(Өнгөрсөн хойно мэргэн болох шиг амархан зүйл байхгүй)
Өмнөтгөл:
“Болгоомж бол зөв шийдлийн ээж. Болгоомжтой нэг нь ивээгдэнэ”. Мэргэдийн ийм нэгэн сургаалыг зорин байж сануулж, бодон байж сэрээхийг хүссэнд минь учир бий.
Аюулгүйн эхний алхмыг болгоомж хэмээн оношилдог. Тэгвэл чухам юунаас, яагаад болгоомжлох ёстой вэ? Бидний өмнө аюул тийм ойрхон байгаа гэж үү? Асуултын хариултыг, болгоомж хүсэн учирласан шалтгаанаа Танд ойлгомжтой хэлбэрээр, тайлбарлан хүргэхийг хичээлээ, Та мэргэн оюундаа тунгаана уу!
Ирээдүйн нөлөө ба тусгал
Монгол Улсын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй ямар нэг нөлөө үзүүлэх хүчтэй салбар юу вэ?. Мэдээж Гадаадын банкны салбар (ГБС) манай улсад үйл ажиллагаа явуулах, эсэх тухай юм. Тэр тусмаа хаяа зэргэлдээ хэт хүчирхэг хөрш улсын банкны салбар орж ирвэл зөв зохистой биш нөхцөл байдлыг бий болгох боломжтой гэдгийг юун түрүүнд бодоорой. Богино хугацаанд биш юм гэхэд алс хэтдээ.
Таагүй үр дагаврыг товч дурдъя, 1 - рт, манай үндэсний банкууд томоохон хэмжээнд өрсөлдөх чадваргүй байна. 2 - рт, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын чанартай зээл олгодог. Энэ ч утгаараа “сорчлох ажиллагаа” шууд өрнөнө. “Сорчилно” гэдэг нь, манай жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжихээсээ илүүтэй тухайн улсын санхүүжилтээр өндийж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдэд төвлөрөхийг хэлээд буй хэрэг. 3 - рт, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан автоматаар өснө. 4 - рт, энэ бүгдийг эргэж засах боломжгүй, нэгэнт хожимдсон байна. Ийм таагүй дүгнэлтээр угтвар ивж, хардан болгоомжлоод буйд минь олон шалтгаан бий.
Монгол Улс ГБС - ыг оруулж ирэхэд бэлэн биш байна, өнөөдөр. Юуны өмнө банк, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах бодитой бодлого хэрэгжүүлэх асуудал зайлшгүй шаардлагатай байна.
Зөв зүйтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд банкны салбарын хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах хүмүүс мэргэжлийн байх нь чухал.
Монгол Улсын банктай холбоотой 55 гаруй хуулийг энд заавал дурдмаар байна. Өө сэв ихтэй, дутуу дулимаг хуулиудыг Төв банкны болон бусад холбогдох яам, агентлагийн үе үеийн чадваргүй гэхээсээ илүүтэй улс орноо сэтгэл зүрхнээсээ хөгжүүлье гэсэн бодолгүй, сэтгэл муутай, онол муу мэддэг гэхээсээ хүнд сурталд автагдсан, бодит амьдрал дээр бизнес яаж хийгддэгийг ойлгодоггүй, туршлагагүй мэргэжилтэн, түшмэд, захирлууд, сайд, дарга нар, Ерөнхийлөгчид тухайн үеийнхээ УИХ - ын холбогдох гишүүдтэй нийлж, хамтран боловсруулж баталснаас үүдэлтэй. Үнэндээ бидний тулгамдсан асуудлын нэг нь энэ.
Харж, сэрэх, шийдвэрлэх учиртай асуудал нэг бус байна. Жишээлэхэд, өнөөдөр Монголд 13 – н арилжааны банк нэг салбарт яг ижил бизнесээр өрсөлдөж байна. Ингэснээр аль алинаа хоосруулж (олсон нэг төгрөгийн орлогоо 13 хуваана гэсэн үг), хүчээ тарамдуулахаас цаашгүй. Гэтэл үүнийг бодлогоор зохицуулж, цөөлөх талд ач холбогдол өгөлгүй өдийг хүрлээ. Угтаа “Манай банкны салбарын бодит төрх мэдлэггүй улстөрчид, бодлого тодорхойлогчид буюу удирдагчдын маань толины тусгал”.
Хамаарал
Юун түрүүнд, гаднын банкны Төлөөлөгчийн газрыг, салбарыг нь оруулж ирэх, эсвэл охин компанийн хэлбэрээр үйл ажиллагааг нь дотоодод ажиллуулах гэдгийн ялгааг тайлбарлая.
Төлөөлөгчийн газар: Толгой банкныхаа нэрийн өмнөөс арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулахгүй. Тодорхой судалгааны шинжтэй, Төв рүүгээ мэдээлэл илгээх үйл ажиллагаанд төвлөрдөг.
Салбар банк: Монголд байрлаж байгаа ч гадаад дахь толгой банкныхаа дүрмийн сан, санхүүгийн нөөц, удирдамж, чиглэл, бодлогоор шууд өрсөлддөг баг бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, манай хууль тогтоомжийн дагуу бус өөрийн улсынхаа холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна (Бидэнд тун осолтой хэлбэр).
Охин компани: Дүрмийн сангаа толгой банкнаасаа тусгаарлаж, манай орны хууль эрх зүйн дагуу өрсөлдөнө. Бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагдана. Эндээс харахад бидэнд аль нь эрсдэл багатай вэ гэдэг тодорхой байгаа биз.
Монголд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар охин компаниа байгуулсан банк гэвэл “Чингис хаан”, “Кредит” зэрэг. Охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад хүртэл төрийн өмчлөлтэй банк уу, хувийнх уу, бүр цаашлаад хөрш улсынх уу, гуравдагч улсынх уу гээд олон зүйлийг хоршуулан тунгаан бодолцох ёстой.
Зэс, нүүрс, цайр, төмөр, гутал, хувцас, талх тариа, хүнсний ногоо гээд бусад аж ахуй, үйлдвэрийн хөрөнгө оруулагчид хийдгээ л хийнэ. Түүнээс биш бусад салбарын хувийн хэвшлийн ажилд оролцох бүү хэл нөлөөлөх ч боломж бага.
Харин банк бол зах зээл дээр үйл ажиллагаа явуулж, оролцож байгаа ямар л салбар байна бүгдийг онилж чадна. Тэдгээрт мөнгөний эх үүсвэр, зээл, худалдааны санхүүжилт г. м. олон зүйл дээр дэмжих эсэх, хэр өрсөлдөхүйц байх вэ гэдэгт нь шууд нөлөө үзүүлэх бодлогын бизнес хийдэг. Жишээ татъя. Уул уурхай, газар тариалан, барилга, зам, гүүр гээд улирлын ажлууд байна. Тэнгэр цаг агаарт тааруулан тохируулж, шийдэл шийдвэрээ даруй гаргахгүй бол шууд жил алддаг бизнес. Ийм бизнест төрөөс олгодог зөвшөөрөл, гэрээ хэлцэл, бэлтгэл ажил, бараа материал татан авалт, ханган нийлүүлэлтээс гадна банкнаас зээл олгох уу, үгүй гэдэг шийдвэр хамааралтай.
