Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар болон орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий 80 сая долларын хэлэлцээрийг баталлаа

ikon.mn
2019 оны 12 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын зарим гэр хороолол, хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ хүргэх зорилго бүхий 80 сая ам.долларын зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь 158.34 сая ам.долларын санхүүжилттэй “Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд зурагдаж буй эхний үе шатны төсөл юм. 

“Эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох нь АХБ-ны Монгол улс дахь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. Энэхүү төсөл нь эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаа бөгөөд АХБ-ны 2030 хүртэлх урт хугацааны стратегийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байгаа юм.” хэмээн ноён Магий тэмдэглэв.

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
 

АХБ-ны дэмжлэгтэй энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь тус банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй анхны олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөр болж байгаа ба гурван том төслөөс бүрдэх юм. Хөтөлбөрийн хүрээнд мэс засал, эх барих, эмэгтэйчүүд болон бусад тусламж үйлчилгээг амбулатор болон хэвтэн эмчлүүлэх тасгуудаар цогц үзүүлэх дүүргийн нэгдсэн эмнэлгийг Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ашиглалтад оруулна. 

Түүнчлэн Ховд болон Увс аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүчин чадлыг өргөжүүлж, Улсын түргэн тусламжийн төвийг шинэчлэн сайжруулж, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор 6 сумын эрүүл мэндийн төвийг хөдөө орон нутагт, 10 өрхийн эрүүл мэндийн төвийг Улаанбаатар хотод байгуулна. Мөн цаашлаад салбарын дунд болон урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд нөөц боломжийг илүү оновчтой, үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлд дэмжлэг үзүүлнэ.

Шинэчлэн сайжруулах Хан-Уул дүүргийн эмнэлэг болон өрхийн зарим эмнэлгүүдэд АХБ-ны итгэлцлийн сангуудын нэг болох Харилцан кредит олгох механизмын Японы сангийн дэмжлэгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын болон агааржуулалтын систем, газрын дулааны насос, нарны эрчим хүчний үүсгүүр зэрэг нүүрсхүчлийн хийн ялгарал багатай шинэлэг шийдлүүдийг ашиглах бөгөөд зураг төслийг ухаалаг, ногоон зураг төслийн зарчмаар гүйцэтгэх юм.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий нар гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн яам болон Сангийн яамны төлөөлөгчид оролцлоо.

 

 

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк