Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Томсгосон мажоритар тогтолцооны талаарх гишүүдийн байр суурь

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хийсэн билээ. 

Ажлын хэсгээс 50+26 буюу 50 жижиг тойрог болон улс нэг тойрогт жагсаалтын 26 нэр дэвшигч өрсөлдөх хувилбарыг өргөн барьсан. Харин МАН-ын Удирдах зөвлөл томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах шийдвэр гаргаснаар өчигдрөөс байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байна. 

МАН-ын УЗ-ийн шийдвэрээр орон нутагт 20, нийслэлд 6 тойргоор сонгууль явуулахаар болоод байна. 

Сонгуулийн тогтолцоотой холбоотой гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

Л.Эрдэв-Очир: 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон явдал гар тооллоготой холбоотой

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Ер нь мажоритар тогтолцоо бол Монголын хөрсөнд буусан тогтолцоо. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулчихсан. Сонгуулийн хуулинд яг энэ байдлаар оруулж байгаад баяртай байна. Энэ бол хүн хүнээ сонгодог зөв тогтолцоо. 

Энэ тогтооцоогоор сонгууль явуулахын сөрөг тал нь нэг намын гишүүд хоорондоо өрсөлддөг гэдэг. Гэхдээ энэ бол хүн хүнээсээ л шалтгаалах асуудал. Хоорондоо өрсөлдөөд унадаг нь байна, нэг айлын хүүхдүүд шиг хөтлөлцөж яваад хамтдаа сонгогддог нь байна. Нэр дэвшигчдээс хэнийг сонгохоо иргэд л мэднэ шүү дээ. 

Баянхонгор аймгийн тухайд нэг тойрогт гурван мандаттай байна. Нам тус бүрээс гурван гишүүн өрсөлдөнө гэсэн үг. Өмнө нь 2008, 2012 оны сонгуулиудыг энэ тогтолцоогоор явуулж байсан. 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон явдал бол гар тооллоготой л холбоотой. Хар машин будиангүй гэдгийг миний бие 2016 онд мэдэрсэн. Тийм учраас хар машинаар саналын хуудас тоолоход долоодугаар сарын 1-н шиг будлиан гарахгүй гэж бодож байна. 

Улаан цайм мөнгө тараах явдал сонгуульд байдаг л асуудаг. Энэ арилахад хэцүү. Гэхдээ тойрог том болчихоор мөнгө тараадаг явдал харьцангуй гайгүй болно гэж үзсэн байх. Миний бодлоор зөрчил гаргасан ганц нэг тохиолдолд хууль хяналтын байгууллагынхан хатуу арга хэмжээ авах ёстой. Сурталчилгааных нь явцад нэр дэвшигчдийн нэрийг татах эсвэл баримтжуулж байгаад сонгогдоод гараад ирснийх нь дараа ч нэрийг нь татуулж болно шүү дээ. 

Б.Пүрэвдорж: Аль ч хувилбараар сонгууль явуулсан би бүгдэд нь бэлэн байна

Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ынхан дотроо учраа олж байж сонгуулийн хуулийг явуулна. Томсгосон мажоритар тогтолцоо бол нэр хүндээ алдчихсан МАН-ын хувьд зөөлөн газардах хувилбар. Гэхдээ МАН ямар тогтоомын дүрэм сонгоно манай нам түүгээр нь сонгуульд оролцоно. 

Би хувьдаа аль ч хувилбараар сонгууль явуулсан бүгдэд нь бэлэн байна. 

Б.Бат-Эрдэнэ: Нам дотроо өрсөлдөх, нөгөө намын нэр дэвшигчтэй үгсэн хуйвалдах гээд сөрөг зүйлүүд дуулдаж л байдаг

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Бид энэ тогтолцоогоор сонгууль явуулж байсан. Аймаг, дүүрэг нэг тойрсон болсон тохиолдолд тэндээс сонгогдсон 2-3 гишүүн дор хаяж аймгийн хэмжээний асуудлыг авч үзэх давуу талтай. 

Нөгөө талд нам дотроо өрсөлдөх, нөгөө намын нэр дэвшигчтэй үгсэн хуйвалдах гээд сөрөг зүйлүүд дуулдаж л байдаг. 

Д.Оюунхорол: Хэдийг ч дугуйлж болно гэдэг сонголт өгчихөөр сонгогч тойргийнхоо мандатын тоонд хүрэхгүй, дугуйлахгүй орхиж байсан

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хүн амын тоо, газар зүйн байршлаас хамаарч тойрог болон мандатын тоогоо тогтооно. Тойрог томссоноор улс орны хөгжлийн асуудлыг илүү томоор харах боломж олгодог. Хоёрдугаарт, сонгуулийг мөнгөнөөс ангид байлгах боломж бий болгож байна. Гуравдугаарт, иргэдэд сонголт хийх том боломж олгож байна. Тийм учраас энэ тогтолцоог буруу гэж харахгүй байгаа. 

