Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Т.Чимгээгийн өмгөөлөгчийн яриа

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

УИХ дахь ШИНЭ намын Зөвлөлийн өчигдөр болсон ээлжит нээлттэй хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй гэх Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг үйлчлүүлэгч нь хэрэгт холбогдолгүй болох талаар тодорхой баримтууд болон өмгөөлөгчийн гэр бүлд аюул заналхийлж байгаа талаар мэдээлэл өгч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандан гомдол гаргах хугацааг сэргээх тухай хүсэлт гаргажээ. Түүний сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаас хүргэж байна. 



Тэрбээр энэ хэрэгт холбогдоод дөрвөн жил гаруй хугацаанд хоригдож байгаа Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн ажиллажээ.

Энэ хугацаанд 830142 дугаартай хэрэгт холбогдуулан, ямар нэг үндэслэлгүйгээр сэжигтэн яллагдагчаар татаж

  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12-р сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол
  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дугаар магадлал
  • Улсын дээд шүүхийн 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаарт тогтоолуудаар

шунахайн сэдлээр, бусдын захиалгаар Б.Содномдаржаа, н.Отгонбаатар, насанд хүрээгүй Ц.Амгаланбаатар нартай бүлэглэж, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүргийг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэрт нь олон удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар урьдчилан төлөвлөж, санаатай алсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж яллан буруутган өнөөдрийг хүртэл цагдан хорьж байна.

Тухайн үед шинээр хууль гарсан учир Улсын дээд шүүхийн тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2.1, 11.2.3, 11.2.5, 11.2.11-р зүйлд зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн. Ингэснээр энэ хүн 2015 оны наймдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэл цагдан хоригдож, ял эдэлж байгаа эмэгтэй бол Т.Чимгээ. 

