Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батсайхан: 996 иргэний НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг хянаж байна

ikon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, тээврийн хэрэгслийн албан татвар болон цахим татварын шинэ системийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.01.29/

https://www.facebook.com/iKonNews/videos/214453339723988/

"2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн"

 
Гэрэл зургийг mpa.mn

ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал: НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх явцад албан татвар төлөгчид урамшууллыг олгох ажлыг одоо зохион байгуулж байна. Албан татвар төлөгчийн худалдан авалт хуульд заасан шаардлагыг хангасан бол албан татвар төлөх болон буцаан авах боломж бүрддэг. 

Хуулийг хэрэгжүүлэхдээ Сангийн сайдын баталсан журмыг баримталдаг. ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож , хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалт байгаа. Сугалаан дээр мөн адил тохирлын дараа шаардлага хангаагүй гэж үзвэл тохирлын урамшууллыг буцаадаг.

2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн.

НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон байна. 

2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон байна.

"Нэг өдрийн дотор 73 сая төгрөгийн өртөгтэй 16 баримтыг бүртгүүлсэн тохиолдол байгаа"

 
Гэрэл зургийг mpa.mn

ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан "Буцаан олгохоор төлөвлөсөн байгаа 146 тэрбум төгрөгийн ихэнхийг буцааж олгох нөхцөл бүрдсэн бөгөөд 996 иргэний татварын буцаан олголтын хэмжээг хянаж байгаа. Эрсдэл тооцон хянаж үзээд татварын буцаан олголт хийгдэх эсэхийг шийднэ" гэв.

Эрсдэл тооцон шалгаж байгаа иргэдийн зарим тодорхой жишээг танилцуулбал, үүрэн телефоны компанийн 8,000 гаруй баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн байна. Бас нэг өдрийн дотор шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн өртөгтэй 16 баримтыг бүртгүүлсэн тохиолдол байгаа ажээ.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг "И-баримт аппликейшнээр зөвхөн баримтаа бүртгүүлэхээс гадна төрийн үйлчилгээний төлбөр, авто машины татварыг төлдөг болсон. Цаашдаа системийг байнга хөгжүүлж, аюулгүй байдлыг сайжруулан ажиллаж байна. 

Мөн энэ жилээс улирал тутам буцаан олголт хийгдэх болсонтой холбогдуулан мэдээллийг шалгах үйл явцыг сайжруулна" хэмээн ярилаа.

"Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлтийг давхар хянаж байгаа"

 
Гэрэл зургийг mpa.mn

Зарим иргэний буцаан олголтын дүн хэмжээ багассан тухай гомдол гарч байгаа нь юутай холбоотой талаар сэтгүүлчид тодруулахад, ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан "Систем автоматаар ажиллаж байгаа.

Яаж ч бодсон иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн шатахуун авах боломжгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлт дээр бид давхар хянаад зарим хүний аккаунтыг "Хянагдаж байгаа" төлөвөөс "буцаан олгох" төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний аккаунт л "Хянагдаж байна" гэсэн төлөвтэй байгаа" гэлээ.

НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлыг энэ долоо хоногтоо багтаан дуусгана

"Хянагдаж байгаа төлөвт оруулахдаа мөнгөн дүнг бууруулдаг. Хянаж дуусаад зөрчил илрэхгүй бол "буцаан олгох" төлөв рүү шилжүүлнэ. 900 мянган хүн буцаан олголт авахаас 996 нь л хянагдаж байна. Хяналтын явцад иргэд татварын албатай холбогдоод асуудлаа шийдэх боломжтой.

Татварт эрсдлийн удирдлагын бүтэц ажилладаг. Эрсдлийн шалгуур нууц байдаг учир нь шалгуурыг мэдэж байвал түүнийг тойрсон байдлаар хууль бус үйлдэл хийх нөхцөл бүрдэнэ.

Зарим иргэд сугалаа явуулахгүй буцаан олголтоо аваад явъя гэх санал гаргадаг. Гэтэл бүх ААН маань НӨАТ суутган төлөгч биш. Сугалаагүй болвол НӨАТ суутган төлөгч биш ААН-ээр үйлчлүүлсэн иргэд хохирно. Тиймээс Засгийн газар аль аль талынхаа эрх ашгийг бодоод сугалаа, буцаан олголт хоёроо хоёуланг нь явуулахаар шийдсэн" гэдгийг Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал тайлбарлалаа.

Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгаад Сангийн яаманд шилжүүлэх юм байна. Хуульд зааснаар буцаан олголтыг оны эхний улиралд багтааж олгох ёстой ч өмнөх жилүүдэд Цагаан сарын өмнө олгож байсан жишиг бий.