Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

10 сая доллараар Улаанбаатарын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчилнэ

ikon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын өнөөдрийн /2019.12.18/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Сайжруулсан шахмал түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч түлшийг НӨАТ тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчилнэ

“Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

10 сая ам.долларыг шугам сүлжээг сэргээн засварлах, шинээр суурилуулах, насос, хяналтын самбар зэрэг эрчим хүч хэмнэх горимтой хий шахах станц суурилуулах, төвийн дулааны дэд станцуудыг сайжруулах, эрчим хүчний төв барих, шөнийн цагаар үйлдвэрлэсэн эсвэл дулааны болон цахилгаан станцуудын илүүдэл дулааныг хадгалж дулаан түгээлтийн үр ашгийг нэмэх аккумуляторууд суурилуулах зэрэгт зарцуулна.

Зээлийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1 хувь байх юм.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэжээ.