Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлчээр ҮГҮЙ бол Монгол ҮГҮЙ

ikon.mn
2019 оны 12 сарын 30
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаатай Монгол орны бэлчээр нутаг, малчин ардын амьдрал хэрхэн өөрчлөгдөн шинэчилэгдэж байгаа талаар ярилцлаа.

“Ногоон алт малын эрүүл мэнд“ төсөлтэй анх яаж танилцсан түүхээсээ хуваалцаач?

2008 онд Ногоон алт төслөөс Завхан аймгийн 23 сумын газрын даамлуудын дунд “Аймгийн Газар зохион байгуулалтын бэлчээрийг зохион байгуулах, төлөвлөгөө боловсруулах” уралдааныг зарласан юм. Зорилго нь газрын даамлуудын анхаарлыг бэлчээрт хандуулах, газар төлөвлөлтөндөө оруулдаг болгох байлаа. Учир нь тухайн үед бэлчээрийн төлөвлөлт гэж хийдэггүй байсан. Уралдаанаас өмнө Ногоон алт төслөөс газрын даамлуудын дунд сургалт явуулж, хэрхэн оролцох талаар мэдээлэл өгсөн юм. Аз болоход, 2006 онд Газрын агентлагаас “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал” ном гарсан байсныг судалчихсан байсан нь надад давуу тал болсон. Мөн Удирдлагын Академид “Газрын шимтгэл” гэсэн нэртэй 14 хоногийн сургалтанд бусад аймгийн газрын даамлуудтай хамт сууж туршлага судалж мэдээлэл цуглуулсан нь их хэрэг болсон. Бас малчдаас санал авч орон нутгийн онцлогт тохируулж төлөвлөгөөгөө боловсруулахыг хичээсэн. Тэрний хүчинд би тэр уралдаанд түрүүлсэн гэж боддог. Өмнө нь сумын газар төлөвлөлт гэж газар тариалан эрхлэхэд тэдэн га, төмс хүнсний ногоо тариалахад тэдэн га гээд хүснэгтэнд бичсэн хэдэн тоо л байдаг байсан.

Уралдааны дагуу боловсруулсан төлөвлөгөөндөө эвдэрсэн худгууд нь хаана байгаа, тэдгээрийг сэргээх, шинээр гаргах худгуудын байршлыг тодорхойлох, ашигладаггүй бэлчээрийг ашигладаг болох, хэдэн өрх айл хаана бууж болох, ямар бэлчээрийг сэлгэж, өнжөөн ашиглах болох зэрэг мэдээллийг малчдаас санал авсаны үндсэн дээр төлөвлөгөөндөө тусгасан нь дэвшилттэй ажил болсон. Миний боловсруулсан төлөвлөгөө дараа нь сумын ИТХ-р хэлэлцүүлэгдэж, батлагдсаны дараа Засаг даргын захирамж гарч 2009 онд Тэс сумын бэлчээр зохион байгуулалтын шинэ төлөвлөгөө батлагдаж байлаа. Аргагүй шинэлэг ажил болсон учраас ирээдүйд хийгдэх төлөвлөгөөг энэ зарчмын дагуу боловсруулахаар болсон.

Удалгүй Ногоон алт төслийн зарласан уралдаанд нь түрүүлсэн болохоор ч тэр юм уу, надад ажлын санал ирдэг юм байна. Бэлчээртэй холбоотой, байгаль дэлхийгээ хайрласан, хамтын хөдөлмөрийн давуу талыг дэмжсэн, зөв зүйлийн төлөө тэмүүлсэн гоё төсөл байсан болохоор уг саналыг эргэлзэлгүй хүлээж авсан. Санал ирэхээс өмнө би Орос, Хятадын хооронд бизнес хийдэг, ажил амьдралдаа санаа зовох зүйлгүй, нас ч 40 хүрч байсан. Хувийн амьдрал гайгүй болчихсон юм чинь нийгэмдээ нэг юм хийх юмсан гэсэн бодол орж ирсэн. Яг тэр үед энэ төсөлтэй таарсан гэж болно.

Шинэ ажил аваад юунаас эхэлсэн бэ?

