Инвескор ББСБ Киргиз улсын зах зээлд үйл ажиллагаа явуулахаар тус улсын Золотой стандарт ХХК-д хөрөнгө оруулах гэрээг байгууллаа. Энэ тухай Инвескор ББСБ-ын Санхүү хариуцсан дэд захирал Р.Пүрэвээс тодрууллаа.
А: Танай компани Киргиз улсад хөрөнгө оруулахаар болсон байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Манай компани Төв Азийн зах зээлд нэвтрэхээр 2 жил гаруй судалгаа, бэлтгэл ажлууд хийсэн бөгөөд үүний дагуу Киргиз улсад Бичил санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Золотой стандарт компанийн нийт хувьцааг худалдаж авах гэрээг байгууллаа.
А: Киргиз улсын зах зээлийн боломж хэр байгаа гэж харж байгаа вэ?
Киргиз улс нь 6.2 сая хүн амтай бөгөөд 100 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулдаг. Тус улс нь Төв Азийн улс дотроо хамгийн ардчилсан, нээлттэй бодлоготой улс бөгөөд манай улстай маш сайн харилцаатай, түүх, хэл соёл, нийгмийн бүтэц, хүмүүсийн зан характер гэх мэт ижил төстэй зүйл ихтэй. Мөн тус улсын мөнгөн дэвсгэрт болох Сомын ханш маш тогтвортой, гадны хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах тал дээр давуу тал маш ихтэй улс.
А: Цаашлаад Төв Азийн бусад улс руу үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөө байгаа юу?
Тийм ээ, Төв Азийн эдгээр орнуудад нийт 70 гаруй сая хүн амьдардаг. Эдийн засаг, түүх, нийгэм, хууль эрхзүй гээд Монгол улстай төстэй талууд нилээн байдаг тул Монгол компаниудын хувьд эдгээр зах зээлд нэвтрэхэд бүрэн боломжтой гэж харж байгаа.
А: Та бүхний ажилд амжилт хүсье.
Баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!