Банк хэн нэгний зээлийг хатуу шаардлагаар ганц долоо хоног уяхад л дотоодын аж ахуйн бизнесийн үйл ажиллагааны горим алдагдаж, төлөвлөгөөнд нь эрсдэл үүсдэг.
Энэ бол аливаа бизнест чөдөр болдог нэг жишээ. Газар тариалан, барилга, уул уурхай гээд улирлын чанартай салбарын аж ахуйн нэгжүүдийн бизнес давтамжийг хоёр, гурван жил чөдөрлөж түвэг удахад л бүх зүйл ганхана. Барьцаагаа алдахаас эхлээд ар араасаа ханарна гэсэн үг.
Гинжин хэлхээ
Сүүлийн дөрөв, тавхан жилд хэрэгжсэн орон сууцны санхүүжилтийн цаана найман хувийн зээлээр байртай болсон өрх хэдийнээ 100 - н мянгад хүрсэн. Энэ том ажилбарын маш чухал ач холбогдлыг иргэд үнэндээ мартчихдаг. Барилгын салбар дахь мэргэжлийн болоод бусад үйлчилгээ, электрон бараа, мебель тавилгаас эхлээд л худалдаа үйлчилгээний бүхэл бүтэн сүлжээ энд хамаатай. Бүх үйл ажиллагаа мөнөөх найман хувийн зээл гэх том хүчин зүйл дээр босож өндийж, амьсгалж байна. Төрийн бодлогоор нэгнийгээ дэмжих том, шинэ орон зайг банкныхан ийнхүү бий болгосон юм.
Дэлхий нийтэд санхүү, зээлийн үйлчилгээний хүрэлцээ гэдэг үзүүлэлт чухал байдаг. Хүмүүс зээл авах бололцоо байна уу, үгүй юу гэдэг шалгуур үзүүлэлт юм. Монгол Улсын энэ үзүүлэлт муугүй. Бодоод үз дээ. Өнөөдөр зээлгүй иргэн, аж ахуйн нэгж Танд олдох болов уу. Хүртээмж сайн, боломж бололцоотой байгаагийн илрэл энэ. Гэтэл үүнийг сөрөг талаас нь харж, “зээлгүй хүн алга” хэмээн толгой сэгсрэн шогширдог нь харамсалтай. Нөгөө талыг харвал, зээлийн хүү өндөр, хугацаа богино гэсэн том асуудал байдаг нь гарцаагүй үнэн. Уг нь төрийн бодлогоор энэ асуудлыг тодорхой хугацаанд, түргэн шийдвэрлэх шийдэл хангалттай бий.
Өрсөлдөөн
Зээлийн хүүг бууруулж, хугацааг багасгах ямар шийдлүүд байж болох вэ. Нэн тэргүүнд, Арилжааны банкууд иргэдийн хугацаатай хадгаламжид жилийн 11 - 14 хувийн хүү төлдөг. Үүнийг УИХ, Монголбанкнаас буулгах бүрэн боломжтой.
Мөн өдөртөө, маргаашдаа, богино хугацаанд мөнгө нь гардаг Харилцах дансанд буюу урсгал дансанд банкууд тав хүртэл хувийн хүү төлдөг явдлыг хориглох гээд шийдлүүд байна.
Үнэ цэнэ
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын лиценз эзэмшигчийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг банк, санхүүгийн байгууллагад барьцаалж болдог.
Тухайн банк нь барьцаалсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг үүрэг хүлээдэггүй. Эндээс харахад, гадаадын банкууд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах эрх нээлттэй.
Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн заалтаас сөхье. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, бүрэн төлөөгүй, мөн барьцааны зүйлийг аль нэг этгээд дуудлага худалдаагаар аваагүй бол тухайн эд хөрөнгийг банк төлбөрт тооцож, банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжүүлэх боломжтойг уг хуулийн заалтаас харж болно.
Модун Шанью хаан “Газар бол улсын үндэс” хэмээсэн. Ухан ойлговоос, үнэ цэнийг нь шууд үнэлж боломгүй, огтоос ондоо амин чухал хөрөнгө гэж байдаг. Манай үндэсний компаниуд, банкууд төлөвшиж, томроогүй байна. Чухам ийм үед газар, лиценз гээд амин чухал зүйлсийг барьцаалах эрхтэй гаднын банкийг оруулахыг манай улс хойшлуулсаар ирсэн нь нэг талаар Монгол төрийн зөв бодлого. Энэ ч утгаараа нөхцөл бүрдэж, бэлэн болсон цагт л үйлдэл хийх нь зүйтэй.
Гадаадын банкны салбарыг оруулах бол урт хугацааны бодлогын асуудал. Туршиж үздэг ч зүйл биш. Больж, сольдог зүйл бүр ч биш.
Ийн болгоомжлоод буй олон шалтгааны бас нэг нь барьцаа хөрөнгө. Учир нь хэн нэгний хувийн аж ахуй гэлтгүй их хэмжээний зээл авсан томоохон төсөл, бизнесийн барьцаа хөрөнгө гадаадын банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжих бололцоо нээлттэй байна, өнөөдрийн хуулиар. Тэд хураан авснаа өөрийн улсын компани, эсвэл иргэнд ямар үнээр шилжүүлэх нь тэдний бүрэн эрхийн асуудал болчхож байгаа юм.
Тэрчлэн, Монгол Улсын Газрын тухай хуулийг сөхөөд нэг хараарай. Гаднын банк газар эзэмших эрхийг ч барьцаалах боломж нээлттэй. Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай өнөөгийн хуулиар ч тэр гадаадын банк нь зээлийн барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх бүрэн эрхтэй.
Хандлага
Дахиад нэг эрсдэл. Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар гадаадын банк нь Монголд үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд зээлдэгч иргэн, хуулийн этгээдийн зээл, түүнтэй холбоотой мэдээлэл, лавлагааг онлайн болон бичгээр авах бүрэн эрхтэй. Тус хуулийн 6 дугаар зүйлд “Зээлийн мэдээлэл” гэдэгт яг юу байдгийг тодорхой заачихсан байгаа.
Товчхондоо бол санхүүгийн салбарын, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх эрсдэл энэ биш гэж үү. Муугаар бодоход, гаднын банк, аль нэг ажилтан нь шударга бус үйлдэл хийхээр шийдвэл харилцагчдын талаарх мэдээллийг өөрт ашигтай ямар ч хувилбараар эргэлдүүлэхийг үгүйсгэх аргагүй. Хэрэв иймдээ тулбал, манай улсын хуульд шууд захирагдахгүй. Гаднын иргэн, хувь хүний үйлдэлд үзүүлэх хүч мөхсөднө.