1990 онд зах зээлийн шинэ нийгэмд оронгуут малчид жалгаар нэг тарж, түүхий эд бэлтгэлийн систем, хамтын хөдөлмөрийн систем гээд бүх юм задарсан. Щвейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон алт төсөл 2009 онд манай Завхан аймгийн бүх суманд хэрэгжиж эхэлсэн. Би төсөлтэй хамтран ажиллах болсоноор Тэс сумыг бэлчээр нутгаар нь 6 хэсгийн зохион байгуулалтанд оруулаад, малчдын өөрөө удирдах хэсэг бүлгийг байгуулж, ТББ байгуулан ажиллаж эхэлсэн. Малчдаа дундын сантай болгоод бэлчээрээ зөв зохистой ашиглах, хамтарч ажиллах зэргээр хамтын хөдөлмөрийг нэгтгэх, хооронд нь ойлголцуулах, бие биенийхээ өвөлжөө бууцыг эвдэж хэрэлдэж маргалддаг байсныг болиулах, хамтран төлөвлөгөө гаргаж тэрнийхээ дагуу нүүдэл суудлаа зохицуулдаг болсон. Жишээ нь, худаг  гаргалаа гэхэд бүлгээрээ ярилцаад хаанаа худгаа гаргах вэ? Аль газраа өнжөөх вэ, аль газраа амраах вэ, хаанаа хадлангийн талбай байгуулах вэ, хэдэн сараас хэдэн сарын хооронд хадлангийн талбайруу нүүх вэ, хэзээ хадах вэ гэх мэт бэлчээр дээрээ хамтарч ажиллах төлөвлөгөөнүүдийг гаргаад ажиллаж байсан.

Хүндрэл бэрхшээл байгаагүй юу?

Байгаагүй ээ. Би газрын даамал байхдаа уралдаанд орсон гэсэн дээ, тэр үед л уг нь хийх ёстой ажил байсан юм. Нэг ёсондоо төрийн хийх ёстой ажил байсан гэсэн үг. Тэгээд л тэрнийхээ дагуу уулзалтуудаа хийгээд, мэдээллүүдээ өгөөд яваад байсан. ИТХ-аар батлуулж, Засаг даргын захирамж гарчихсан тул миний хувьд бол төслийн ажлыг хийх  суурь нь бэлэн байсан. Зарим сумдад хүнд байсан. Тухайлбал, мал бэлчээх хил хязгаар тогтчихвол яах вэ зэргээр асуудал гарсан ч аяндаа бэлчээр дээрээ маргахгүйгээр хамтарч ажиллаж болох юм байна гэдгийг л ойлгосон.

Та Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлын ажлыг хэдэн оноос хийж эхэлсэн бэ?

2011 онд Завханы бүх суманд ТББ байгуулагдан, малчдынхаа дуу хоолойг аймгийнхаа бодлогод хүргэе гэж ярилцаад 12 сумын ТББ нэгдэж, Завхан аймгийн Бэлчээр ашиглалтын холбоог байгуулсан. Малчдын хоршоодоо нэгтгээд “Тоонот цацраг” дундын хоршоог байгуулж, үндэсний үйлдвэрүүдтэй түүхий эдийг нь хангаж өгөхөд хамтран ажиллаж ирлээ. Төслийн хүрээнд сургалтад хамрагдсан малчид самнадаггүй байсан сарлагийн хөөврийг самнаж хоршоондоо өгдөг болж, хоршоо нь үндэсний үйлдвэртээ тушаагаад зах зээлийнх нь үнээр буцаагаад ноогдол ашиг өгдөг зарчмаар хоршоодууд ажиллаж байна.

2013 он хүртэл бэлчээр ашиглалтын гэрээний тухай яригдаагүй гэсэн үг үү?

2012- 2016 хүртэл “Бэлчээрийн судалгааны төсөл”-ийн хүрээнд манай аймгийн ойт хээрийн бүсээс Идэр сум, говь хээрийн бүсээс Сантмаргаз сумдыг загвар болгож байсан. Энэ хүрээнд гэрээ байгуулан газрын нэгдүгээр санд бүртгүүлэх ажил хийгдсэн. Түүнээс өмнө 5 жилийн хугацаатай анхан шатны гэрээг сумтайгаа байгуулаад явдаг байсан. Одоо бол Улсын мэдээллийн нэгдсэн бүртгэл, газрын нэгдүгээр санд бүртгүүлээд хаанаас ч харж болохоор болжээ.

Дундын сангийн ач тусыг малчдад яаж ойлгуулав?

