Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн тээврийн цогц төслийг хэрэгжүүлснээр 4-6 жилд түгжрэлийг 90% шийднэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг өчигдөр олон нийтэд танилцуулсан билээ.

Тус цогц төсөлд:

  • Автобусны парк шинэчлэлт 
  • Цахилгаан соронзон галт тэрэг
  • Шинэ төрлийн такси үйлчилгээ
  • Агаарын такси гэж нэрлэгдэх Агаарын дүүжин тээвэр
  • Тусгай замын автобусыг шинээр нэвтрүүлэх зэрэг багтаж байгаа бөгөөд түрээсийн дугуй үйлчилгээг ч үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж.

Агаарын дүүжин тээврийн ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж буйгаа нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдэгдсэн.

Мөн тэрбээр парк шинэчлэлтийн талаар "Энэ жилдээ багтаж 600-аас доошгүй автобусанд парк шинэчлэлийг хийнэ" гэсэн билээ. Энэ хүрээнд “Yinlong Energy”​ компанийн 10 цахилгаан автобусыг оруулж ирж, наймыг нь төв замаар туршилтаар явуулахаар болоод буй.

"Хэрэгжүүлэхэд цаана нь дахиад 2-3 шат үлдэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Засгийн газар энэ мэт том шийдэл дээр нийслэлтэй хамтарч оролцохоос өөр гарц байхгүй. Өнгөрсөн хугацаанд ч агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтарч шийдэл гаргасан нь зохих үр дүнгээ өгч байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн бас нэг үүрэг бол замын түгжрэлийг бууруулах юм.

Түгжрэлийг бууруулах чиглэлээр Франц, Герман, Солонгосын эрдэмтэдтэй Зам, тээврийн хөгжлийн яам болон нийслэлийн удирдлагууд зургаан сар орчим ажиллалаа.Тэд Монгол Улсад түгжрэлийг бууруулахад хамгийн зөв арга нь олон төрөлт тээврийг нэвтрүүлэх гэсэн шийдлийг гаргажээ.

Тухайлбал, гэр хорооллын зарим хэсэг рүү агаарын дүүжин тээвэр болон соронзон галт тэрэг нэвтрүүлэхээр судалж байгаа.

Газар чөлөөлөлтийн асуудал Улаанбаатар хотод хүндрэлтэй учраас энэ шийдэл хамгийн зөв гэсэн ТЭЗҮ гарсан байна.

Түүнчлэн тусгай замын автобус ч авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төсөлд багтана. 

Тусгай замын автобус дотор хүүхдийн сургуулийн автобус ч багтаж байгаа. Сурагчдын амралт эхлэхээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр багасаж байгаа нь та бүхэнд ч мэдрэгдэж буй байх. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдүүдээ зөөхдөө маш их цаг зарцуулдгийг харуулж байна.

Энэ асуудлыг тусгай замын автобусаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа.

Эдгээрийг шийдэж чадвал 5-6 жилийн хугацаанд Улаанбаатар хотын түгжрэлийг 90 орчим хувиар шийдэх боломж бий гэсэн техник эдийн засгийн үндэслэл нь байна.

Улаанбаатар хот эдгээрийг дангаараа шийдэхэд амаргүй. Тийм учраас Зам, тээврийн хөгжлийн яам болон Барилга хот байгуулалтын яам, Засгийн газар, Улсын их хурал хамтарч байж, шийдэл гаргана.

Өнөөдөр ТЭЗҮ-ийн төслийн концепц танилцуулагдаж байгаа бөгөөд хэрэгжүүлэхэд цаана нь дахиад 2-3 шат үлдэж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр агаарын дүүжин тээврийн талаар "Агаарын дүүжин тээвэр аюулгүй байдал талаасаа хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл. Гаднын улсад өндөр уулын оргилоос хүртэл аялал жуулчлалын чиглэлээр ашиглагддаг бөгөөд Монголоос ч хүйтэн цаг агаарын нөхцөлтэй газар зориулагдсан эд юм.

Нийслэлчүүд бид утаагаа хамтарч шийдсэн шиг энэ таван шийдлийг хийхийн төлөө урагш алхаж чадвал түгжрэлгүй Улаанбаатартай болох боломж бий" гэв.

Цахилгаан соронзон галт тэргийг эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12.2 километр урттай, 14 зогсоол бүхий байгууламж барихаар цогц төсөлд тусгажээ.

Мөн Тусгай замын автобусыг эхлээд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтайгаар хийх аж.

Харин такси үйлчилгээний хувьд:

  • Хүүхэд хүргэлтийн такси
  • Вип такси
  • Чиглэлийн такси зэргийг шинээр нэвтрүүлэхээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн цогц шийдлийн төсөлд оруулсан талаар танилцуулсан юм.