“Дотоодын банкуудыг активтай нь харьцуулбал, жилийн 1.04 – 2 хувийн ашигтай. Өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал, жилийн 8 – 9 хувийн л ашигтай ажиллаж байна шүү дээ”.
Бид яах ёстой вэ? Гаднын банк, ямар нэг зээлдүүлэгч, хөрөнгийн эх үүсвэр хэмээхээс илүүтэй эхлээд байдлаа бодитойгоор харах нь чухал. Монголоор овоглосон байгууллага бүр ажилтнууддаа яаж боломжийн цалин олгох, зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр боломжит бүх талаас нь тунгаан бодож, ямар нэг арга хэмжээ авмаар байна. Гол нь үүнд төрийн бодлого үгүйлэгдэж байна.
Өнгөрсөн 29 – н жилд, тодруулбал, 1990 оноос хойш Монголын төр зээлийн хүүг бууруулах талаар юу хийв. Банкны салбараа бусад улс орнууд шиг санхүүгийн талаар дэмжсэн дорвитой, учир утгатай бодлого хэрэгжүүлсэн билүү? Шуудхан хэлэхэд ҮГҮЙ.
Тэрчлэн, дотоодын банкуудаа хагартлаа баяжигсад, мөнгө хүүлэгчид, ард түмнээ тоногсод хэмээн адлан буруутгадаг популист хандлага улам бүр батажсаар байна.
Үнэндээ Та бидний боловсролын түвшин муу, хандлага буруу байгаа цагт энэ хандлага өөрчлөгдөхгүй.
Банктай холбоотой хоёрхон тоо хэлье. Дотоодын банкуудыг активтай нь харьцуулбал, жилийн 1.04 - 2 хувийн ашигтай. Өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал, жилийн 8 - 9 хувийн л ашигтай ажиллаж байна шүү дээ.
Хомсдолд дөрөөлсөн бодлого
Гаднын банкны зорилготой үйл ажиллагаанаас эмээхийн учир юу вэ?. Тайлбар. Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хямралтай, буурай хөгжилтэй байна. Чухам энэ нь гаднынхан дөрөөлөх аятай хөрсийг бүрдүүлж буй хэрэг.
Ашигтай, шимтэй бүхнийг зээлээр дамжуулаад эзэмшигчдээс нь авах, бидний эдийн засгийг мөнгө болоод зээлийн хомсдолоор ганхуулах, зээлдэгчдэд бодлоготой, ялгаатай хандах гээд ойлгочхож (Хөгжихгүй байгаа Ази, Африк, Латин Америкийн орнуудын туршлагаас харахад) болно. Жишээлэхэд, алтны лицензтэй ижил хоёр компанийн үзүүлэлт яг адил байлаа ч зээлээр аль нэгийг нь дэмжихээс л босох, сэхэх нь эхэлнэ.
Түүнчлэн, “амыг нь мөнгөөр таглах” явдал гарвал яах вэ, бид. Өнөөдөр хуучин социалист зүүн Европын орныхон зээлээ шийдвэрлүүлэхийн тулд Лондон, Парисыг зорьж байна. Үүнтэй адил монголчууд Бээжинг “хүсдэг” болж ч магад. Зүүн Европын орнууд банкуудаа барууныханд алдсан. Энэ нь бид хэзээ ч туршиж байгаагүй зүйл болох Гадаадын банкны салбар байгуулахад гарах эрсдэлийг ухан ойлгож, урьдчилан сэргийлэхийг сануулсан тод жишээ, үйл явдал мөн.
“Үндэсний гэх банкгүй болсон тэдгээр улс үүндээ хэдий харамсан гундуу байх ч, эргэж буцах тал дээр хэрхэхээ мэдэхгүй бухимдаж сууна”.
Яагаад заавал Бээжин гэж ...? Чухам Бээжин рүү мордох уу, Лондонг зорих уу гэдэг тухайн банк хаанахын өмчлөл, харьяалалтайгаас шалтгаална. Хуучин социалист орнуудын дийлэнх нь өөрийн үндэсний арилжааны банкгүй болсон. Учир нь гэвэл зах зээлд ороод учраа мэдэхгүй мунгинаж байх хооронд баян бөгөөд хөгжчихсөн өөр улс орнууд банкуудыг нь худалдаад авчихсан. Ийм Үндэсний гэх банкгүй болсон тэдгээр улс үүндээ хэдий харамсан гундуу байх ч (бандан пад), эргэж буцах тал дээр хэрхэхээ мэдэхгүй бухимдаж сууна. Унгар, Болгар, Чех, Румын, Польш зэрэг улсын банкируудтай уулзаж, ярилцаж явахдаа үүнийг мэдсэн, харсан, харамссан.
Хямрал болох ахуйд барууны банкууд нь зээлээ зогсоочихно. Хэдхэн жилийн өмнө Унгар улсын тухайн үеийн Засгийн газар барууны орнуудад авсан зээл, хүүгээ төлөхгүй хэмээн “ёс зүйгүй үйлдэл” хийж байв. Арга ядахдаа л ийн гэдийхэд хүрсэн нь тодорхой. Нэгэнт мөнгө өгсөн бол банкууд зээлээ, хүүтэй нь буцаан авч л таарна. Олон улсад баталгаажсан, мөрддөг хууль дүрэм гэж бий.
Үзэн ядалт
Монгол Улс олон арван жил хөршүүдтэйгээ энхтайванч, найрамдалт харилцаатай явсаар өдгөөг хүрсэн. Энгийнээр хэлбэл, бидний хооронд зарим нэг асуудлыг эс тооцвол өөр ямар нэг улс төрийн болон бизнес, аж ахуйн хэрүүл алга. Энэ нь бидэн шиг цөөхүүлээ, буурай орны хувьд маш чухал үнэлгээ. Тэр ч утгаараа ялангуяа, их гүрнүүд болох хөрш улсын төрийн өмчлөлтэй банкны салбарыг оруулж ирээд цагийн явцад хүндрэлтэй асуудал үүсвэл үр дагавар нь тун онцгүй байхыг олон олон жишээ, тайлбараас ойлгож буй биз ээ. Хэтдээ “Монголын төр мөнгө хүүлэгчдийн аманд иргэдээ, улсаа өглөө” гэсэн үзэн ядалт нийгэмд үүсвэл яах вэ?, хоорондоо дайтах уу?, үүнээс хэн хожих вэ?.
“Хятадын төрийн банк ороод ирвэл ажил жигдрээд, амьдрал сайжраад, улсаараа хөгжинө” хэмээн хээвнэг ярьж суух хүмүүс ч байх юм. Ийм бодлогогүй, мэдлэггүй, богино бодолтой хүмүүс бидний дунд байгаа нь эмгэнэл биш гэж үү.
Хэдийгээр өнөөдөр Хятадын төрийн банк хэн нэгний хүсэл мөрөөдлөөр ороод ирчихгүй ч их гүрний бодлого Монголд хүч түрэн хэрэгжихгүй гэх баталгаа алга.
