Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрийг нь “алиалагч” гэж хочилсон Ираны удирдагчид болгоомжтой байхыг Трамп анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Тегеранд болсон Баасан гарагийн мөргөлийн үеэр Ираны шашны тэргүүн Аятолла Хамени үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “алиалагч” гэж хочилсон юм.

Хамени 2012 оноос хойш анх удаа Баасан гарагийн мөргөлд оролцож, сүсэгтнүүдийн өмнө үг хэлсэн нь ард түмнээ гадаадын аюул заналын эсрэг нэгтгэх зорилготой байжээ. Тэрээр энэ сарын эхээр АНУ-ын халдлагад өртөж алагдсан генерал Кассем Солейманигийн оршуулгад маш олон хүн оролцож, гашуудсан явдал нь иранчууд Тегераны дэглэмийг дэмжиж байгаагийн илрэл гэж мэдэгджээ.

Хамени сүүлийн өдрүүдэд Иранд гарч буй иргэдийн жагсаал тэмцлийг АНУ-ын явууллага гэж нэрлээд ерөнхийлөгч Дональд Трампыг Ираны ард түмний ар нуруунд хортой хутга шаах зорилготой хүн гэж хэлсэн байна.

Тэрээр Иранаас Иракийн баазуудад өгсөн пуужингийн хариу цохилт нь үр дүнтэй болж, дэлхийн их гүрэн гэгддэг Америкийн нэр хүндийг унагасан гэж энэ үеэр мэдэгджээ. Нэгдүгээр сарын 8-ны өдөр генералын өшөөг авах зорилгоор Иранаас Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр бааз руу нийт 16 пуужин харвасан юм. Цохилтын дараа Вашингтон ямар ч хохирол амсаагүй гэж мэдэгдэж байсан ч АНУ-ын 11 цэргийн алба хаагч гэмтэж, шархдсан тухай Пентагон өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдсэн байна.

АНУ-ыг цэргээ Ойрх Дорнодоос гаргахаас өөр аргагүй болгох нь Ираны гол өшөө авалт байх болно гэж Хамени өчигдөр хэлсэн юм. Өрнөдийн орнууд Ираныг сөхрүүлэх хүч чадалгүй, сул дорой гэж хэлсэн Хаменигийн үгийг мөргөлчид уухайлан дэмжжээ.

Ираны шашны тэргүүний мэдэгдлийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа хариу мэдэгдэл хийжээ.

“Өөрийгөө Ираны супер дээд удирдагч гэж нэрлэдэг ч үнэндээ супер биш этгээд АНУ болон Европын талаар зарим увайгүй зүйлсийг ярьжээ. Эдийн засаг нь унаж, иргэд нь зовж байхад тэр хэлж байгаа үгэндээ маш болгоомжтой хандах хэрэгтэй!” гэж Трамп бичсэн байна.

Шашны дээд удирдагч Аятолла Хамени нь 1989 оноос хойш Ираны засаглалын оройд сууж байгаа бөгөөд түүний хэлсэн үг эцсийн шийдвэр болдог. 

 

Эх сурвалж: The Guardian