Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан салбартаа хүндтэй эрхмүүдийн яриаг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн зочноор Улаанбаатар-Эрдэм Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Баасансүрэнг урьж чөлөөт хэвлэлийн үүсэл, хөгжлийн талаар ярилцлаа.
Монголын сэтгүүл зүйн амьд архив болсон эрдэмтний яриаг таалан болгооно уу.
-Монголын сэтгүүл зүйг алган дээрээ тавьсан мэт ажиглан харж үнэлэлт, дүгнэлт өгч суудаг эрдэмтний хувьд “Өглөөний сонин”-ы редакциас чөлөөт хэвлэлийн үүсэл хөгжлийн талаар цуврал ярилцлага явуулж байгааг та анзаарсан байх. Хоёулаа энэ яриаг үргэлжлүүлэх үү?
-Монголын сонины холбооны Ерөнхийлөгч Р.Хадбаатар надад хэлсэн ярилцлага өгөх юм байна гэдгийг ойлгосон. Энэ талаар ярилцах шалтаг, шалтгаан ч бид хоёрт байна. Яагаад гэвэл 1988 оны 11 дүгээр сарын 5-нд анхны дугаар нь гарсан “Цагийн толь” сонины 25 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлагыг МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимээс саяхан хийсэн. Тэр ярилцлагад манай салбарын урдаа барьдаг эрдэмтэн мэргэд, судлаачид, сэтгүүлчид оролцож, санал бодлоо хэлсэн. Миний хувьд сэтгүүл зүйн салбарын судлаач эрдэмтний хувьд чөлөөт хэвлэлийн үүсэл хөгжлийг хоёр түвшинд авч үздэг. Одоогоос яг 100 жилийн өмнө Монголд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжлөө эхэлжээ.
Жамсрангийн Цэвээн хэмээгч сод их ухаантан, соён гэгээрүүлэгч тэргүүтэй монголын үндэсний дэвшилт сэхээтнүүд 1913 оны 3 дугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг хэвлэн гаргаснаар монголын үндэсний сэтгүүл зүйн шинэхэн түүх эхэлсэн юм.
“Шинэ толь хэмээх бичиг” сонин нь сонин ба сэтгүүлийн аль алиных нь шинж тэмдгийг өөртөө агуулан эхэлж хэвлэгдсэн бөгөөд Монголд тогтмол хэвлэл үүсэн хөгжих үндэс суурийг тавьсан юм.
Энэ сонин 1913 онд 20 дугаар гарсан. Түүнийг залгуулаад 1914-1920 онд “Нийслэл хүрээний сонин бичиг” нэрээр 103 дугаар гаргасан түүхтэй. Эдгээр нь монголын сэтгүүлчдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн анхны сонинууд юм. Энэ хоёр сонин яах аргагүй анхны хувийн хэвлэл бөгөөд чөлөөт хэвлэлийг хэмждэг есөн шалгуурын наймыг нь ягштал биелүүлсэн байдаг нь үнэхээр гайхалтай. Энэ хоёр сонин дараа дараагийн хэвлэлд үнэхээр том нөлөө үзүүлсэн юм.
Харин 1920 онд хэвлэгдэн гарсан “Монголын үнэн” сонин бол намч хэвлэл байсан билээ. Ингэж явсаар 1990 оны ардчилсан хувьсгалыг хүргэжээ.
Ингээд 90-ээд оноос Монголд чөлөөт хэвлэл жинхэнэ сонгодог утгаараа хөгжсөн юм. Үүн дээр судлаачид санал нэгддэг. Жинхэнэ сонгодог чөлөөт хэвлэлийн анхны алтан хараацай нь УБДС-ийн оюутан Дарь. Сүхбаатар нарын эрхлэн гаргасан “Цагийн толь” гэдэг бичмэл сонин байв. Тэгэхдээ Монголд чөлөөт ардчилсан хэвлэлийг дэлгэрүүлэхэд хамгийн дорвитой үүрэг гүйцэтгэсэн сонин бол яах аргагүй “Ардчилал” сонин мөн.
-Ардчилсан хувьсгалын дараахан Монголд мэдээллийн их “өлсгөлөн” болж хэсэгтээ л “шар” хэвлэлийн алтан үе ноёлсон юм билээ. Тэр үеэс хойш 1000 хол давсан сонин хэвлэгдэн гарч. Одоо харин өдөр тутмын 16 сонин, долоо, 10 хоногт гардаг гарын хуруунд багтахаар “шар” сонин үлджээ. Энэ нь бидний ярьдаг он цагийн шалгуур мөн үү?
