүлсэн барааны үнийн дүн 709,000 төгрөг болсныг мөн хэлсэн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.