  • Гэтэл эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу цугларсан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх нэг ч нотлох баримт байхгүй. Энэ хүнийг яллан буруутгах ямар нэгэн үндэслэлтэй, эсвэл үүнийг яах аргагүй энэ хүн үйлджээ гэх баримт авагдаагүй.
  • Нотлох баримтуудад хэргийн газрын үзлэг хийхэд авсан хурууны хээ, үс зэрэг бий. Эдгээрт Т.Чимгээ, Б.Содномдаржаа эсвэл Ц.Амгаланбаатар, н.Отгонбаатар нарын холбоотой баримт гараагүй. ДНК-ын шинжилгээгээр тогтоогдоогүй.
  • Мөн гурван амьд гэрч бий нь тухайн үед шатан дээр зогсож байсан хоёр хүн болон Д.Булган нар. Тэднийг оролцуулж, таньж олуулах ажиллагааг хийсэн. Гэтэл үүгээр Д.Булган ч тэр, шатан дээр зогсож байсан хүмүүс ч тэр тэднийг биш гэж байгаа. Эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан хүн гэрээс нь гарсан гэж байгаа. Гэтэл миний үйлчлүүлэгч нөгөө хоёр хүнээсээ 20 см орчим намхан.
  • Анхан шатны шүүх хуралдаанд орсон гэрчүүд энэ хүмүүс биш байна гэж байхад тэднийг шийтгэсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр энэ хүмүүст холбоотой гэсэн нэг ч баримт гараагүй.  
  • Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Тодруулбал, 2013 оноос эхлэн Ц.Амгаланбаатар өөрийгөө хүн алсан гэж холбогдох газруудад мэдэгдэж байсан. Гэтэл энэ хүнийг 2015 онд нэг удаа сэжигтнээр татаад, нэг удаа байцаалт аваад, маргааш нь тогтоолоо хүчингүй болгож, гэрчээр байцааж эхэлсэн. Ингэснээр нүүрэлдүүлэх, дарамт шахалтад оруулах нэг хэрэгсэл болжээ гэж би үздэг. Учир нь Монгол Улсын түүхэнд хоёр жил гаруй гэрчээр байцаагдсан хүн байхгүй. "Би хүн алсан ш дээ" гэж хэлээд байгаа мөртлөө хоёр жил гаруй гэрчээр байцаагдсан. Мөн хэргийн материалаас харахад, цагдан хоригдож байсан энэ хүн Б.Содномдаржаа руу 263 удаа, миний үйлчлүүлэгч рүү 49 удаа утсаар ярьж, мессеж бичиж байсан. Гэтэл өөрөө мессеж бичиж чадахгүй гэж Ц.Амгаланбаатар хэлж байгаа учир тухайн үед мөрдөн шалгаж байсан тагнуулын байгууллагын ажилтнууд бичиж байсан юм болов уу гэх сэтгэгдэл төрдөг. 
  • Шоронгоос бичээд байсан хүний нэр, регистр тодорхой байсан тул учрыг тодруулахаар хүсэлт гаргахад шалгаагүй.
  • Тэгэхээр угаасаа яллах, буруутгах талыг голлож барьсан нь тогтоогдож байгаа. 
  • Хэрэг гарах үед миний үйлчлүүлэгчийг Отгонбилэг гишүүний тогооч байсан гэсэн байсан боловч миний үйлчлүүлэгч тухайн үед бүжигчин байсан. 1998 онд өндөр настай эх нь хэвтэрт байсан тул хүүхдүүдээ шилжүүлээд Дорноговьд байсан нь тогтоогдсон юм. 
  • Энэ нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд хийхгүй байгаа тул өмгөөлөгчийн хувьд холбогдох газруудад хүсэлт гаргаж, хүүхдүүдийнх нь суралцаж байсан сургуулиас нь тодорхойлолт авсан. Мөн ирцийн бүртгэл, дүнгээс нотлох баримтын шаардлага авч 20 гаруй хуудас нотлох баримтыг анхан шатны шүүх хуралд очиход хуралдаанд орохоос өмнө үлдээхийг шаардсан. Ингээд зөвхөн үзэг, хуулиа бариад ор л гэсэн. Тэр үед нотлох баримтаа аваад очиход оруулахгүй байснаас маргалдаж, миний даралт ихсэн 102 хүрч, түргэн дуудсан учир нь тэр. 
  • Биднийг тийм хатуу шалгуур, шаардлагаар оруулсан хэр нь гэрчээр ирж байгаа хүмүүсийг ганц ч баримтгүй, хүнд үзүүлэх юмгүй орж ирэхээр яагаад гэдгийг асуухад тагнуулынхан ингэж оруулсан гэж байсан.
  • Энэ хэрэгт өмгөөлөгч нар маш их шахалт дарамтад ажилласан. Хэрэг уншихдаа хүртэл хүний хараан дунд зөвхөн нүд нь гарсан, масктай залуучууд 20-30 минутаар солигдож ажиглаж байв. Хоёрхон утасны дугаар тэмдэглэснийхээ төлөө би бүхэл бүтэн бүрэлдэхүүнд яагаад тэмдэглэсэн тухайгаа тайлбарлах ёстой болж байлаа. 
  • Ариун цэврийн өрөө оръё гэхэд хүртэл зөвшөөрсөн цагт л гарах ёстой гээд бараг дагаж орох шахаж байв. Хонгилоор буутай хүмүүс зогсчихсон байдаг. Ийм л байдалд өмгөөлөгч нар ажиллаж байна. 
  • Сүүлдээ гэр орныхонд маань хүртэл дарамт ирж, хүүхдийг маань хүртэл заналхийлж байна. Өмгөөлөгчдөд Чимгээгийн хэргийг хүлээлгэ гэх шаардлага тавьсан. Би хэрэг хүлээгээгүй гээд байгаа хүнийг хэргийг нь өмгөөлж байгаа өмгөөлөгч нь “чи хэргээ хүлээчих л дээ” гэж хэлэх эрх байхгүй гэж хэлснийхээ төлөө гэр бүл, үр хүүхдэд минь аюул занал учирч байсан.
  • Сая эрүүдэн шүүхтэй холбоотой хуралд явж байхад хүртэл машин хажуу талаас орж ирээд мөргөж байсан. Үүгээр зогсохгүй араас байнга дагадаг, утас байнга чагнадаг болсон. Энэ хуралд орсон өмгөөлөгч нараас ганц би л үлдсэн. Бусад нь ямар нэгэн шалтаг шалтгаанаар зайгаа барьсан.
  • Миний хэлэх гээд байгаа зүйл бол эдгээр хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгчийг буруутгах нэг ширхэг ч баримт байхгүй.
  • Хэн нэгэн албан тушаал, эрх мэдлээрээ миний үйлчлүүлэгчийг хэн ч харахад ойлгомжтой хэрэгт хилсээр шийтгэсэн.
  • Содномдаржаагийн өмгөөлөгч бид хоёр тэр хүмүүстэй тав хоног маргалдсан. Учир нь ямар баримтаар прокурор бидний баримтыг няцаагаад байгааг асуухад гүйцэтгэх ажлын шугамаар тагнуулын байгууллага дээр шалгагдсан ажиллагаагаар танай хүмүүсийн гэм буруу тогтоогдсон гэсэн тайлбар тавьсан. 
  • 14 ширхэг кассетан бичлэг бий. Эдгээрээс дөрвийг нь л улсын ерөнхий прокурорт үзүүлсэн байсан. Бид 14 кассет бичлэгийг үзсэн. Олон нийтэд харуулсан эрүүдэн шүүсэн бичлэг бол гуравны нэгд нь ч хүрэхгүй. Хүнийг яаж ингэж тарчлаан зовоож, эрүүдэн шүүж болдог юм бэ. Хүмүүсийн орилоон ёолоон аймшигтай байсан болохоор би сүүлдээ чихээ таглаад гаръя, үзэж чадахгүй нь гээд гарч байсан.
  • Миний үйлчлүүлэгчийг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр углааштай, дан өмдтэй, ганц подволктой, нүдийг нь боогоод л хорьчихсон. Хорьсон байр нь үнэхээр аймшигтай, та бүхэн бичлэгээс харсан байх. Гурван сарын хугацаанд энэ хүнд ганц ч бал, цаас өгөөгүй. Гурван сарын дараа намайг ороход анхны эргэлт нь байсан гэсэн.
  • Тэгээд хэлэхдээ "3 сарын турш үсээ самнахгүй байж үзлээ, ямар ч эргэлт байгаагүй, би өдрийг зөвхөн уйлж л өнгөрөөж байсан” гээд энэ эмэгтэй уйлсан.
  • Эмэгтэй хүнд хэрэгцээ гээд ариун цэврийн хэрэглэл өгч болно шүү дээ. Дээрээс нь биеэ бариад түмпэнд бие засаж чадахгүйгээсээ болоод бүдүүн гэдсээрээ цус алддаг болчихсон. Саяхан эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон. 
  • Улсын дээд шүүхэд 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах хугацааг сэргээж өгөөч гэж хүсэлт гаргасан.

Хүний зовлон барагдахгүй гэдгийг энэ хүн биеэрээ үзэж байгаа. Ингээд хилсээр шийтгэж байгаа хүмүүсийн буруу үр хүүхдэд нь ирнэ гэдгийг яагаад ойлгодоггүй юм. Яагаад миний үйлчлүүлэгчийг энэ олон жил хорьж байгаа юм гэлээ.