-Тийм ч биз, үгүй ч биз. Тэр үед сонин хэвлэлийг Хууль зүйн яам бүртгэдэг байсан бол одоо улсын бүртгэлийн газар бүртгэж байх шиг байна. Нэг үе ёстой л борооны дараах мөөг шиг суга, суга үсрээд гарч ирж байсан үе бий шүү.
Яг өнөөдрийн байдлаар Монголд 135 сонин гарч байгаа. Өдөр тутмын 16 сонины нэг нь танай “Өглөөний сонин” байна. Сар, улирал, долоогоос арван дөрөв хоногт гардаг сэтгүүл гэхэд 99 байна шүү. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг 104 телевизийн суваг байгаагаас 71 нь кабелийн суваг.
Манай чөлөөт хэвлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай суваг, мэдээллийн хэрэгслүүд бас бий. Миний хувьд энэ асуудалд их эмзэг, нэг ёсондоо эсэргүүцэх байр суурь баримталдаг хүн.
Одоогоор ОХУ-аас хөрөнгө оруулалттай “Аист”, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Одон” кабелийн телевизүүд үйл ажиллагаа явуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээлэл ихсэх тусам тухайн орныхоо дотоод амьдралд оролцож, нөлөөлөх оролдлого хийх нь эрс нэмэгддэг.
Тийм ч учраас Япон зэрэг оронд аль нэг хэвлэл мэдээллийн хувьцааны тэдээс дээш хувийг гадаадын иргэн, хуулийн этгээд худалдан авч болохгүй гээд бүр хуульчлаад заачихсан байдаг юм билээ. Яг үүн шиг манайх хэвлэл мэдээллийнхээ салбарыг хуулиар хамгаалах ёстой. Ингэж хааж, хамгаалаагүй болохоор гадаадынхан монголын “дөрөв дэх засаглал” руу хамаа намаагүй халдаж орж ирээд байгаа юм.
-Телевиз гэснээс нэгэн үе “шар” сонины алтан үе байсан бол одоо телевизийн сувгийн алтан үе ноёрхож байна уу даа?
-Телевизийн хувьд их онцлогтой л доо. Өнөөдрийн байдлаар 16 телевиз Монгол Улсын хэмжээгээр нэвтрүүлгээ цацаж байна. 2004 онд зөвхөн МҮОНТ л ийм үйл ажиллагаа явуулж байсан шүү дээ. Гэтэл есхөн жилийн дараа 15 телевиз энэ салбарт хүч түрэн орж ирсэн байгаа биз.
Орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр телевизүүд 16-18 цагийн нэвтрүүлэг цацаж байна. Зарим телевизүүд 2-3 сувагтай байгаа. Эдгээрээс МҮОНТ, ТВ-9, TB-5 зэрэг телевизүүд 24 цагаар нэвтрүүлгээ цацаж байна. Монголд 84 радио үйл ажиллагаа явуулж байгаагийн 77 нь FM радио.
Харин сүүлийн үед хэвлэлийн салбарт хамгийн хүчтэй түрэн орж ирж байгаа вэб сайтын тоо 66 байгаа ч энэ тоо цаашид амархан огцом нэмэгдэх магадлалтай.
Өнөөдөр манай нэг аймагт дөрвөөс долоон ширхэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь 2.9 сая хүнтэй жижигхэн Монголын хувьд үнэхээр ахадсан үзүүлэлт гэж үзэхээс өөр арга байхгүй.
-Үүнээс гадна чөлөөт хэвлэлийн салбарт хуримтлагдсан асуудал олон байгаа шүү дээ. Тоо нь яваандаа зах зээлийнхээ шалгуураар хумигдах нь гарцаагүй гэж үзэгсэд олон байдаг л даа?
-Хумигдаж алга болох нь ч болно л доо. Гэхдээ үүнээс илүүтэйгээр нэг ноцтой асуудал босч ирчихээд байгаа юм. Юу гэвэл монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг буюу нэлээн хэдэн хүний гарт хэтэрхий төвлөрч эхэллээ.
Жишээлбэл “Монгол Ньюс”, “Монгол МС медиа”, “Хас медиа” зэрэг том компаниуд хэвлэл мэдээллийн салбарыг гартаа төвлөрүүлэх байдал ажиглагдаж, энэ үйл явц нь ойрын ирээдүйд хадгалагдах шинжтэй байна. Энэ нь хэвлэлийн салбарт монопольт байдлыг гааруулахаас өөр өөдтэй үр дүн авч ирэхгүй л болов уу.