Сумдаар нилээн тойрч хурал хийсэн. Хэсгийн ахлагч нартаа мэдээлэл сургалт өгөөд заримтай нь ээлжилж сургалт семинарт хамт явж, бусад аймгуудын туршлагыг судлуулдаг байлаа. Аяндаа хэсгийн ахлагч нар туршлага судлаж, гарц шийдлээ хамтдаа гаргаж эхэлсэн. Зохион байгуулалтанд оруулаад, дараа нь Дундын сан үүсгэхийн тулд БАХ-ын гишүүн бүхэн дундын сандаа 35000 төгрөг нийлүүлж хуримтлалаа үүсгэх ёстой. Тэрэн дээр жаахан асуудалтай байсан. Яг тэр үед зуд болчихсон, малчид багийн сандаа төлөг, борлон нийлүүлдэг байв.

Нэг сонгуулиар нэг багийн дарга гарч ирээд “Багийн сан” үүсгэж байна гээд баахан мал цуглуулж байгаад сонгуульт хугацаа дуусахад сан нь байхгүй болчихдог байлаа. Тиймээс Дундын сан байгуулья гэдэг дээр ойлголцохгүй нилээн удсан. Ямар ч ажил шууд шулуун бүтэх нь ховор доо. Тухайлбал, Гүррагчаа хэдэн малчдыг нэгтгээд авлаа, яах гэж байгаа бол гэх зэргээр улс төртэй холбож, хэл ам атаа жөтөө явна. Мэдсээр байж ажил унагах гэсэн нөхдүүд ч байлаа. Зарим нь ойлгохгүй 3-4 ярьж байж ойлгуулна. 1 дэхь дээр нь гайхаад өнгөрнө, 2 дахь удаа дээр асуулт асууна, 3 дахь удаад харилцан ярилцана, 4 дэхь дээр нь ойлгоод Дундын сандаа мөнгө төгрөгөө нийлүүлнэ, түүхий эд бэлтгэлээ нийлүүлнэ. Сүүлд нь хоршоо байгуулаад ноодол ашгийг нь зах зээлийн ханшаар олгоод ирэхээр ойлгож эхэлсэн гэж болно.

Анх сонсоод итгэхгүй байсан хүмүүс юунд дараа нь яагаад дундын санд мөнгөө нийлүүлэхээр шийдсэн юм бол?

Бэлчээрийн маргаан үүсэх нь багассан нь нөлөөлсөн. Нөгөө талаар банкнаас зээл авахад дор хаяж хоёр өдөр зарцуулна. Харин Дундын сангийн гишүүнээр элссэн бол 5-10 минутын дотор л өөрийнхөө мөнгөнөөс өөрөө зээллэж болдог болсон. Дээд тал нь 500 мянган төгрөгний зээлийг 6 сарын хугацаанд 2 хувийн хүүтэй авч болдог. Нэг хувь ТББ-ынхаа үйл ажиллагаанд захиран зарцуулдаг, нөгөө нэг хувь нь Дундын сангийн мөнгийг өсгөх зориулалттай байсан. Тухайлбал, 40 малчин өрх 1 сая 400 мянган төгрөг цуглуулж, төслөөс 1 сая 400 мянган төгрөг нэмж өгөөд тухайн бэлчээртэй хэсэгт нь данс нээсэн. Тэр данснаасаа бэлчээртэй хэсгийн малчид маань Дундын сангийнхаа журмыг батлаад дээд тал нь хэдэн төгрөг хэдий хугацаанд хэдэн хувийн хүүтэйгээр авах вэ гэдгийг тогтоогоод түүнийхээ дагуу тэр данснаасаа зээлээд явдаг зарчимтай.

Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал болсноор шинэ сорилт, асуудалтай тулгарсан уу?

Миний хувьд аймгийн холбоог нэгдсэн удирдлагаар хангаж, зөвхөн бэлчээр гэхгүй түүхий эдийн асуудлыг ч анхаарч ажилласан. СБАХ-дыг байгуулж хоршоодыг нэгтгээд “Тоонот цацраг” гээд Дундын хоршоо байгуулсан. Үндэсний үйлдвэрүүдийн тавьсан шаардлагын дагуу түүхий эд ямар стандарт хангасан байх, ямар үнээр авах вэ гэдэгт тохируулан нэгдсэн зохион байгуулалттайгаар жилд 400-500 тонн ноос бэлтгэн зах зээлд гаргаж ирсэн. Сумдаас 20- 50 тонн ноос бэлтгэхэд аймгийн хэмжээний 400-500 тонн ноос гаргаж байгаа юм. Дундын хоршоо бол анхан шатны хоршоодын зуучлан борлуулах гэрээг хийх л үүрэгтэй. Сум болгоны хоршоо гэрээ хийхээр очиход зардал чирэгдэл ихтэй, үндэсний үйлдвэрлэгчид танихгүй. Урьдчилгаа мөнгө өгөхгүй. Гэтэл аймгийн хэмжээний Дундын хоршоонд нэгдээд нэгдсэн зохион байгуулалтанд орчиход үйлдвэрүүдийн итгэлцэл хүртэл өөр болсон.