Ер нь бол гаднын банк манайд хаалгаа нээж болно. Харин тэднийг өрхөө татаж, үүдээ нээхээс нь өмнө бид тулганы чулуу, хана, баганаа өөрсдөө тун сайн бэхэлсэн байх учиртай.
Зохицуулалт, хязгаарлалт, учир утгатай болзол, нөхцөлөө хууль, журам, гэрээндээ тодорхой тусгаж өгөх ёстой. Мэдээж улс орон бүр эдийн засгийн багтаамж, улсын хэмжээний чадамж буюу потенциал, газар зүйн байршил гээд хамааралтай бүгдийг тооцож, судалж, бодон байж хариу үйлдэл үзүүлдэг байж таараа.
Хүний хүн
Судалгаанаас харахад, гадаадын банкуудын үйл ажиллагааны зорилго, арга барил, хамрах хүрээ харилцан адилгүй байна.
Зүүн Европын орнуудад гадаадын банкууд тухайн улсын дотоодын банкуудын дүрмийн санд хөрөнгө оруулах, худалдаж авах, нэгтгэх замаар нэвтэрсэн тохиолдол давамгайлжээ. Харин Зүүн Азийн орнуудад охин компани, салбар байгуулах замаар үйл ажиллагаа явуулах нь хэвшил болсон байна.
БНСУ - ын жишээг харъя. ГБСалбар орж ирснээр өрсөлдөөн нэмэгдэж, дотоодын банкуудын зардлын үр ашигтай байдал сайжирчээ. Харамсалтай нь, аж ахуйн нэгжүүд дэх зээл олголтын хандлага жижиг, дундчуудад илүү хүндрэлтэй болсон байна.
Энэтхэг, Индонезид энэ үзэгдэл бүр хүчтэй илрэв. Өөрчлөлт дотоодынх нь том банкуудын ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлөв. Жижиг, дунд гэхээс илүүтэй том компани, аж ахуйн нэгж, байгууллагуудад зээл олгох нь бүр хэтийдсэн асуудал болсон байна.
Мьянмар улс (54 сая хүн амтай) - ын Төв банк гаднын банк салбараа байгуулахыг зөвшөөрсөн. Сонирхол татах хэд хэдэн болзол тэд тавьжээ. 1 - рт, улс даяар ердөө ганцхан салбар банк үйл ажиллагаа явуулна. Ингэснээр цаг хугацааны эрхээр тухайн банкны үйл ажиллагаа ханасан хэмжээнд, тодорхой хязгаарт баригдаж байна гэсэн үг. 2 - рт, гаднын банкны салбар Мьянмарын жижиглэнгийн салбарт оролцохгүй. Гагцхүү том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь Мьянмарын улсаа хөгжүүлэх өөрийн үндэсний бодлоготой нийцэж байгаа юм. 3 - рт, валютаар зээл олгож болно. Харин үндэсний мөнгөн тэмдэгтээр болохгүй. 4 - рт, өөрийнх нь Төв банканд 20 тэрбум ам.долларыг жилийн нэг хувь хүртэл хүүтэй, 30 - 40 жилийн хугацаатай зээлдүүлсэн цагт л зөвшөөрнө.
Мьянмарын Төв банк нь энэхүү зээлдүүлсэн мөнгийг өөрийн рейтингээр дотоодынхоо арилжааны банкууддаа хуваарилан (дотоодын банкуудаа санхүүгийн хувьд хөл дээр нь зогсоох зорилгоор) зээлдүүлнэ гэсэн болзол тавьсан байна.
Эндээс харахад, алсаа бодсон зөв бодлого байж ч болно. Үүнийг цаг хугацаа харуулна.
Гэхдээ бидэнд одоо зөв, буруугаар талцан цаг алдах эрх алга. Монголд л ашигтай хувилбараар, үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байхаар гаднын банкуудтай зөв зүйтэй, илэн далангүй хэлэлцэх чадамжтай, бэлэн байх нь чухал.
“Харамсалтай нь, манай удирдагчид гадаадын Төрийн өмчит банкийг шууд урьж залах хандлагатай байна”. Хүний хүн шиг бус, өөриймсөг сэтгэлгээ, үнэнч сэтгэл дутагдаж байна, бидэнд.
Төсөөлөл
Харин одоо гаднын банк орж ирвэл гайхалтай хөнгөлөлт үзүүлж, зээлийн хүү буурна гэх нийтэд нэлээд түгсэн ул суурьгүй ярианд анхаарал хандуулъя.
Яг бодит байдлыг анзаарч нэг хар даа. Хөрөнгө оруулагчид бидэнд бага хүү амлаагүй байна. Амлах ч үгүй. Гадаадын 63.7 хувийн хөрөнгө оруулалттай “ХААН банк”, 77.9 хувийн хөрөнгө оруулалттай “ХасБанк” - ны зээлийн хүү нь дотоодын, үндэсний хөрөнгө оруулалттай банкуудынхтай адил байгаа.
Тэрчлэн, манай улсад гадаадын банк орж ирснээр дунд болоод урт хугацаанд зээлийн хүү өнөөгийнхөөс 4 - 5 нэгж хувиар буурах юм гэнэ. Ингэснээр хөгжиж буй орнуудын дундаж түвшин болох 13.3 хувь руу орох боломжтой гэсэн таамаглалыг зарим мэргэжилтэн тооцоолжээ.
“Үнэндээ гадаадын банкууд эрсдэл багатай том аж ахуйн нэгжид зээл олгодог нь судалгаагаар нотлогдсон. Үр дүнд нь жижиг, дунд аж ахуйн нэгжид зээлийн хүү буурна гэж юу л бол”.
Манай судлаачдын авсан жишээнээс харвал, Энэтхэгийн хувьд гадаадын банкуудаас олгосон нийт зээлийн 80 хувь нь аж үйлдвэр болон том аж ахуйн нэгжүүдэд хуваарилагджээ. Нийт зээл нь Энэтхэг улсад өндөр ашигтай ажилладаг ААН - үүдийн 10 хувь дээр эергээр нөлөөлсөн. Харин бусдынх нь зээл авах боломж найман хувь буурсан байна. Үүнийг дагаад дотоодынх нь банкуудаас жижиг ААН - үүдэд олгох зээл буурсан үзүүлэлт гарчээ.
Банк харилцагчид, хөрөнгө оруулагчид, санхүүгийн зах зээлд оролцогчдоос хадгаламж, харилцах данс, бонд зэргээр хөрөнгө мөнгө цуглуулна.
Ямар нэг төлбөрийг түргэн гүйцэтгэхэд шаардагдах буюу байгаа хөрөнгийнхөө 40 орчим хувийг нь бэлэн хадгалж, 60 орчмыг нь өөрт ашигтайгаар хүүтэй зээлдүүлнэ.
Тиймээс мөнгөө 100 хувь зээлд гаргахгүй. Харилцагчдын нэг нь өнөөдөр ч, маргааш ч ирээд авч магадгүй мөнгөнд төлдөг хүүгээ олоод, үйл ажиллагаагаа санхүүжүүлээд, ажилтнуудаа цалинжуулаад, хүмүүсийн хөрөнгө мөнгийг бүрэн бүтэн бариулж, санхүүгийн зуучлал хийдэг.