-Тэгвэл та өдөр тутмын сонины талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хамгийн сүүлд “Монцамэ”-гийн мэдээ гарахаа больсноос хойш өнөөдөр өдөр тутам 16 сонин гарч байгаа. Энэ тоо хойшид хасагдана уу гэхээс нэмэгдэхгүй. Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой. Хамгийн наад захын жишээ гэхэд үнэ өртөгтэй холбоотой. Арван жилийн өмнө сонины улирлын захиалгын үнэ нь 7500 төгрөг байлаа. Гэтэл өнөөдөр тэр үнэ хоёр дахин нэмэгдэж дунджаар 14500 төгрөг болсон байх жишээтэй.
Судлаачийн хувьд ажиглаж байхад өдөр тутмын сонинууд мэдээллээ зарж мөнгө олохоосоо илүүтэйгээр зар рекламаар л амьдарч байгаа нь тодорхой харагдаад байгаа юм. Жишээ нь 2005 онд нэг нүүрний хар цагаан рекламны үнэ 310 мянган төгрөг байж. Тэгтэл 2011 онд 510 мянга болж нэмэгдсэн байна. Өнгөт реклам нь бүр 850 мянга болж.
Тэгэхээр сонинуудын гол орлого нь мэдээллээсээ илүүтэй рекламнаас бүрдэж байна. Ингэхээр л нөгөө уншигчдын дургүйцлээ илэрхийлдэг “Өдөр тутмын сонинд унших юм алга, цул реклам харах гэж сонин захиалах хэрэг алга” гэдэг үг байнга дагалдах нь ч аргагүй юм.
-Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийн зах зээлийг тогтмол болон үе үе хэвлэгдэн гардаг сэтгүүл эзэллээ гэж яригдах болсон нь аль хэр үнэний ортой вэ?
-Наадах чинь жигтэй ч гэсэн яг л голоор нь хэлсэн үг байна. Сэтгүүлийн хувьд их сонирхолтой, жинхэнэ цэцэглэлтийн үе нь явж байна. Сэтгүүлүүд уншигчдын юу хүсэн хүлээж байгааг их гярхай олж хараад байгаа юм.
Сүүлийн үед сэдэвчлэн гаргаж байгаа нь амжилт олох нэг үндэс нь ч байж магадгүй. Хувцасны моод, оддын амьдрал, эрүүл мэнд, хоол хүнс, барилга орон сууц гээд бараг л бүх төрлөөр сэдэвчлэн гарч байна.
Монголын сэтгүүлийн захиалагчийн тоо сүүлийн 10-хан жилд 11 дахин нэмэгдсэн байгаа юм шүү. Мөн гайхмаар том тоо байгаа биз.
Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 4.7 сая ширхэг сэтгүүл худалдагдаж байгаа нь ланжгар үзүүлэлт гэхээс өөр аргагүй. Нэг үеэ бодвол монголчууд хямдхан хоол аваад ам руугаа хийчихье гэхээсээ илүүтэй нэг сэтгүүл аваад гэр бүлээрээ уншчихъя гэж боддог болж. Гэхдээ хэвлэл мэдээллийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн хувьд телевизийн сувгууд давамгайлж байгаа нь илэрхий.
Түүнчлэн сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгсэл буюу үүрэн телефоноор дамжуулагдаж байгаа мэдээллийн сүлжээ маш эрчтэй, хурдтайгаар шинэ урсгал болон орж ирлээ.
Өнөөдөр үүрэн телефоны дөрвөн том сүлжээ ажиллаж мэдээллийн цоо шинэ бүтцийг бий болголоо. Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо гурван сая даваад явчихсан. Энэ нь гар утас хэрэглэж чадах насанд хүрсэн хүмүүс бараг л бүгдээрээ хоёр утас эзэмшиж байна гэсэн үг л дээ.
Интернэтийн шилэн кабель хүрээгүй сум их цөөхөн үлдсэн. Монголд интернэтийг тогтмол буюу хязгаарлагдмал хэрэглэдэг хүний тоо 709.9 мянгад хүрчээ. Хамгийн сүүлийн үеийн тоо аж. Энэ нь ХХI зуунд мэдээллийг монголчууд ямархуу шимтэн сонирхож байгаагийн тодорхой тоон үзүүлэлт юм.
