Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Энэ үеэр нийтийн тээвэрт туршилтаар явуулах цахилгаан автобусын талаар мэдээллээ.
Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг онцлогтой. Энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай. Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай.
Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зааланд 2 галын хортой, тэжээлийн хэсэгтээ гал гарсан тохиолдолд жолооч товч дарж шууд унтраах автомат тохируулгатай галын хортой. Мөн хяналтын системийн хайрцагтай, хаалга хаагдаагүй тохиолдолд автобус хөдөлдөггүй аж.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар “Нийтийн тээврийн шилжилтийн хэмжээнд буюу замын түгжрэлийг сааруулах хүрээнд бид олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь парк шинэчлэл юм.
Парк шинэчлэлийг ямар автобусаар хийх нь тодорхойгүй ч дэлхий нийтэд байгаль орчинд ээлтэй автобусын хэрэгцээ, шаардлага их байгаа учраас бид цахилгаан автобусыг туршиж байна.
Энэ 10 автобусыг оны өмнө нийслэлээс гэрээ хийж оруулж ирсэн. Бид гурван сарын хугацаанд Монголын нөхцөлд таарч байгаа эсэхийг турших ёстой.
Нэг цэнэглэлтээр 200 километр явдаг ч хүйтний улиралд 100 гаруй километр явж байна.
Үйлдвэрлэгч компани батерейд нь гэхэд л 30 жилийн баталгаа өгч байгаа бөгөөд автобусны баталгаат хугацааг найман жилээр өгнө гэсэн яриа бий.
Ямартай ч энэ автобус Монголын нөхцөлд таарах эсэхийг нарийн судлахаар ажлын хэсэг ажиллаж байна. Дүгнэлт гарах хараахан болоогүй учраас санхүүжилтын асуудал тодорхой биш. Туршилтаар явуулж үзээд Монголын нөхцөлд таарахгүй бол буцаагаад хүргэнэ гэсэн нөхцөлтэй" гэв.
Мөн тэрбээр, "U money төлбөрийн системээ тус автобусуудад суурилуулвал маргаашаас ч Таван шар- Офицеруудын ордон чиглэлд явуулах боломжтой” гэдгийг онцлов.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан автобусны парк шинэчлэлтийн талаар хэлэхдээ “Бид эхний улиралд 200, дараагийн улиралд 200 гэх мэтээр энэ жилдээ багтаж 600-с доошгүй автобусанд парк шинэчлэлийг шийднэ.
Гэхдээ эхлээд сургуулийн хүүхдийн автобусыг шинэчилнэ. Аюулгүй байдлыг хангасан зориулалтын сургуулийн автобусаар хүүхдүүддээ үйлчилдэг болно. Дээрээс нь нийтийн тээврийн шинэчлэл хийх гээд БНХАУ-аас цахилгаан автобус 10-г авчирч туршиж байна. Энэ автобус нь зургаан минут цэнэглээд 180 км явах боломжтой.
Оруулж ирээд хоёр долоо хоног туршиж байна. Хэрвээ болж байна гэвэл бид санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Мэдээж төсөв дээр санхүүжилтийн хөрөнгө нь тусгагдаагүй ч бид төсөв хараад зовлон тоочоод суувал хэзээ ч бүтэхгүй.
Тиймээс хамгийн боломжтой хувилбарууд дээр бид туршилтаа хийгээд болж байна гэж үзвэл, Хөгжлийн банктай болон гадаад, дотоодын үйлдвэрлэгч нийлүүлэгчтэй ярилцаж, боломжийн төлбөрийн нөхцөл өгсөн аж ахуйн нэгжүүдээс автобус авна" гэлээ.
Мөн тэрбээр "Манайд үйлдвэрлэж байгаа МОН-30 автобус нэг нь 536 сая төгрөг. Тус компани автобус цэнэглэгчээ оруулаад 1.2 тэрбум гаруй төгрөгөөр хоёр автобус нийлүүлсэн.
Харин одоогийн энэ цахилгаан автобус нь дотоодод үйлдвэрлэж буй автобуснуудаас хямд үнэтэй бөгөөд цэнэглэлтийнх нь хугацаа бага байна. Тиймээс бид туршиж байна" гэдгийг нэмж хэлэв.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын засварын инженер Г.Энхмэнд “Одоогоор цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэг баригдсан. Цаашид эцсийн цэгүүд дээр цэнэглэгчийг байрлуулсан тохиолдолд тухайн өдрийн ажлыг хангалттай хийх боломжтой гэж үзэж байгаа.
Нэмэх градуст байгаа тохиолдолд батерей маш хурдан цэнэглэлтийг авдаг. Батерейний градус нэмэх байх тусмаа л цэнэгийг зарцуулалт бага байна.
Нэг чиглэл дунджаар 32 километр гэж тооцоход өвлийн нөхцөлд уг автобус нь нэг цэнэглэлтээр гурван рейс тойрох боломжтой" гэлээ.
“Yinlong Energy” компанийн Засвар үйлчилгээ хариуцсан инженер Ү Юу Пэй “Манай компани 2008 оноос хойш цахилгаан автобусны үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд одоогоор найман үйлдвэртэй. Үйлдвэр тус бүр өөр өөр бүсүүдэд байрлалтай.
Энэхүү автобусны батерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн учраас 8-15 минутанд батерей бүрэн цэнэгээ авч, -50-аас +50 градуст ажиллах чадалтай гэдгээрээ онцлогтой.
Манай компанийн үйлдвэрлэсэн нийт 30 мянга гаруй автобус Хятад улс даяар үйлчилгээ үзүүлж байна" гэсэн юм.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!