Мөнгөний илүүдэлтэй нэг нь банканд хадгалуулж хүү авна, хэрэгцээтэй нөгөө нь зээл авч ажлаа, бизнесээ бүтээгээд ашигласан хугацааныхаа хүүг нэмж төлнө. Тус хоёрын дунд зуучилсан банк үйл ажиллагааныхаа зардлыг давуулж ашиг олдог гуравдагч тал мөн биз. Энэ жишгийн дагуу зээлийн хүүг банк зүгээр тогтоочихдоггүй юм. Зөвхөн зах зээлийн хандлагад л баригддаг.
Банкны зээлийн хүүг тогтоодог олон хүчин зүйл бий. Хамгийн чухал нь тухайн орны нийт эдийн засгийн эрсдэл. Дээр нь, эдийн засгийн тогтвортой байдал, инфляцын түвшин, ханшийн хэлбэлзэл, санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ, санхүүгийн зуучлалын зардал, татан төвлөрүүлж буй хөрөнгө буюу эх үүсвэрийн өртөг, Төв банкны бодлогын хүү зэрэг хүчин зүйлс зээлийн хүүнд нөлөөлнө. Гадаадын ямар ч банк энэ л зарчмаар хүүгээ тогтооно. Тэгэхээр манай өнөөгийн нөхцөлд гаднын ямар ч банкийг оруулж ирэхээс үл хамаарч зээлийн хүү хүссэн хэмжээнд буурах боломж хязгаарлагдмал байгаа юм.
Шийдэл
Зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах талаар банкууд хамтарч хөдөлнө гэвэл бололцоот ажил олон бий.
АТМ, карт уншигч машин, гар утсаар хийдэг төлбөр тооцоо, олон улсад төлбөр тооцоог шуурхай дамжуулдаг Свифт сүлжээ, Зээлийн мэдээллийн сан зэргийг банкууд дундаа хамтран ашиглах дээр хүч төвлөрүүлбэл гээд давхардсан зардлыг багасгаж чадна.
Свифт сүлжээг л гэхэд банк бүр тус тусдаа жилийн 150 мянган ам.долларын өндөр төлбөр, хураамжийг гаднын байгууллагад өгч байхаар дундаа ашиглаж яагаад болохгүй гэж, тэгээд ч Свифт сүлжээг Монголын банкууд 24 цаг 100% ашигладаггүй.
Хойд хөрш Орос ийм банк дундын Свифт бюро буюу товчоог байгуулж ажиллуулаад зардлаа хэмнээд болж л байна. Ингэхэд ийм бололцоот ажлууд яагаад хийгдэхгүй байна вэ? Төв банкандаа ийм эрх, үүргийг нь хуулиар нь олгочих, ингээд л болоо.
ОХУ энэ асуудлыг Төв банкандаа хуулиар нь эрхийг нь олгочихсон, Төв банк нь энэ асуудлаа хариуцаад, зохион байгуулаад явж байна. Эцсийн дүндээ иргэддээ ашигтай байх зохицуулалт хийгээд болоод л байна.
Саад үүгээр дуусахгүй. Зээл төлүүлэлт хүнд, удаашралтай, өртөг өндөр гээд банкнаас шалтгаалахгүй хүчин зүйлс бий. Хэрэв зээлээ жижиг сажиг чирэгдэл, зардалгүй, хугацаа багатай төлүүлэх боломжийг бид өөрсдөө бий болговол хүү тодорхой хэмжээгээр буурна. Эдгээр илүү уян хатан шийдлийг эс тооцвол манай дотоодын банкууд зээлийн хүүг бага байлгах тал дээр сүүлийн 20 гаруй жил боломжтой бүх хүчээ дайчилсан. Харин төр, засаг дорвитой дэмжлэг үзүүлээгүй юм, мэддэг хүмүүс нь бухимдмаар.
Барьцаа
Дахиад мөнөөх асуулт. Яагаад заавал Хятад гэж? Бүр тодорхой хэлбэл, яагаад заавал их гүрэн болсон, 1.4 миллиард хүн амтай, хүчирхэг (дэлхийд томоороо 2 дахь эдийн засаг) хөрш орны төрийн өмчит том банкны салбарыг урин дуудах том шийдэл санаачлаад байгааг үнэндээ ойлгохгүй юм. Баримт: “Банк оф Чайна” – гийн дараа Хятад улсын төрийн өмчийн “Industrial and Commercial bank” (ICBC), “Agricultural bank”, “Construction bank” гэсэн гурван өөр банк өргөдлөө өгөхөөр хүлээж байна. Үүнийг дэмжин сайшааж, холбон зуучлах сонирхолтой хүмүүс ч бий.
“Банк оф Чайна” нь дэлхийн топ таван том банкны нэг. Тус банк нийт 2.7 их наяд ам.долларын актив хөрөнгөтэй. Харьцуулбал, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс мөнгөн дүнгээр 217 дахин их актив хөрөнгөтэй гээд бод доо.
Хятад улсын төрийн өмчит банк шүү дээ! Энэ ч утгаараа бодлого, үйл ажиллагаа, ашиг, үр дүнд нь төр нь сонирхолтой байж, шаардлага гарвал нөлөөлж, эрх ашгийг нь хамгаална гэсэн үг.
Уг нь өдгөө манай улсад Хятадын “Банк оф Чайна” - гаас гадна “Европын Сэргээн босголтын банк”, Японы “Токио Мицубиши банк” болон “Сумитомо Мицуй банк”, Голландын ING банкууд салбараа бус зөвхөн Төлөөлөгчийн газраа ажиллуулж байна. Уг нь эдгээрээс сонголт байгаа.
“Европын Сэргээн босголтын банк” гэхэд 2010 - 2016 оны есдүгээр сарын 30 - ны байдлаар Төлөөлөгчийн газраараа дамжуулж Монголд 83 төсөлд 1.4 тэрбум еврогийн буюу 3.8 их наяд төгрөгийн зээл санхүүжилт, хөрөнгө оруулалт хийжээ.
Үүнтэй адилхан Хятадын “Банк оф Чайна” өөрийн Төлөөлөгчийн газраараа дамжуулж зээл олгож яагаад болоогүй гэж. Тэгэхээр орж ирэхээсээ ч өмнө төрийн хэмжээнд шахалт үзүүлж, банкаа байгуулна гэж ойлгож болох нь. Банкаа тусгаар улсын газар дээр байгуулахаар зүтгэн тэмүүлж, өдгөө асуудал үүсгэн самууруулж байгаа хүмүүсийг дараа нь хазаарлаж чадах уу?
