Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын нөөцийг $500 саяар нэмэгдүүлэх Салхитын мөнгөний ордын цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаалаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

“Эрдэнэс Монгол” компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компани болон Монголбанкны хооронд Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр байгуулж, Салхитын мөнгөний ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаалаа. 

Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордоос 500 сая ам.долларын нөөц бүрдүүлэх хэмжээний цэвэр мөнгө олборлон цэвэршүүлж, Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах юм байна. Үүний эхлэл болгож, 850-980 хувиас доошгүй сорьцтой алт мөнгө болох үнэ металлын аууламж бүхий гулдмайг Монголбанканд тушааж буй аж.

 
Гэрэл зургийг MPA.mn

Гэрээ зурах ёслолд хүрэлцэн ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатар түүхэн үйл явдал болж байгааг онцлоод “Сая батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ийнхүү бодит амьдрал дээр хэрэгжиж эхэлж, хэдхэн гэр бүлийн хууль бус үйл ажиллагаагаар ашиглагдаж байсан Салхитын мөнгөний ордын баялгийг Монголын Улсын валютын нөөцийг зузаатгаж, ард түмэнд тэгш хүртээх түүхэн боломж олдож байна. Цаашлаад  “Эрдэнэс Силвер Ресурс” компани болон Монголбанк гэрээ байгуулснаар уг гэрээг барьцаалан алт, мөнгөний бонд гаргах, Хөгжлийн банк бонд гаргах, түүгээрээ томоохон төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх зэргээр баялгийн сангийн менежментийн томоохон ажлууд эндээс урган гарна” хэмээн хэлсэн юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны валютын нөөц энэ оны эцэс гэхэд 4.2 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдээд байгаа билээ.