Анх эхлэх үеийн төсөөлөл одоо хийж байгаа ажлын хооронд хэр зөрүү байна?

Төсөл эхэлж байхад бэлчээр дээр төлөвлөлтийг нь зөв хийлгээд л явах юм байна гэж л ойлгож байсан. Гэтэл бэлчээр дээр мал байна, малаас түүхий эд гарна, малын эрүүл мэнд, үүлдэр угсаа гээд асуудлууд зөндөө бий. Мөн малчдыг соён гэгээрүүлэх ажил байна. Ямар ч улсын хөгжлийн гол үндэс суурь бол уламжлалт аж ахуй нь юм байна.  Жишээ нь, Хятад улсын уламжлалт аж ахуй нь газар тариалан. Монголын хувьд нүүдлийн мал аж ахуйд уламжлал ёс заншил, бүх зүйл нь шингэчихсэн байдаг. Бид энэ уламжлалаа орчин үеийн хөгжилд уялдуулж, төгөлдөршүүлэх юм бол Монголын хөгжлийн үндэс болно. Энэ даяаршсан нийгэмд зөв гаргаж тавих юм бол дэлхийн брэнд болж чадна гэдгийг ойлгож байна. Тиймээс бид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж малчидтай зөв зохион байгуулалттайгаар ажиллах хэрэгтэй.

Засгийн газраас гаргасан Монгол мал хөтөлбөр, Ноос, Ноолуур, Сүү зэрэг хөтөлбөрүүдийг зөв зохион байгуулалттай болговол үр дүнгээ өгнө. Гэтэл “линцез” гэсэн бичиг барьсан нөхдүүд орж ирээд малчдаас нь асуухгүйгээр шууд бэлчээрийг нь булааж байна. Энэ бол малчдын хувьд маш том түгшүүр болсон асуудал. Завхан аймгийн хэмжээнд гэхэд 198 хайгуулын лиценз бий. Малчид хэзээ ирээд хөөх бол гэсэн айдастай. Дөрвөлжин суманд уурхай орчихсон байна, Ургамал сумруу мөн орчихсон байна. Дээд тал нь 22 хайгуулын лицензтэй сум байна. Сумын төвд нь хүртэл орчихсон.

Бэлчээрийн хууль батлагдахгүй байгаа нь үүнтэй холбоотой юм болов уу?

Зах зээл эхэлсэн цагаас өмнөх үеийн өвөг дээдсийн хөдөлмөрлөж бүтээсэн үйлдвэр завод, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй гээд бүгдийг нь хувьчилчихсан. Одоо хувьчлах юм байхгүй. Одоо үнэгүй гэвэл бэлчээр л байна. Бэлчээрийн хууль гаргачих юм бол уул уурхайгаас ашиг хүртдэг нөхдийн эрх ашиг нь хөндөгдөх гээд байгаа юм. Тиймээс хаалт хийгээд байгаа гэж би ойлгодог.

Завхан аймгийн бэлчээр ашиглачдын холбооны ойрын зорилго, зорилт юу байна?

Завхан аймгийн хувьд бид багагүй л ажиллалаа. Гэхдээ төрийн залгамж халаа гэж юм алга.  2012-2016 онд ажиллаж байсан хүмүүсээс сумын Засаг даргаас бусад нь бүгд солигдсон. Шинэ улирдлагуудад үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлийг ойлгуулах гэсээр байтал 1-2 жил алддаг. 3-4 дэх жилдээ овоо ажил урагшилж байтал дараагийн сонгууль болчихоод байна. Ямартай ч, аймгийн ЗДТГ-тай хамтарч Бэлчээрийн хэлэлцүүлгийг хийлээ. Үүний үр дүнд 2018 оны 12 дугаар сарын 3-ны Аймгийн ИТХ-аар “Завхан аймгийн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам”-ыг батлууллаа. Мөн үүнийгээ Хууль зүйн яаманд бүртгүүлсэн. Энэ бол нэг том эрх зүйн акт.