Өнөөдөр баян, хүчирхэг Хятад улс хүссэнээ тулган шаардах болсон нь үнэн. Энэ бүхэнд Монгол Улс чадлаараа тийчлэн бултаж байна. Тэгвэл үүнтэй адил Японы, Европын холбоо ч юм уу, АНУ - ын төр манай улсад банкныхаа салбарыг байгуулахаар яагаад шахалт үзүүлэхгүй байгаа юм бол? Ийм асуулт эрхгүй урган гарч ирж байна.
Түүхээ сөхье. 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа гагцхүү Орос улсын бүрэн тусламж (улс төр, эдийн засаг, банк, санхүү, мөнгө – зээллэг, цэрэг, зэр зэвсэг, барилга, бүтээн байгуулалт, аж үйлдвэржүүлэлт, худалдаа, боловсон хүчин бэлтгэх, зам, тээвэр, холбоо г.м) - тайгаар Гадаадын капиталыг шахан зайлуулснаар эдийн засгийн бодлогынхоо бие даасан байдлыг бий болгосон. Ач холбогдол нь өнөөдөр ч бидэнд асар өндөр.
Товч тодорхойлбол, Монгол Улс өөрийн банкны салбарт хөршийн төрийн өмчит банкны ноёрхлыг зүгээр хүлээж авах нь бусад салбартай шууд харьцуулах боломжгүй хүнд үр дагавартай.
“Эцэстээ үндэсний эдийн засгийн бодлогоо өөрөө удирдах уу, эсвэл хараат болох уу гэдгээ муугаар шийдэхдээ тулах хувилбар юм”.
Банкнаас өөр хүний өмч хөрөнгийг хуулийн дор барьцаалдаг бизнес хаа ч байдаггүй. Тэр барьцаанд нь газар, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын орд гээд юу ч байж болно.
2016 он. Тажик улс Хятад улсад өгөх өрөө газар нутгаасаа тасдан байж барагдуулсан. “Сөөмийг аваад бээрийг өгнө” гэдэг энэ.
Яг ийм харамсаад барахгүй эмгэнэл монголчуудад тохиолдох бүрэн боломжтой. Хятадууд төрийн өмчит банкаараа дамжуулж Монголд бодлогоо хүндрэлгүй нэвтрүүлэх, манай дотоод актив хөрөнгүүдийг ямар нэг хязгаарлалт байхгүй худалдан авч, эрсдэлд хүргэхгүй гээд бардам батлах хүн нэг ч байхгүй гэж гэнэнээр бодном. Шууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг Та бидний хэн нь ч ойлгож байгаа байх.
Луугийн хүч
БНХАУ - ын “Банк оф Чайна” салбараа байгуулж, төрийн ямар ч бодлого нь саадгүй хэрэгжиж эхэлбэл, манай дотоодын банкууд өрсөлдөж сайжрах бус, тэр аяараа татан буугдах эрсдэл нүүрлэнэ. Түүнчлэн, эдийн засгийн хувьд хуваагдмал тодорхойгүй байдалд орно.
Дахин нэг баримт. “Банк оф Чайна” - гийн Монгол дахь төлөөлөгч нь манайд ажиллаж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай 6000 гаруй аж ахуйн нэгжийг дэмжин ажиллах байр сууриа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тун тодорхой илэрхийлсэн (энд ямар нэг дипломат, манж зан гаргаагүйг анзаарах).
Харьцангуй хямд гэх хүүтэй санхүүжилт авах зорилгоор Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд Хятадын “Банк оф Чайна” - гаас зээл авах, Хятадын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах, улмаар 100 хувь үндэсний гэх том аж ахуйн нэгж, байгууллагууд үгүй болох аймаар дүр зураг бууж байгаа юм.
Цаашлаад, Хятадын хөрөнгө оруулалт, оролцоотой хэдэн мянган компанид төрийнх нь банк шууд үйлчилж эхлэхэд өнөөгийн зах зээлд монопол байдал бий болно.
Үндсэндээ, манай улсын эдийн засаг Монголын болоод Хятадын хамааралтай гэсэн хуваагдмал бүтэцтэй болохыг үгүйсгэх аргагүй.
Манай улс ямар улс билээ, хөгжил нь ямар билээ? Та бидний хувь хүний мэргэжлийн боловсрол, чадамж дэлхийн хэмжээнд ямар билээ?
АНУ, Япон, Герман, Англи, Франц зэрэг Та бидэндээ үлгэр жишээ хөгжилтэй улсын банкуудынх нь хөгжил, эдийн засгийн багтаамж, чадамж, эрсдэл даах чадавх, хүний нөөц, газар зүйн байрлал нь ямар билээ дээ? Харьцуулах ямар ч боломжгүй.
Зүгээр Иран улс гэхэд л 15 – н улстай хил залгаж байгаа. Туркменистан, Афганистан, Пакистан, Ирак, Турк, Азербайжан, Армен гээд 7 улстай газраар, Казакстан, Энэтхэг, Оман, Арабын Эмират, Катар, Саудын Араб, Кувейт, Орос гээд 8 – н улстай далай, тэнгисээр шууд холбогдож байна.
ГБСалбар нь дотоодын банкуудтай өрсөлдөх нөхцөл, боломжийн хувьд ч олон арав дахин давуу гэдэгтэй маргах аргагүй.
Хэтийн төлөвийг дахин сонжий. Дотоодын хэрэгцээг хангах “Нефть нэрэх үйлдвэр”, “Ган бүтээгдэхүүний үйлдвэр”, “Шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэр”, “Зэс хайлуулж боловсруулах үйлдвэр” гээд салбарыг гаднын банк хэрхэн дэмжих бол. Яг таг таах боломжгүй ч сонирхолтой асуулт.
Монгол газрын тостой атлаа одоог хүртэл нефть нэрэх үйлдвэргүй байгаа нь хачин биш гэж үү. Хөршөө ядуу байлгах, түүхий эд нийлүүлэгч орон байлгах бодлого, хэрэгжүүлэлт эндээс харагдахгүй байна гэж үү. Ийм Үйлдвэрүүд барихад “Банк оф Чайна” хөрөнгө оруулахдаа тулбал хараат байдлын асуудал хөндөгдөнө. Монголчууд нефтээ түүхийгээр нь гаргаж байвал тэдэнд ашигтай бус уу.
Хусам
Монгол Улсын эдийн засагт үүсэх таагүй нөхцөл байдлын талаар илүү тодорхой тайлбар хүргэе. Банкны тогтолцоонд нэн даруй хэт давамгайлна.
Манай банкуудын зээлийн хүү олон улсын жишгээс илүү өндөр. Энэ нь ГБСалбарын хувьд маш том давуу тал. Өнөөдрийн зээлийн хүүнээс арай бага хувийг санал болгох нь ойлгомжтой. Үнэндээ энэ тохиолдолд дотоодын банкууд өрсөлдөж чадахгүй. Зах зээлээс нэн даруй шахагдаж, үндэсний гэх арилжааны банкууд өрсөлдөөнөөс хасагдана.