Үүний нэг сул тал нь нэг намаас нэр дэвшсэн хүмүүс хоорондоо өрсөлдөх магадлал өндөртэй гэж ярьдаг. Үүнийг дүрэм журмаараа зохицуулах шаардлагатай. 

Өмнөх сонгуульд тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн мандатын тоог дугуйлахыг дураар нь тавьчихсан байсан. Өөрөөр хэлбэл, нэгийг ч дугуйлж болно. Гурван мандаттай бол гурвыг ч дугуйлж болно. Хэдийг ч дугуйлж болно гэдэг сонголт өгчихөөр сонгогч тойргийнхоо мандатын тоонд дугуйлахгүй орхиж байсан. Үүнтэй холбоотойгоор зарим нэр дэвшигч зөвхөн намайг дугуйлаарай гэдэг саналын хуудас хийлгэж байсан. Энэ нь сонгуулийг будлиантуулах, улс төрийн намаас хамтран зүтгээд явж байсан нөхдөө хуурах, эв эвдрэлцэх нөхцөл бий болгож байсан. Тиймээс энэ удаагийн сонгуулийн хуулиар үүнийг засч, мандатынхаа тоонд сонгогчид саналаа өгч дугуйлна гэдэг заалт оруулсан.    

Ж.Бат-Эрдэнэ: Сонгогчдыг бүгдийг нь ухуулагч болгодог, оюутнуудыг олноор нь ажиллуулдаг гэхчлэн жижиг алдаануудаа бүгдийг нь олж харах хэрэгтэй

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Өргөн баригдсан хуулийн төсөл дэх 50+26 хувилбар бол мажоритар гэхээсээ илүү пропорцианалийн шинжийг агуулсан хувилбар байсан. Сонгуулийг ямар нэгэн маргаангүйгээр явуулах ёстой. Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуулийн цэц дээр очлоо гэхэд маргаан үүсгэх магадлалтай. 

Харин сая өөр хувилбар оруулж ирлээ. Том тойрог, олон мандаттай байхын тухайд иргэд шууд сонгоно гэдэг Үндсэн хуулийн заалттай тохирч байгаа учраас зөв зүйтэй хувилбар. Сул талын хувьд нам дотроо өрсөлддөг гэдэг зүйл ярьж байгаа. Гэвч энэ бол хүний мөн чанарын л асуудал болохоос биш сонгогчдын хувьд нэр дэвшиж байгаа хүнийг шууд сонгохоос гадна судлах боломж нээгдэж байна гэж харж байгаа. 

Булган аймаг өмнө нь хоёр мандаттай байсан бол 2016 онд нэг болсон. Манай аймаг 62 мянган хүн амтай. Гэтэл ганцхан мандаттай. Булгантай ойролцоо хүн амтай Хэнтий аймаг гурван мандаттай байх жишээтэй. Ийм зүйлүүдээ тэгшитгээд явах байх. Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудын хүн ам ойролцоо. Эдгээр аймгуудын буцаагаад хоёр мандаттай болгож, тэгшитгэх болов уу гэж бодож байна. 

Сонгуулийн тогтолцооны хамгийн гол мөн чанар нь иргэдийг зөв гэж үзсэн хүнээ сонгох боломжоор хангах юм. Сонгуулийн сурталчилгааны тухайд хугацаа нь урт байх тусам нэр дэвшигчдийг танина гэсэн үг биш. Нэр дэвшигчид өөрийгөө бүрэн дүүрэн таниулах материал хэд байх юм, иргэдтэй хийх уулзалт ямар байх юм, сурталчилгаанд ажиллах хүмүүсийн тоо хэд байх вэ зэрэг асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Зарим газар сонгогчдыг бүгдийг нь ухуулагч болгодог, оюутнуудыг олноор нь ажиллуулдаг. Энэ жижиг алдаануудыг бүгдийг нь олж харах хэрэгтэй болж байна.   

Б.Батзориг: Энэ бол хөгжлийн төлөө хийж байгаа алхам гэж харж байна

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Батзориг: УИХ-ын 2020 оны сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл болон намын бүлэг дэмжсэн. 

Монгол Улс хөгжье гэх юм бол нэгдсэн том бодлоготой байх ёстой. Үүнийг хөгжлийн төлөө хийж байгаа алхам гэж харж байна.