Ирээдүйд “Хариуцлагатай нүүдэлчин” хөтөлбөр хэрэгжээд явна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж нээгдэж ухаалаг тогтолцоонд шилжих юм. Үүнийг төр засаг маань ойлгож дэмжээд хамтраад ажиллах юм бол Монголын ХАА-н салбар брэнд болохын үүд хаалга нээгдэнэ гэж би хувьдаа ойлгож байгаа.

Нүүдлийн мал аж ахуйгаа гарч байгаа бүтээгэдхүүн бол тансаг хэрэглээ гэж боддог. Таны хувьд?

Монголын ХАА-н түүхий эд нь байгалийн цэвэр эко бүтээгдэхүүн. Гэвч бид энэ үнэ цэнэтэй бүтээгдэхүүнээ дэлхийд брэнд болгож, гарал үүслийг нь тодорхойлж чадахгүй байгаа. Дэлхийн 7 тэрбум хүний бүх хүнсийг Монголоос хангаж чадахгүй ч брэнд болгочихвол улс маань ч хөгжинө, малчид маань ч хөлжинө. Байгалийн аялал жуулчлалаа зөв холбоод зан заншлаа танилцуулаад явбал заавал уул уурхай гэж хошуураад байх шаардлагагүй болно. Хөгжлийн эхэнд ганц хоёр уурхайгаа ашиглалгүй яахав. Бусдыг нь үр удамдаа үлдээгээд энэ уламжлалт мал аж ахуйгаа зөв зохион байгуулаад дэлхийд таниулвал Монгол улсаа хөгжүүлэх их амархан гэж хардаг. Өнгөрсөн өвөл хятадууд мах аваад эхлэхэд “Муусайн хятадууд манай малчдын хотыг харлуулах гэлээ” гэх яриа гарсан. Ер нь малчин хүн тэгж хотоо харлатал малаа зардаг хүн үү, экспорт гээд л яриад байдаг ч хийгээд эхлэнгүүт түүнийгээ шүүмжлээд буруу юм яриад байх шиг.

Өнгөрсөн хугацаанд НАМЭМ төслийн хүрээнд улам сайжруулсан эсвэл шинээр хийсэн ажлуудаасаа танилцуулаач.

Бид бүгдийг л шинээр хийсэн. Бүлгийн зохион байгуулалтанд орууллаа, бэлчээрээ зүй зохистой ашигладаг боллоо. Аймгийн бэлчээр ашиглах журмаа батлуулж, Хууль зүйн яаманд бүртгүүлчихлээ, мөн дээр нь бэлчээрийн гэрээ байгууллаа. Энэ нь тухайн малчдыг бэлчээртээ эзэн байх тэр боломжийг олгож, малчид ч хариуцлагатай болж ирж байна. Одоо манай Завхан аймгийн Шилүүстэй, Сантмаргаз, Тэс, Асгат зэрэг 4 сум бэлчээрийн сантай больё гэсэн санаачлага гаргаад хамтарч ажиллаж байна. Жишээлбэл, Шилүүстэй сумын бүх багийн хурлаар нь орж малчидтай уулзаж сангийнхаа талаар ярьсан. Малчид бид гэрээ байгуулж, сангаа байгуулаад бэлчээртээ хөрөнгө оруулалт хийе гэсэн. Аймаг орон нутгийн хөгжлийн сангаас Шилүүстэй суманд 5 сая төгрөг тавигдсан байна лээ. Бид бас тодорхой хэмжээний түүнтэй адил мөнгөөр дэмжиж байна.

Малчид өөрсдөө ярилцаад даацаас хэтэрсэн хонь болгондоо 50 төгрөг сандаа нэмэрлээд жил болгон тэр сангаа нэмэгдүүлж байна. Бид сангийнх нь суурийг бэлдэж өгье, сангаа аривжуулаад бэлчээртээ хөрөнгө оруулалт хийе гэсэн санал санаачлагууд гарч байна. Гэрээ байгуулаад хариуцлагатай болгоод ирэхээр малчид өөрсдөө санаачлага гаргадаг болж байна. Ирээдүйд Бэлчээрийн хууль нь батлагдаад явбал тухайн орон нутгийн малын хөлийн татвар хураамж нь нутагтаа үлддэг байх. Түүнийгээ тухайн малчид нь орон нутгийнхаа бэлчээр төлөлвлөлт, зохион байгуулалтанд зарцуулдаг болчихвол их аятайхан болох байх. Манай аймгийн үлгэрчилсэн журам батлагдчихсан тул Сумын засаг дарга нар санал тавьж байна. Манай сум ийм бэлчээрийн сантай болмоор байна ирж сургалт хийж өгөөч гэж байна. Аймаг баталчихсан учраас сумдууд ч Сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмаа батлана.