Тэгэхээр аж ахуйн үйл ажиллагаа сайн юм шиг атлаа бидний эдийн засгийн аюулгүй байдал доголдоно. Улмаар санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал ганхаж эхэлнэ. ГБСалбар дотоодын санхүүгийн зах зээлд нэвтэрснээр төгрөг болоод гадаад валют гэлтгүй зээлийн хүү буураад гадаад валютын ханш тогтвортой болох таатай үзүүлэлт харагдаж байгаа мэт.
Гэвч ямар нэг шалтгаанаар, жишээ нь, улс төрийн шалтгаанаар Монгол Улс дахь үйл ажиллагаагаа түр, эсвэл бүрмөсөн зогсоовол бид тогтворгүй байдалд орох аюултай.
Дотоодын банкууд сулран доройтно. Банк хоорондын өрсөлдөөн нэмэгдэнэ. Үүнийг дагаад дотоодын банкууд шигшигдэж, одоо байгаа арилжааны банкууд нэгдэх замаар цөөн тооны банктай болно гэсэн үг.
Ер нь Монголд цөөн тооны арилжааны банк байхад хангалттай. Малайз улс гэхэд 30 сая хүн амд арилжааны гуравхан банк ажиллаж байна. Өрсөлдөх чадвар өндөртэй банкууд бий болж болно. Эсрэгээрээ тодорхой зах зээлийн хэсэгт төвлөрсөн цөөн тооны банк, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч идэвхгүй бусад банк болж үлдэх эрсдэлтэй.
ГБСалбар нь ашиг өндөртэй зах зээлийг сорчлох буюу зах зээлийн “өрмийг хамаад хусмыг үлдээх” бодлого явуулах хандлага гаргахыг үгүйсгэх аргагүй. Бид банкны болоод том компаниудынхаа зах зээлийг алдаж эхэлбэл яах вэ.
Эхлээд дотоодын банкуудын ашигтай ажиллагаанд, дараа нь санхүүгийн чадавхад сөрөг үр дүнтэй болж таарна.
Тэрчлэн, төрийн мөнгө - зээлийн бодлого хүчгүйднэ. ГБСалбарыг Монголбанктай харьцуулшгүй. Асар том давуу талтай. Манай улсын мөнгөний нийлүүлэлтэд хангалттай нөлөөлөх санхүүгийн эх үүсвэртэй. Энэ ч утгаараа Хятадын “Банк оф Чайна” - гийн санхүүгийн чадавхад манай Төв банкны буюу Монголбанкны мөнгө, зээлийн бодлогын арга хэрэгсэл яаж ч нөлөөлж чадахгүйд хүрэх магадлал өндөр.
Чухам тэр цагт Монгол Улсын эдийн засгийн тусгаар байдал алдагдана гээд ойлгочхож болно.
Дахин сануулахад. Санхүүжилтийн ялгавартай бодлого баримтлах магадлал хэзээд бий. Төрийн өмчтэй “Банк оф Чайна” - гийн салбар нь стратегийн ач холбогдолтой бүс нутагт улсынхаа худалдаа, бизнесийн бодлогыг дэмжих нь ойлгомжтой асуудал”.
Хэдийгээр эрх зүйн хувьд ашгийн төлөө мэт боловч “Банк оф Чайна” нь төрийн өмчит хуулийн нэгж. Салбарынх нь үйл ажиллагаа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлоготой нийцэх, эсэх нь тэдэнд үнэндээ падгүй. Эндээс бид “Банк оф Чайна” нь Хятадын ашиг сонирхлыг хамгаалахад чиглэж, бодлого хэнд үйлчлэхийг төвөггүй ойлгож болмоор доо.
Нөлөөлөл
Монгол Улсын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг эртнээс зохицуулах боломж байна уу? Зарим нэг тооцоо, судалгаанаас улбаатай зөв шийдлүүдээс хамтдаа харъя. Эхлээд бид хөрсөө буюу хууль эрх зүйн орчноо сайтар бүрдүүлж, бэлтгэсэн байх шаардлагатайг угтаад ойлгосон биз ээ.
Аливаа гадаадын банк нь Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд зөвхөн “Охин компани” буюу хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх гэсэн зарчмыг баримтлах. Энэ нь бидний хувьд зөв шийдэл.
Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг орж ирэх гээд байгаа гадаадын банкны эрхлэх үйл ажиллагаанд оновчтой тохируулсан байх ёстой. Үүнд, зээлийн хязгаарлалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн дээд хязгаар гэх мэт зүйлсийг хэлж байгаа юм.
Мөн гадаадын болон дотоодын банкуудын эрх ашгийг тэнцвэржүүлсэн зарчмыг гаргахдаа өөрийн улсын онцлог, нийгэм, эдийн засгийн нөхцөлтэй уялдуулах нь чухал. Гадаадын банкны үйл ажиллагааг аль болох төрөлжүүлсэн байдлаар хүлээж авах шаардлагаа тавих нь зүйтэй.
Гадаадын банкууд ихэвчлэн томоохон төсөл, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийдэг талаар дээр дурдсан. Тэднийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн мэдээллээр хангаж, үйл ажиллагааг нь зогсолтгүй дэмжих бодлого төрөөс баримтлах шаардлагатай.
Гадаадын банкуудын дотоодын зах зээлд эзлэх хувь хэмжээг тодорхой түвшинд хязгаарлах бодлого баримтлах нь зайлшгүй.
Дарамт
Нийтлэлээ урамгүй үгээр үргэлжлүүлэхээс өөр хувилбар алга. Эрсдэлээ бид тооцоолохоос аргагүй. Манай улсын арилжааны банкууд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, боловсон хүчний цомхотгол явуулна. Эсвэл зах зээлээс бүрмөсөн шахагдаж үүдээ барина. Эндээс ажилгүйдэл - ядуурал гэх холбоо үг хослон ургана. Цаашлаад энэ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх бол. ОХУ - д өдгөө хүнсний ногоог хятадууд тарьж байгааг анзаарсан уу. Энэ нь алслагдсан бүс нутгийн иргэдийн амьжиргаанд шууд сөргөөр нөлөөлсөн хэмээн үзэж, тооцоолчхоод байна. Уг нь Хятад улсыг мах, хүнсний ногоо, жимсээр өөрийн хэмжээндээ хангах сайхан боломж бий, бидэнд.
Түүнчлэн, бизнесийн бус улс төр, эдийн засгийн дарамт үзүүлдэг болохыг үгүйсгэхгүй. Яаж? Томоохон компаниудын манайд зарж байгаа валютын арилжааг нэг сонжоорой. Яг л тэгж. Төгрөгийн ханшид нөлөөлөх гээд. Индонез, Тайландад болсон үймээнийг нэг санаарай. Нийгэмд тогтворгүй байдал байнга үүсгэх бололцоотой юм.
Солилцоо (Своп)
Монголбанк Хятадын Ардын банктай своп хэлцэл байгуулсан. Үүнээс улбаатай үр дагаврыг Та хэрхэн төсөөлөв? “Төгрөг - юанийн солилцоо, арилжаа, хэлцлийн өглөг” - ийг Монгол Улс юугаар, яаж төлөх вэ? Түүхээ сөхье.
