Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр гал гарч, нэг хүн амь үрэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр өчигдөр гал гарснаас нэг усан цэрэг амь үрэгдэж, нэг офицер сураггүй болсон байна.

Умард туйлын хөлөг онгоцны үйлдвэрийн зогсоол дээр байсан Адмирал Кузнецов хөлгийн хөдөлгүүрийн хэсэгт гал гарсан ажээ.

Галын шалтгааныг тогтоох ажлыг мөрдөгчид эхлүүлсэн байна. Гарсан галыг унтраах ажиллагааны үеэр нэг усан цэрэг амиа алдсан болохыг ОХУ-ын умард флотын захиргаа мэдээлжээ.

Түймрийн голомтоос усан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх ажилд тусалж байсан нэг офицер сураггүй алга болсныг эрэн хайх ажиллагаа эхэлсэн байна.

Нийтдээ 10 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс нэг хүний бие муу байгааг Мурманск хотын захиргааны ажилтан мэдээлжээ. Гал түймэр Адмирал Кузнецов хөлгийн 600 м.кв талбайг эзэлж байгаа тухай Интерфакс агентлаг мэдээлсэн байна. Галыг бүрэн унтраасны дараа хохирлын хэмжээг тодорхойлох гэнэ.

1995 онд ашиглалтад орсон Адмирал Кузнецов хөлөг нь ОХУ-ын тэнгисийн флотын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч юм.

Хөлгийг засварлан шинэчлэх ажил 2020 оны сүүл хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байжээ. Хамгийн сүүлд тус хөлгийг 2016 онд Газар дундын тэнгист байрлуулж, 2017 оны эхээр эндээс Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмд дэмжлэг үзүүлэх агаарын ажиллагааг явуулж байв.

Энэ ажиллагааны үеэр Адмирал Кузнецовын тавцангаас хөөрсөн сөнөөгч онгоцнууд Сири дэх 1,200 гаруй байнд цохилт өгсөн гэдэг.

Мөн 2017 оны нэгдүгээр сард тус хөлөг Ливийн эрэгт саатаж, генерал Халифа Хифтерийн зэвсэгт бүлэглэлд дэмжлэг үзүүлж байжээ.

Сирийн ажиллагааны үеэр Адмирал Кузнецов хэд хэдэн алдаа гаргаж, хоёр ч сөнөөгч онгоц тавцан дээр нь буух үедээ далайд унан сүйрч байсан гэдэг.

Энэ ажиллагааны дараа хөлгийг засварлах хэрэгтэй болж, ОХУ-ын засгийн газар 62 тэрбум рубль ($1 тэрбум орчим) зарцуулахаар болсон байна.

Өнгөрсөн онд засварын үеэр өргөгч цамхаг хөлөг дээр унаснаас нэг ажилчин амь үрэгдэж, хөлгийн хэсэг гэмтэж байжээ.

Зөвлөлт Холбоот Улсын арми хамгийн хүчирхэг цаг үедээ таван ширхэг нисэх онгоц тээвэрлэгчтэй байсан юм. Тэдгээрээс ОХУ-ын армийн өвлөж авсан ганц хөлөг нь Адмирал Кузнецов ажээ.

 

Эх сурвалж: AFP