Энэхүү журмыг хүмүүс юунаас болж эсэргүүцээд байдаг юм бол? Тэд өөрчлөгдөж байна уу?

Олон малтай хүн л эсэргүүцнэ шүү дээ. Цөөхөн малтай айлынхаа бэлчээрийг талхалчихдаг. Өнгөрсөн намар Сант суманд малчны зөвлөгөөн хийгээд Бэлчээрийн  сангийнхаа талаар бүгд ярилцаад гараа өргөсөн, Саяхан очиход эсэргүүцдэг хүмүүсийн санаа эргэчихсэн байна лээ. Малчид маань хоорондоо хамтраад бэлчээр усандаа хөрөнгө оруулалтаа хийгээд хариуцлагатай ажиллаж байвал л бидний зорилго шүү дээ. Одоо манай 3 сумын Дундын сан өргөжөөд Хадгаламж зээлийн хоршоо боллоо. Дундын сан нь 50-аас дээш сая төгрөг гэсэн шалгуурт нийцсэн 3 сум эөн нэ жил саналаа өгчихсөн байна.

Идэр сум гэхэд 12 сая төгрөг малчдаасаа цуглуулж, төслөөс 12 сая төгрөг өгч 24 сая төгрөгтэй Дундын сан нь эхэлж байсан ч жилийн эцсийн дүнгээр хүү нь нэмэгдээд 63 сая төгрөгний дундын сантай болчихсон байх жишээтэй. Малчид нь ч гэсэн урам зоригтой, тэндээсээ зээлээ авдаг. Цаашдаа Хадгаламж зээлийн хоршоо болгоод явах бүрэн боломжтой. Нэгэнт зүг чиг маань тодорхой болчихсон, Хадгаламж зээлийн хоршоод маань улам өргөжөөд ирээдүйд Малчны банк болох ч юм билүү.

Та бол Ногоон алт малын эрүүл мэндийн төсөлтэй хамгийн урт хугацаанд ажилласан хүмүүсийн нэг. Таныг анх СБАХ–ээ байгуулаад явж байх үеийн малчдын амьдрал, одоогийн байдал хоёрыг харьцуулбал ямар өөрчлөлт гарсан бэ?

Тухайн үед айлуудад ороход зөөхий тавьсан айл цөөхөн байсан. Зуд турхантай ч байсан. 2009-2010 он гэдэг чинь зудны жил байлаа шүү дээ. Мал цөөхөн байсан бол одоо өссөн. Хэрэглээ нэмэгдсэн. Амьдрал нь сайжирсан байна. Сум болгондоо ТББ байгуулаад бүгд оффистой, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Дундын сангаасаа шаардлагатай үедээ зээлээ аваад хэрэгтэй бүхнээ зохицуулчихна. Түүхий эд бэлтгэл зохион байгуулалтанд орж байна. Малчдын амьдрал ахуй бол үнэхээр дээрдсэн.

Бодлого боловсруулагч нарт хэлэхийг хүсч байгаа зүйл  байна уу?

Щвейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл Монголд 2004 оноос хойш 15 жил хэрэгжиж байна. 15 жилийн хугацаанд Малчдыг нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулж ажилласан ийм том хэмжээний төсөл хөтөлбөр цөөхөн шүү дээ үнэндээ. Энэ бэлэн системийг төр ойлгоод Монгол улсын хэмжээнд ХАА-н загвар болгоод төрийн бодлогодоо оруулаад явчихвал мэдээлэл сургалт маш хурдан хүрнэ. Стандарт, ложистик гээд бүх зүйл цэгцэндээ орно. Малын эрүүл мэнд, үржил селекци зохион байгуулалттай болно. Малчдын санхүүгийн асуудал шийдэгдэнэ, бэлчээрийнх нь асуудал ч зохион байгуулалттай болно. Ийм бэлэн туршигдсан загварыг төр ойлгоод ажил хэрэгтээ нэвтрүүлээд явчих юм бол ХАА маш хурдан хөгжих сэргэх боломж байна гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөе.

ФОТО