2011 он. Монголбанк ба Хятадын Ардын банк (ХАБ) - ны хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл хийсэн.
Хоёр орны гадаад худалдааг дэмжиж тогтвортой байлгах, Монголын банкууд, аж ахуйн нэгжүүд юаниар төлбөрийг түргэн бөгөөд хялбар гүйцэтгэх чадамжийг өсгөх, гадаад секторын эрсдэлийг бууруулах зорилгоор 5,0 тэрбум юанийн хэмжээтэй, гурван жилийн хугацаатай байгуулсан. Хэлцлийн хэмжээг 2012 онд 10,0 тэрбум, 2014 онд 15,0 тэрбум юань болгон нэмэгдүүлж, гурван жилээр сунгасан түүхтэй.
Монгол Улсын нийт гадаад өрийн статистикаас харахад 2016 оны эхний хагас жилийн байдлаар своп хэлцлийн ашигласан хэмжээ 1.6 тэрбум ам.доллартай тэнцэхээр буюу 11 орчим тэрбум юань байна.
Энэхүү 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн своп дээрх юанийн өглөгийг хэзээ, ямар орлогоос, ямар хуваарь, шат дараатай хэрхэн төлөх вэ? Энэ асуултын хариу одоог хүртэл тодорхойгүй.
Монголд “Банк оф Чайна” - гаас гадна Хятад улсын төрийн өмчтэй гурван том банк зөвшөөрлөө хүлээгээд сууж байна, цаана чинь. Хэрэв тэд ороод ирвэл Хятадын Засгийн газар төгрөг - юанийн своп хэлцлийн өнөөгийн байдлыг ашиглаад “Банк оф Чайна” - гийнхаа салбараар дамжуулж Монголын зах зээл дээр дураараа тоглох аюултай байна. 1 - рт, эдийн засагт байх мөнгөний нийлүүлэлтийг тухайн орны Төв банк нь шийдвэрлэж, зохицуулдаг. Гэтэл хөрш орны Төв банк нь одоогийн 3.3 их наяд, цаашлаад үүнээс ч илүү дүнгээр төгрөг татан авах шахалтыг Монголбанканд үзүүлэх боломжтой. Татаж авсан мөнгөө хэзээ, хэрхэн эдийн засагт оруулах талаар шийдвэрээ гаргах эрхтэй хоёр Төв банк зэрэгцэж зогсох эрсдэлтэй. “Мөнгө мөнгөө дуудна, баян нь улам баяжина” гэдэг энэ болно.
2 - рт, Монгол дахь “Банк оф Чайна” - гийн салбар нь ХАБанкны зохицуулалтаа, бусад нь Монголынхоо Төв банкны зохицуулалтыг дагах нэгдмэл бодлого, зохицуулалт гээч утгагүй болно. 3 - рт, “Банк оф Чайна” нь салбараараа дамжуулаад гэнэт их хэмжээний мөнгө таталт, эсвэл мөнгөний нийлүүлэлт огцом хийгдсэнээр инфляц үүсэх эрсдэлтэй. Төгрөгийн худалдан авах, бусад валюттай харьцах чадвар, цалин, тэтгэврийн үнэлэмж унахаас эхлээд тооцоолоогүй бөгөөд тоогүй олон хүндрэл гарна.
Тэгвэл Монголбанк төгрөг өгөхөөс татгалзаж яагаад болохгүй гэж хэмээн бодож байна уу? Үүндээ тулбал, ХАБанк своп хэлцлийн хугацааг 2020 оноос цааш сунгахаас татгалзана. Хариу болгож 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх 11 тэрбум юанийг эргүүлж төлөхийг Монголбанкнаас шаардана.
Монгол Улсын эдийн засагт “Монголбанкнаас өөр төгрөг нийлүүлдэг Хятадын төрийн өмчит субъект бий болсноор бие даасан, хараат бус мөнгө - зээл, төсөв, санхүүгийн бодлого хэрэгжих боломжгүй болно”.
Ингэснээр эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хүндрэл учирна гэсэн үг.
Угтаа монголчууд бид, гадаадын капиталыг шахан зайлуулсан 1924 оны амжилт, эдийн засаг, мөнгө, санхүүгийн хараат бус байдлаа хялбархан тавиад туучих аюултай юм.
Тэгвэл бид яах ёстой вэ? Банк санхүү, эдийн засгийн ухаанаар сурч боловсорч буй оюутан залуус, их, дээд сургуулийн профессорууд, Монголбанк, арилжааны банкуудын удирдлагууд, Их Хурлын гишүүд, бусад институци нь ГБСалбар Монголд орж ирвэл яах вэ гэдгийг сэтгэл оюунаа дайчлан байж, зэрэгцэн сууж, хэлэлцэн тунгаах цаг болсон. Байж болох бүх талаас нь тооцоолж, гарах боломжит бүх эрсдэлийг бодолцож, ултай суурьтай судалгаа хийж, цаашид гадаадын ямар орны ямар банк оруулж ирэх, ямар зохицуулалт, хязгаарлалт хийхээ эргэлзээгүй шийдсэн баймаар байна.
“Жижигхэн гэмээр юмнаас асар том уршиг үүсэх аюултай”, иймэрхүү зүйлсийн талаар Та бидэнд эртний ном зохиолоос эхлээд шинэ үеийн уран сайхны кино хүртэл байнга л сануулж анхааруулж байдаг шүү. Залуус, ялангуяа, сайн мэдэх байх даа, “Трой” гээд домог дээр суурилсан Холливудын нэг адал явдалтай, сонирхолтой кино байдаг шүү дээ. “Трой” улсын ханхүү Парис нь Спарта улсын хааны дүүгийн эхнэр болох гэж байсан үзэсгэлэнт эмэгтэй Еленаг нууцаар зугтаалган авч явдаг хайр дурлалын адал явдал гардаг даа. Гэтэл тэр асуудлаас болоод “Трой” - д ганц ширхэг аварга том модон адууны хийц орж ирээд бүхэл бүтэн улс түүх соёлтойгоо тэр чигээрээ алга болдог доо.
Угтаа энэхүү нийтлэлд хөндөгдсөн асуудал тоотой хэдэн банкны сөнөж сэрэх, унаж босохтой холбоотой тооцоолол, хувиа хичээх амин сэтгэл биш юм. Монголоор овоглосон, Монголдоо данстай хэн бүхний амьдрал, тусгаар, бие даасан байдалтай хамаатай асар том сэдэв. Бүр тодорхой хэлбэл, банканд хөрөнгөө өгсөн, ажил амьдралаа даатгасан хэсэг бүлэг хүмүүсийн хэрэг биш гэдгийг дахин дахин болгоомжлон сэрээж, учирлан сануулж байна.
Дайрч давшлахыг тэвчиж чадна, ухаалаг саналыг хүлээн авахад бэлэн Иргэн Б.Мэдрээ.
2017 оны 2 – р сарын ярилцлагаа нийтлэл болгон, товчлон сийрүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!