"Монгол Улсын 200,000 малчин өрх сэргээгдэх эрчим хүч хэрэглэж байгаа нь дэлхийд байхгүй жишиг"
Сэргээгдэх эрчим хүч дэлхийн чиг хандлага болж байгаа энэ үед Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 7.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна.
"Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" бодлогын баримт бичигт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хэрхэн нэмэгдүүлэх талаар зорилтуудыг дэвшүүлжээ. Тодруулбал, 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувь, 2025 онд 25 хувь, 2030 онд 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс хангах төлөвлөгөө гаргасан байна.
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний тѳв ТӨҮГ газрын Ерѳнхий инженер, Судалгаа тѳсѳл хѳтѳлбѳрийн хэлтэсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Баяржаргал дээрх төлөвлөгөөг танилцуулаад 2020 онд гэхэд 20 хувьд хүрэх боломжтойг хэллээ.
Мөн тэрбээр манай орны хувьд нар, салхин эрчим хүчний нөөц, усан цахилгаан станц барих нь үр ашигтай эсэх талаар мэдээллийг өгсөн юм.
- Монгол оронд жилийн 270-300 өдөр цэлмэг байдаг тул нарны эрчим хүчийг ашиглах боломжоороо дэлхийд дээгүүрт ордог аж. Нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2,250-3,300 цаг байдаг бөгөөд нарны эрчим хүчийг дулаан гаргах, цахилгаан гаргах гэсэн хоёр төрлөөр ашиглаж байна. Монгол орны өмнөд хэсэг буюу Дорноговь, Өмнөговь аймагт нарны цахилгаан станц барих нь илүү үр дүнтэй ажээ.
- Салхины хувьд ч мөн Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар нягт ихтэй байдаг нь олон улсын ангилалаар "Маш сайн" хэсэгт багтдаг байна. Мөн нутгийн зүүн болон зүүн өмнөд хэсэг салхины эрчимжилт өндөртэй ангилалд хамаарч байгааг Э.Баяржаргал дарга хэлж байлаа. Энэ бүс нутгуудад салхины эрчим хүчийг ашиглах нь өндөр үр ашигтай байх гэнэ.
- Усны эрчим хүчний нөөцийн хувьд Монгол орны баруун, баруун хойд хэсэгт байрлах голууд дээр илүү боломжтой юм байна. Усыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх хоёр үндсэн технологи байдаг. Эхнийх нь гол, мөрөн дээр томоохон хэмжээний нуур үүсгэх бол хоёр дахь нь голын усыг уулын орой руу зөөж гаргаад, доош урсгаж эрчим хүч үйлдвэрлэх технологи аж. Ингэхдээ шөнө буюу эрчим хүч илүүдэлтэй үед насосоор усыг дээш соруулж гаргаад, хэрэглээ ихтэй цагуудад доош урсгаж эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
"200 мянган малчин өрх сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа нь дэлхийд байхгүй жишиг"
Сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд өөрсдөө үйлдвэрлэж ашиглах нь агаарын бохирдол буурахад чухал үр дүнтэйг Э.Баяржаргал дарга онцолсон юм.
Мөн тэрбээр "Манай улсад өрхийн хэмжээнд ашиглах эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж ашиглаж байгаа 200 мянган малчин өрх байгаа нь дэлхийд байхгүй жишиг. 2001-2011 онд "100 мянган нарны гэрэл" хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, БНХАУ-ын Засгийн газар, Японы Засгийн газруудтай хамтран хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр төлөвлөснөөс илүү амжилттай хэрэгжиж 150 мянган малчин өрх гэртээ цахилгаан үүсгүүртэй болсон. Маш уудам орон зайд тархан суурьшсан малчин өрхүүдийг эрчим хүчээр хангасан ийм төсөл дэлхийн хаана ч хэрэгжиж байгаагүй" хэмээн ярилаа.
Одоо бол хөдөөд нарны тольгүй, салхин сэнсгүй малчин айл бараг үгүй бөгөөд зах худалдааны төвүүдээс худалдаж аваад ашиглах мэдлэг хэдийн бий болсон байна.
Түүнчлэн малчин айлыг бодвол арай илүү хэрэглээтэй, суурин айлууд ч өрхийн хэрэгцээний эрчим хүчээ сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэж хэрэглэх найдвартай шийдлүүд бий болоод байгаа.
Анхны хөрөнгө оруулалт буюу тоног төхөөрөмжийн үнэ өртөг өндөртэй байгаа учраас өрхийн хэрэглээнд олноор нэвтэрч чадахгүй байна.
Монгол Улс Азийн супер сүлжээнд эрчим хүч нийлүүлэх боломжтой юу?
Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтийн бараг гуравны хоёр хувийг Ази тив эзэлж байгааг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас гаргасан тайланд дурдаад буй. Энэ үед Азийн эрчим хүчний супер сүлжээний асуудал мөн эрчимтэй яригдаж, манай улсын хувьд эрчим хүч нийлүүлэх сонирхлоо удаа дараа илэрхийлсэн.
Сэргээгдэх эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг Супер сүлжээнд нийлүүлэх нь Парисын гэрээгээр манай улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, агаарын бохирдолтой тэмцэх, ялангуяа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ялгаруулж буй утааны хэмжээг багасгах чиг хандлагад нийцнэ гэдгийг Э.Баяржаргал дарга хэлж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
