Украинд энх тайван тогтоох зорилготой улс орнуудын удирдагчдын хоёр дахь уулзалт өчигдөр буюу Бямба гарагт виртуал горимд зохион байгуулагджээ.
Анхдугаар уулзалт нь гуравдугаар сарын 2-ны өдөр Лондон хотод зохион байгуулагдаж байсан юм. Энэ удаа Их Британи, Европын Холбооны гишүүн орнуудаас гадна Канад, Австрали, Шинэ Зеланд улсууд болон НАТО-гийн удирдагчид оролцжээ.
Уулзалтын үр дүнд дээрх орнуудын батлан хамгаалах салбарын тэргүүнүүд ирэх Пүрэв гарагт Лондон хотод цуглаж, Украинд энхийг сахиулах ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээр болсон байна.
Зохион байгуулагч Их Британи улсын ерөнхий сайд Кэйр Стармер уулзалтын дараа хэлэхдээ Украинд энхийг сахиулах цэргийн ажиллагаа нь ярианаас бодит ажил хэрэг болох үе шат эхэлж байгааг зарлажээ.
Уг уулзалт нь АНУ-ын санал болгосон 30 хоногийн хугацаанд гал зогсоох төлөвлөгөөг Украины тал дэмжсэн цаг үетэй давхцаж байна.
Одоо уг төлөвлөгөө Оросын талын шийдвэрийг хүлээж байгаа. Өнгөрсөн Пүрэв гарагт ерөнхийлөгч Трампын элч Москвад айлчилж, төлөвлөгөөгөө ОХУ-ын ерөнхийлөгч Путинд танилцуулсан. Төлөвлөгөөг ерөнхийд нь дэмжиж байгаа ч тодруулах олон зүйл байгааг Путин олон нийтэд мэдэгдээд байгаа.
Өчигдрийн уулзалтад оролцсон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Энх тайван тогтооход Орос ганцаараа саад учруулж буйг дэлхий нийт ойлгох хэрэгтэй. Энх тайвныг тогтоох үйл явц ямар нэг урьдчилсан нөхцөлгүй эхлэх ёстой. Хэрвээ Орос үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол зөвшөөрөх хүртэл нь шахалт үзүүлэх хэрэгтэй. Москва ганц л хэлээр ойлголцдог” гэж хэлжээ.
Тэрбээр Европын орнуудад өөрийн зэвсгийн үйлдвэрлэлийг хурдасгахыг, бас Оросын талд шахалт үзүүлэх асуудлаар АНУ-ын талтай ярилцахыг уриалсан байна.
Кэйр Стармер “Одоо дэлхий дахинд хоосон яриа биш бодитой үйл ажиллагаа хэрэгтэй. Кремль гал зогсоох төлөвлөгөөнд хариу өгөлгүй зориуд удаашруулж, Украины эсрэг дайралтаа үргэлжлүүлж байгаа нь Путиний өмнө илэрхийлсэн энх тайван тогтоох хүсэл сонирхлын эсрэг байна. Өнөөдөр бид гал зогсоох төлөвлөгөөг Путин нэн даруй, ямар нэг болзолгүйгээр зөвшөөрөхгүй бол хэлэлцээний ширээний ард суух хүртэл нь дарамт, шахалт үзүүлэхээр тохиролцлоо. Үүний тулд бид зэр зэвсгийн тусламжаа түргэсгэж, Оросын эдийн засгийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, Украинд учруулсан хохирлыг Оросын талаар төлүүлэх хууль ёсны бүх арга замыг судлах болно” гэж мэдэгджээ.
Энхийн гэрээ байгуулагдсан тохиолдолд түүнийг Украины хуурай газар, тэнгис, тэнгэрт сахиулах үүрэгтэй цэргийн хүчийг илгээх эвсэл байгуулагдсаныг Стармер өмнөх уулзалтаар зарлаж байсан. Тэгвэл өчигдөр энэ эвсэл улам өргөжиж, Япон зэрэг улсууд дэмжихээ илэрхийлснийг тэр мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!