Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Саяд нэг тохиолддог ясны хорт хавдраар өвчилсөн монгол инженер залууд тусалцгаая

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Life for Etа цахим хуудсаас ашиглав
00:00 00:00
Саяд нэг тохиолддог ясны хорт хавдраар өвчилсөн монгол инженер залууд тусалцгаая
Sara, ikon.mn - text to speech

Хүсэл мөрөөдөл, тэмүүллээр дүүрэн 25-хан настай инженер залуу Ц.Энхтулга 2019 оны аравдугаар сарын 16-нд өөрийгөө 3-р шатны ясны хорт хавдартай /Osteosarcoma/ гэдгээ мэджээ. 

Түүний хувьд Монголдоо Голомт банканд гурван жил ажиллаж байгаад сурч боловсрох чин хүсэлдээ хөтлөгдөн 2017 онд АНУ-ыг зорьж, программ хангамжийн мастераар суралцаж, хажуугаар нь “Цахиурын хөндий”-н томоохон компаниудын нэг болох Cisco Inc-д ажилд ороод, баяртай явж байсан аж. 

Өөрийгөө саяд нэг тохиолддог ясны хорт хавдартай гэдгээ мэдсэн ч маргааш нь хийхийг хүссэн зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, 450 гаруй км аялан, 10 жилийн хүүхдүүдэд мэргэжил сонголт хэрхэн хийх талаар яриа өгч зогссон сэтгэлийн тэнхээтэй залуу гэдгийг түүний дотны найз нь хэлсэн.

Ц.Энхтулга одоо АНУ-ын UCSF-н харьяа эмнэлэгт химийн эмчилгээгээ хийлгэж, хором мөч бүрт хорт хавдартайгаа тэмцэж байна. Тэрбээр сарын дараа нурууны хүнд хагалгаанд орох бөгөөд ийнхүү сүүлийн үеийн зохих эмчилгээг авч чадвал бүрэн эдгэрэх боломжтой аж.

Эмчилгээний зардал нь 68'000$ болж байгаа бөгөөд одоогийн байдлаар зардлынхаа 33%-г босгоод байгаа юм байна.

Иймд Ц.Энхтулгын /Эта/ хагалгаа болоход тун бага хугацаа үлдээд байгаа тул түүний найз нөхөд, ар гэрийнхэн нь хандивын аянг өрнүүлж эхэлжээ.  

 
Life for Etа цахим хуудсаас ашиглав

Хорт хавдартайгаа тэмцэж буй түүний хувьд Medium.com дээр блог хөтөлдөг бөгөөд сүүлд оруулсан “Хорт хавдартай энгийн нэгэн залуу эмнэлгийн орон дээрээс...” хэмээх бичвэртээ

“Энэхүү бичвэрээ хаанаас юу гэж эхлэхээ мэдсэнгүй. Гэхдээ эрүүл ухаантай дээрээ ямар нэг юм бичихгүй л бол, хүмүүст өөрийгөө илэрхийлэхгүй л бол дотроос минь намайг ямар нэгэн зүйл бага багаар сэмлээд байгаа юм шиг мэдрэмж авах юм.

Сарын өмнөхөн л гэхэд надад бүх зүйл байсан. 2019 оны цоо шинэ машин, iphone 11 pro, apple watch 5, airpod-2, macbook pro гэх мэт залуу хүний хүсдэг бүх л эд зүйлс агаад 25 насанд гэхэд чамлахааргүй өндөр цалинтай ажил, сайхан найз нөхөд, гэр бүл, гэхдээ бас сургалтын зээл, машины зээл, кредит картны өр гэх мэт надад амжилттай хүнд байж болох бүх л зүйл байсан юм.

Тэгээс нь эхэлсэн гэхэд яг л бүх зүйл явах ёстой замаараа зөв явж байна аа Энхтулгаа! гэж дотроо үргэлж хэлдэг байлаа. Гэтэл яг одоо би ингээд эмнэлгийн орон дээрээс саяд нэг тохиох хорт хавдрын оношоор оношлогдсон хүний нүдээр энэ бүх зүйлсийг ингээд бичиж байна гэдэгтээ өөрөө ч итгэмээргүй. Гэхдээ үхэх гээд хэвтэж байгаа биш үхэлтэй нүүр тулаад, түүнийг давах сэтгэл зүрхтэйгээр хэвтэж байгаа болохоор энэхүү бичвэрээ ийнхүү эхлэе” хэмээн бичжээ.  Бичвэрийн үргэлжлэлийг эндээс унших боломжтой.

Хүн таван жилийн дараахыг битгий хэл маргааш юу болохыг ч мэдэхгүй тийм л учир битүүлэг амьдралд дунд оршдог...

Иймд сайхан сэтгэлт Монголын ард түмэн та бүхэн энэхүү хандивын аянд оролцож, хүсэл тэмүүллийнхээ төлөө эмнэлгийн орон дээр хорт хавдартай тэмцэж буй монгол инженер залууд туслахыг хүсэж байна.  

#LifeForEta #BeatOneInAMillion

#Хандивын данс:
Хаанбанк: 5360401675 Энхтулга
Голомтбанк: 1605102335 Энхтулга
Худалдаа хөгжлийн банк: 408063906 Энхтулга
Candy шилжүүлэг: 99064681 Энхтулга
GoFundMe link: https://www.gofundme.com/f/lifeforeta

Мөн түүнтэй https://www.facebook.com/enkhtulga.eta болон https://www.facebook.com/lifeforeta/ хуудсаар дамжин холбогдох боломжтой юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.