Харин нэг сонирхолтой үзүүлэлт нь 2011 онд телевиз үзэгчдийн тоо 92 хувь байсан бол 2013 оны есдүгээр сарын судалгаагаар 86 хувь болж буурсан байна лээ. Ингэхээр интернэт хэрэглэгчдийн тоо огцом өсч, эсрэгээрээ телевизийн дэлгэцээс холддоггүй хүмүүсийн тоо аажмаар буурч байгаа нь харагдаж байгаа юм. Энэ бүхнээс Р.Хадбаатар, Л.Нинжжамц нарын зэрэг сонины эзэд, эрхлэгч нар санаа авч цаашдаа сониныхоо бүтэц, нийтлэлийн бодлого зэрэгт дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийхэд ер илүүдэхгүй.
1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарсны дараа Монгол Улс хэвлэл мэдээллийн бүрэн эрх чөлөөтэй орон байсан.
-Тэр судалгааг яг хаанаас ямар ямар үзүүлэлтийг харгалзан үзэж хийдэг юм бэ?
-Дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний талаарх судалгааг “Хил хязгааргүй сэтгүүлчид”, “Freedom house” гэдэг хоёр байгууллагаас л жил бүр хийж, зарладаг юм. Эдний гаргасан судалгаагаар Монгол Улс 2000 онд хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орны тоонд орж явснаа 2005 оноос эхлээд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орчихсон. Энэ үзүүлэлтээрээ монголчууд чөлөөт хэвлэлийн 25 жилийн ойгоо базаахгүй дүнтэй угтаж байна гэж хэлж болно. Энэ юунаас болов гэхээр сэтгүүлчдээ мөрдөж хавчдаг, мэдээллийн эх сурвалжаа хэл гэж шүүх, цагдаагийн газар нь шаарддаг, олон хүнийг торгож шийтгэсэн, тэр байгутай УИХ-ын сонгуулийн үеэр сэтгүүлчдийг зодсон зэрэг чөлөөт хэвлэл рүү дайрсан дайралт зэргээс болж байгаа юм.
Хэрэв ардчилсан нийгмийг байгуулж байгаа л бол чөлөөт хэвлэл рүүгээ гар далайж хэрхэвч болохгүй. Бүр аль ч түвшинд зөвшөөрч болохгүй. Чөлөөт хэвлэлийн хамгийн таатай орчинг парламент бүрдүүлж өгөх ёстой. Тэгж байж энэ нийгмийг эрүүлжүүлэх дуу хоолойг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зоригтой, чадварлагаар дэлгэн тавих учиртай юм.
-Хэвлэл мэдээллийн салбарт өнөөдөр тулгамдаад байгаа олон хүндрэлээс гарахын тулд давын өмнө юу хийх хэрэгтэй вэ?
-Ерөөсөө л хууль эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэх, шийдэх ёстой юм. Өнөөдөр үйлчилж байгаа 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, 2005 оны МҮОНРТ-ийн тухай хууль, 2011 оны Мэдээлийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай гурван хууль үүргээ гүйцэтгэж бүрэн чадахгүй байна. Асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд тав, зургаан багц хууль шинээр гаргах шаардлагатай байна.
Жишээлбэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай ерөнхий хууль үнэхээр их шаардлагатай байгаа. Тэр хуулиар мэдээллийн агентлаг гэж юу юм, телевиз гэж юу юм, сонин, сэтгүүл гэж юу юм, Ерөнхий редактор гэж хэн юм, албаны дарга гэж хэн юм, сэтгүүлч гэж хэн бэ, эрхлэгч нь тэгвэл ямар үүрэг рольтой юм гээд маш олон зүйлийг нарийн тусгаарлаж өгөх учиртай юм.
-Сүүлийн үед Монголын сэтгүүл зүй булингартсан гэж яригсад олширчээ. Чухам ямар хүчин зүйлүүдийн улмаас тэгж яригдаад байгаа юм бол?
-Тэр булингар яагаад үүссэн бэ гэвэл Манай гал тогоонд мэргэжлийн бус хүмүүс орж ирсэнтэй холбоотой юм. Мэргэжлийн их, дээд сургуулийг дүүргэсэн, үүргээ сайн мэддэг, мэргэжлийн ёс зүйгээ мэддэг жинхэнэ сэтгүүлчид бол энэ шинжлэх ухаандаа хайртай, үнэнч хүмүүс байдаг.
