Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчид анх удаа "Оны онцлох эдийн засагчид"-ыг шалгарууллаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубээс анх удаа "Оны онцлох эдийн засагч" гурван эрхмийг шалгарууллаа. Ингэхдээ ямар нэгэн нэр санал болгохгүйгээр, тухайн жилд эдийн засгийн салбарт амжилттай ажилласан гурван хүнийг тус клубийн гишүүн болох 40 гаруй сэтгүүлчээр нэрлүүлж, хамгийн олон нэр нь дурдагдсан гурван хүнийг онцолсон юм. Улмаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, эдийн засагч Ө.Ганзориг, Л.Наранбаатар нарыг хамгийн олон хүн нэрлэжээ. 

А.Ариунзаяагийн хувьд ҮСХ-ны даргаар томилогдсоноосоо хойш статистик мэдээллийг энгийн, ойлгомжтой, нээлттэй болгож, олон нийтэд хүртээмжтэй болгох олон шинэчлэл хийсэн нь үр дүнгээ өгснийг зөвхөн 1212.mn статистик мэдээллийн вэбсайтын хандалт тав дахин нэмэгдсэнээс харж болно. Ялангуяа, сэтгүүлчдэд нээлттэй, ойлгомжтой, мэдээллийг цаг тухайд өгдөг болсныг дурдах хэрэгтэй. Түүнээс гадна Монгол Улсын статистик мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байдлаараа бүс нутагтаа тэргүүлж, дэлхийн улс орнуудаас эхний 10-т эрэмбэлэгдэх болсон нь ийнхүү түүнийг онцлох шалтгаан болжээ. 

Эдийн засагч Ө.Ганзоригийн хувьд Дэлхийн санхүүгийн музейг Монголд үүсгэн байгуулж, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэмээн эдийн засгаар мэргэшиж буй сэтгүүлчид үзсэн байна. Түүнээс гадна Монгол Улсад шийдэх шаардлагатай нэг том асуудал болсон тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажлыг манлайлан эхлүүлж байгааг онцолсон юм.

Эдийн засагч Л.Наранбаатарын тухайд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө 2019 оны турш нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн. Ялангуяа, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, ил тод, нээлттэй болгох, 1072 хувьцааны ногдол ашиг, түүний үр шимийг олон нийтэд хүргэх ажлыг санаачлан хийж буйг нь үнэлж, ийнхүү эдийн засгийн салбарын 2019 оны онцлох эрхмээр шалгаруулсан байна. 

Энэхүү шалгаруулалтыг цаашид уламжлал болгох явуулахаар төлөвлөж байгааг Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдий клубийн Удирдах зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Б.Баяртогтох шагнал гардуулах үеэр дуулгасан юм.