Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн ойн түймрийн утаа дэлхийг бүтэн тойрохоор байгааг NASA мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Австрали тивийн зүүн эрэг дагуу олон сарын турш шатаж буй ойн түймрийн утаа удахгүй дэлхийн бөмбөрцгийг нэг бүтэн тойрох төлөвтэй байгааг NASA мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээлснээр шинэ оны эхний өдөр түймрийн утаа Номхон далайг гаталж, Өмнөд Америкт хүрсэн бөгөөд нэгдүгээр сарын 8-ны өдөр дэлхийн бөмбөрцгийг бүтэн тойрох замын хагаст хүрсэн байна.

“Түймрийн утаа удахгүй дэлхийн бөмбөрцгийг нэг бүтэн тойрсон цагариг үүсгэхээр байна” гэж АНУ-ын сансар судлалын агентлаг мэдээлжээ.

Австралид шатаж буй хэдэн зуун түймрийн улмаас 28 хүн амь үрэгдэж, 2,000 гаруй айлын гэр орон шатаад байгаа билээ.

Түймрийн утаа агаар мандлын стратосферын давхарга хүртэл хөөрч, дээд тал нь 17.7 км өндөрт хүрсэн тухай NASA мэдээлсэн байна.

“Утаа нэгэнт стратосферт хүрвэл үүссэн газраасаа олон мянган километрийн алсад тархаж, дэлхийн уур амьсгалд нөлөөлөх уршигтай” гэж уг мэдэгдэлд тайлбарлажээ.

Түймрийн утаа Шинэ Зеландын агаарын чанарт ноцтой нөлөөлж, Өмнөд Америкийн тэнгэрийн өнгийг өөрчилсөн байна. Австралийн Сидней хот утаанд автаад удаж байгаа бол нөгөө нэг том хот болох Мельбурны иргэд өнөөдөр хоёр дахь өдрөө өтгөн утаан дунд амьдарч байна.

 

Эх сурвалж: BBC