Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс нэгдүгээр шатны гэрээгээр АНУ-аас $200 тэрбумын бараа худалдаж авах амлалт авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Америк, Хятадын засгийн газрын төлөөлөгчид энэ долоо хоногт Вашингтонд уулзаж, дэлхийн хамгийн том хоёр гүрний хооронд үүссэн худалдааны маргаан зөрчлийг арилгах гэрээг байгуулах гэж байна.

“Нэгдүгээр шатны гэрээ” гэж тодотгож байгаа уг гэрээгээр талууд ямар амлалт авч байгаа тухай мэдээлэл хомс байсан юм. Тэгвэл Трампын засаг захиргааны эх сурвалжийн өнөөдөр мэдээлснээр Хятад улс АНУ-аас ирэх хоёр жилийн хугацаанд $200 тэрбумын бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар болжээ.

Үүн дотор хамгийн том хэсэг нь Америкийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авахад $75 тэрбумыг зарцуулахаар болсон байна. Үүнээс гадна $50 тэрбумын эрчим хүч, $40 тэрбумын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, $35-$40 тэрбумын үйлчилгээ авахаар болсныг албаны эх сурвалжууд баталжээ.

Өчигдөр Трампын засаг захиргаа Хятад улсыг “валютын манипулятор” ангиллаас хасах шийдвэр гаргасан юм. Энэ нь хоёр гүрний дунд 18 сар гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайнд нааштай эргэлт гарах шинж тэмдэг болж байна.

Нэгдүгээр шатны гэрээний нөхцлийг тохиролцсон тухай өнгөрсөн сард зарлахдаа Вашингтон арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн оногдуулах гэж байсан импортын татвараа цуцалж, өмнө нь оноогоод байсан $120 тэрбумын барааны 15 хувийн татварыг хоёр дахин багасгасан юм.

Үүнээс гадна Хятадын $250 тэрбумын бараанд оноогоод байсан 25 хувийн импортын татвараа хэвээр үлдээсэн нь хоёрдугаар шатны гэрээ байгуулахад хөшүүрэг болгох зорилготой байжээ.

Бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдаж авах амлалтаас гадна Хятад улс оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах, хөдөө аж ахуй, санхүүгийн салбараа хөрөнгө оруулагчдад нээх, гадаадын технологийг хүчээр шилжүүлж авдаг журмаа зөөллөх зэрэг амлалтыг нэгдүгээр шатны гэрээгээр авч байгаа юм.

Хэрвээ Хятадын тал амлалтаа биелүүлэхгүй бол АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер цуцалсан импортын татвараа 90 хоногийн дотор буцааж сэргээх эрхтэй байхаар гэрээнд заажээ.

Худалдааны гэрээнд гарын үсэг зурах ёслол маргааш Цагаан ордны Зүүн танхимд болж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын засгийн газрын шадар сайд Лю Хэ тэргүүтэй 200 орчим хүн оролцох төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: South China Morning Post