Гэтэл зах зээлийн үед энэ талаар огт дөргүй, хөндлөнгийн, гадны хүмүүс манай салбар руу, сэтгүүл зүйн арми руу хөл тавин түрж орж ирсэн. Зоригтой орж ирсэн. Бизнес хийх гэж орж ирсэн. Тийм хүмүүс, ийм мэргэжлийн бусчууд «наук»-аа мэддэггүй. Мэддэггүй учраас хайрладаггүй. Хайр найргүй ханддаг. Хөндлөн гулдгүй шогшдог. Тийм улсуудаас чинь ямар ч алхам гардаг байхгүй юу.
Гэхдээ тэдний дотроос цөөхөн хүн арга эвээ олоод «энэ салбар чинь ийм хуультай юм байна. Ийм зарчимтай юм байна» гэж ухаарч мэдрээд бидний эгнээнд орж сэтгүүлч болчихоод явж буй нь бас бий. Зуун хувь үгүйсгэхгүй. Сэтгүүл зүй чинь үзэл суртлын зэвсэг болж байсан үе бий.
Тэгвэл өнөөдөр сэтгүүл зүй мөнгө олох хэрэгсэл болчихлоо шүү дээ. Бид ингэж алхам алхмаар нэр хүндээ унагаж эхэлсэн. Гэхдээ би бүх сэтгүүлчдийг хамруулж байгаа юм биш шүү. Тодорхой хэсэг нь унагаснаас болоод ийм нэр хаяг зүүж байна. Уншигчдын заримынх нь итгэл алдарч эхэлсэн. Одоо сэтгүүлчдийн нэр хүнд сайн байна уу гэж асуувал «сайн» гэж хэлж чадахгүй. Сэтгүүлчдэд итгэдэг олон түмний итгэл байгаа юу гэвэл би бас «байгаа» гэж хэлж чадахгүй нь.
Гэхдээ өнөө үе маань бас л нэг тодорхой үе байх болов уу. Яваа яваандаа сэтгүүлчдийн нэр хүнд өснө.
Нийгэмд эдэн шиг хэрэгтэй хүн байдаггүй юм байна. Энэ ардчиллыг, энэ эрх чөлөөг, энэ эх оронч үзлийг, энэ шинэчлэлийг чинь хэрэгжүүлэхэд, бий болгоход, тогтворжуулахад, хөгжүүлэхэд сэтгүүлчид шиг хэрэгтэй хүмүүс байхгүй юм байна гэж ард түмэн эргээд ойлгох цаг ирнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
Сэтгүүлчдийн нэр хүнд эргээд өндөрт гарна гэдэгт итгэж байна. Гэхдээ энэ сэргэлт чөлөөт сэтгүүлчид гэдэг утгаараа илрэлээ олж тодрон гарах болов уу.
-Та Монцамэ агентлагийн даргын ажлаа яагаад өгчихсөн юм бэ. Өнөөдөр хашиж байгаа албанд хэн нэгний урилгаар ирсэн үү?
-Нэгдүгээрт 2012 онд тэтгэвэрт гарах нас болсон тул гавьяаны амралтандаа гарсан. Орондоо гурван сайхан залуу хүнийг бэлтгэж, санал болгосон. Хоёрдугаар шалтгаан нь 2011 оны есдүгээр сарын 1-н, хоёрны “Өдрийн сонин”-нд Сү.Батболдын Засгийн газрын явуулж байгаа бодлогыг зоригтой шүүмжлэн бичсэн таван нүүр материал гаргасан юм. Түүнээс болж “Өдрийн сонин”-ыг маш их дарамталсан, Монцамэ-гийн захирлын ажлыг надаас булааж аваад Сү.Батболд өөрийн төрсөн эгч Сү.Алтанцэцэгт өгсөн ийм л юм болоод өнгөрсөн. Төрсөн эгчээ албан тушаалтай болгохын тулд төр засгийг тэгтэл нь дампууруулж, ялзруулж байсан юм даа.
Өнөөдөр миний сэтгүүл зүйн тэнхимийг нь хариуцаад сууж байгаа Улаанбаатар Эрдэм их сургуулийг одоогоос 18 жилийн өмнө ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, эдийн засгийн ухааны доктор, профессор Т.Дорж санаачлан байгуулсан юм. Бид хоёр Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд хамт сурч байсан хоёр л доо. Т.Дорж маань надад санал тавьснаар өнөөдөр би цөөн тооны чанартай сэтгүүлч бэлтгэн гаргах санаатай л сууж байгаа ухаантай.
Товчхондоо ийм л байна даа хүү минь. За тэгээд Р.Хадбаатар захиралтай Монголын сонины холбооныхондоо 15 жилийн ойн баярын гал халуун мэнд хүргэж, уран бүтээлийн амжилт хүсч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!