Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

"МАН, АН-аас ямар ч шинэ, залуу, чадварлаг улс төрч гарч ирээд өөрчлөлтийг авчирч чадахгүй"

Ч.Болортуяа
2019 оны 12 сарын 25
iKon.MN
https://www.facebook.com/mongoltv/videos/661413967725790/

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсантай холбоотойгоор Даваа гарагт "Нүүдэл шийдэл" нэвтрүүлэг "УИХ-ын 2020 оны сонгууль" сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

Нэвтрүүлэгт оролцсон зочдын онцлох эшлэлээс хүргэж байна.

ҮХЦ-ийн шийдвэр Монгол Улсын улс төрийн тогтолцоо, намын тогтолцоог ийм байдал руу шахаж оруулсан нь харамсалтай
 

УИХ-ЫН ДАРГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Ж.СҮХБААТАР 

  1. УИХ-ын дарга сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэхийг дэмжиж ажилласан. 2012 оноос холимог тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө ажиллаж, батлуулж, хэрэгжүүлж байсан хүний хувьд энэ холимог тогтолцоог дэмжсэн байр суурин дээрээ байсан.

  2. Хууль тогтоогчид энэ хувилбарыг дэмжээгүй шалтгаан нь нам доторх зөрчил, үл итгэлцлийн асуудал нөлөөлсөн гэж боддог.

  3. ҮХЦ-ийн дүгнэлт, хэлэлцүүлэг хоёроос сонгууль 76 жижиг тойргоор явах, аймаг дүүргээр буюу томсгосон, бүсчлэх гэсэн сонголт үлдсэн. Ийм л ядруухан хувилбар санал болгосон. Хувь хүнийхээ хувьд ч, хуульчийн хувьд ч ҮХЦ-ийн шийдвэр алдаатай байсан. Монгол Улсын улс төрийн тогтолцоо, намын тогтолцоог ийм байдал руу шахаж оруулсан нь харамсалтай.

  4. Порпорционал системийн үр өгөөжийг хүртэхэд хугацаа хэрэгтэй. Порпорционал системийг дэмжиж байгаа олон нийтийн хүч байхгүй байна.

  5. Өнгөрсөн сонгуульд сурталчилгааны хугацаа 18 хоног байсан бол энэ удаад 22 хоног болсон. Бэлэн мөнгөөр хандив авахыг зөвшөөрдөг байсан бол үүнийг хориглоод сонгуулийн зардлын дансаар авна гэж заасан. Мөн бизнесийн зориулалтаар түрээслүүлдэг сурталчилгааны самбарыг ашиглахыг хориглосон. Цаанаас нь олгосон самбарыг нэр дэвшигч бүр үнэ төлбөргүй ашиглана.

  6. Царцааны нүүдэл гэгддэг зохиомол сонгогчдыг шилжүүлдэг байдал эрс багсана. Маш цөөхөн хувь буюу сонгуулийн үеэр ажиллаж байгаа хүмүүс л ажиллаж байгаа тойрогтоо өгөх боломжтой.

  7. Аймаг дүүрэгт ногддог мандатын тоо тэнцвэргүй, их болчихвол сонгогчийн цаад саналын жин буурчихаж байгаа. Үүнээс үүдэж сонгогчийн эрхийн суудал шууд бусаар хөндөгдөнө. Аймаг дүүрэгт ногддог мандатын тоо тэнцвэртэй бол ямар ч асуудалгүй.

СЕХ залуучууд руу хандсан сонгогчийн боловсролыг дээшлүүлэх ажлуудыг хийнэ
 

СЕХ-НЫ АХЛАХ РЕФЕРЕНТ Д.БАТ-ЭРДЭНЭ 

  1. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шийтгэгдэж байсан хүн нэр дэвших эрхгүй. Энэ бол тусгай шаардлага болж орж ирж байгаа. Өргөн барьсан хуулийн төсөлд бол байгаагүй. Зарчмын зөрүүтэй санал гаргаад орж ирсэн.

  2. Монгол улс 2005 онд  НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон. Иймд бид үүрэг хүлээж авлига, албан тушаалын хэрэг дээр хатуу байр суурь дээр байх ёстой. Үүнийг үндэслэж гишүүд дээрх заалтыг оруулж ирсэн байх.

  3. Сонгуулийн зөрчил маргаантай асуудлыг энэ удаагийн хуулиар харьцангуй жигдэлж нэг талд нь гаргаж өглөө. Учир нь дан ганц сонгуулийн хуулиар биш, зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар ямар байгууллага харьяалан, хэдий хугацаанд шийдвэрлэх үү гэдгийг тусад нь оруулж өгсөн байгаа. Зөрчил хамгийн ихдээ 58 хоногт шийдвэрлэгдэж байгаа.

  4. Тойрогт ногдох мандатыг тогтоохдоо хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил, нэг тойрогт багтах хүн амын дундаж зэргийг үндэслэдэг. Энэ зарчмын шаардлагыг бид оруулж өгсөн. Өмнө нь эдгээр шаардлага хангагдаж чаддаггүй байсан.

  5. Өмнөх жилүүдийн сонгогчдын ирцийг харахад залуучууд идэвхгүй оролцож ирсэн. Иймд СЕХ залуучууд руу хандсан сонгогчийн боловсролыг дээшлүүлэх ажлуудыг хийнэ.

Намуудыг л шинэчилж чадахгүй бол бид дүр эсгэсэн ардчиллаас ангижирч чадахгүй
 

МУИС-ИЙН УЛС ТӨР СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН БАГШ, ДЭД ПРОФЕССОР Д.БУМДАРЬ 

  1. Дэлхийн улс орны сонгуулийн тогтолцоо нь холимог систем рүү явж байна. Гэтэл бид ухарсаар л байна. Сая учир дутагдалтай хууль баталлаа. Хамгийн том асуудлаа залруулж чадсангүй. Мажоритар систем бол маш сул систем юм.

  2. Улс төрийн нам өөрөө мажоритар системийн буянаар хоёр том намын систем рүү шилжчихлээ. Намын дотоод ардчилал гэдэг зүйл байхгүй болчихлоо. Доороосоо дэвшин өгсөх шатлал гэдэг зүйл байхгүй  байна. Санхүүжилтийн асуудал ил тод биш учраас мөнгөтэй хүмүүс л квот гэдэг зүйлийг авах болж байна.

  3. Сонгуулийнхаа системийг 4 жил тутам өөрчилж, нэр дэвшигчид тойргоо 4 жил тутам сольж байгаа учраас иргэд эргээд хариуцлага тооцох механизм нь хэрэгжих боломжгүй болж байна. Иймд иргэд сонгуулиас залхаж байгаа.

  4. Сонгогчдын 50-иас дээш хувь нь л санал өгөхөд болно гэж үзэж байгаа нь нэр дэвшигчид яаж ийж байгаад л мөлхөө сүлжээгээ ашиглах боломжийг өгч байна.

  5. Сонгуулийн системийг өөрчилж энэ нь эргээд намын хөгжилд сайнаар нөлөөлөх ажлыг хийж чадахгүй л бол бид дүр эсгэсэн ардчиллаас ангижирч чадахгүй. Дахиад л 4 жилийн дараа үүнийгээ яриад л сууж байна. Ярьдаг хүмүүс нь л өөрчлөгдсөн байна байх.

  6. Бидний үлгэр дуурайлал аваад байгаа АНУ сонгуулийн тойргоо өөрчилдөггүй. Сонгуулийн тойргоо өөрчлөхгүй байна гэдэг нь тухайн намаас гарч ирж байгаа нэр дэвшигчийг ажиллаж байна уу, үгүй юу, тухайн нам сайн ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг шууд дүгнэх боломжтой юм.

МАН, АН-аас ямар ч шинэ залуу чадварлаг улс төрч гарч ирээд өөрчлөлтийг авчирч чадахгүй
 

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Т.ДОРЖХАНД

  1. Гуравдагч хүчин буюу улс төрд суудалгүй намуудад ээлгүй хууль батлагдлаа гэдэгтэй 100 хувь санал нийлж байна.

  2. 30 жилийн хугацаанд 7, 8 удаа сонгууль хийсэн байна. Сонгууль хийх болгоны өмнө дандаа эрх барьж байгаа нам нь хоорондоо нийлээд өөрсдөдөө зориулж дүрмээ зохиочихдог. Сонгууль болгоны өмнө дүрмээ өөрчлөөд байхаар сонгогчид учраа олохгүй байна. Сонгуульд орж байгаа намууд нь хүртэл ямар дүрмээр оролцохоо мэдэхгүй байна. Ийм байхад хэрхэн яаж зөв сонголт хийх вэ.

  3. Эрх барьж байгаа хоёр нам ханцуйн дотроо наймаалцаж, гуравдагч хүчин гарч ирвэл хүчээр дардаг, чадахгүй тохиолдолд сонгуулийн дүрмээр дардаг. 

  4. Гэхдээ бид ямар ч дүрэм байсан сонгуульдаа оролцоно. Сонгогчид шинэ залуу улс төрчдийг эрэлхийлж байна.

  5. Төрийн эзэн байсан хүн авлигын хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээсэн байхад яагаад бид тэр хүнийг дахиж сонгох ёстой юм бэ.

  6. ЖДҮ, 60 тэрбум, бонд, үнэ тогтворжуулах гээд том том хулгай хийсэн этгээдүүдийн хэргүүд дарагдаад байна. Эдгээр хүн сонгуульд аримаараа орж ирэх гээд байна. Энэ зөв юм уу.

  7. Улаанбаатар хотод 28 тойрог, хөдөө орон нутаг 48 тойрог байгаа. Эрх баригчид хөдөө орон нутгийн тойргийг нэмэх түлхүү саналтай байгаад байна. Яагаад гэвэл өөрсдийнх нь төлөө ажиллах хүн тэнд байгаа учраас. Нийт хүн амын дийлэх нь нийслэлд төвлөрсөн байхад нийслэлийнхээ тойргийн тоог нэмэх учиртай.

  8. МАН, АН-аас ямар ч шинэ залуу чадварлаг улс төрч гарч ирээд өөрчлөлтийг авчирч чадахгүй. Учир нь тухайн намын систем нь бохир учраас.

  9. Сонгуулийн тойргоо эдийн засгийн 5 бүсчлэлд хуваах нь маш том дэвшил болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.