Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ЗЭС-хүү ба түүний нөхдийн ирээдүй

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал Даатгал ХК-нь эрсдэлийн тайланг 2011 оноос хойш тасралтгүй гаргаж байгаа бөгөөд тус тайлангийн хүрээнд цуврал нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа та бүхэндээ гадаад орчны эдийн засгийн эрсдэлийг илэрхийлэх “ЗЭС-ХҮҮ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ИРЭЭДҮЙ” хэмээх нийтлэлийг хүргэж байна.

Намайг Зэс-хүү гэдэг. Би Монголын өргөн уудам тал нутагт тархсан байгалийн баялгийн нэг төрөл. Би их нарийн бүтэцтэй. Баяжмал хэмээх нэрийн дор 25-30 хувийн зэс, мөн бага хэмжээний алт, оюу гэх мэт металл агуулагддаг.

Байгалийн баялаг болсны хувьд бид улсынхаа хөгжлийн гарц нь болох агуу зорилгын төлөө амьдардаг. Энэ л бидний амьдралын утга учир (Агуу зорилго гэдэг нь уул уурхайд түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх тухай юм).

Ингээд би өөрийн бяцхан аяллын түүхээ та бүхэнтэй хуваалцъя. Ил уурхайгаас 290 тонны белаз дээрээ ачигдан, баяжуулах үйлдвэрийн анхдагч бутлуурт оров. Тэндээсээ 3 км урт хоолойгоор үндсэн үйлдвэрт шилжиж, нөөц агуулахад хуримтлагдана. Улмаар үйлдвэрийн нарийн дамжлагаар орж, баяжуулах хэсэг рүү орлоо. Баяжуулах хэсэг нь 2 төрөл бөгөөд томоос дунд, дундаас жижиг гэх мэтээр тусгаарлагдах аж. Тус хэсгээс нь угаах үйлдвэр рүү шилжин, сая л зэсийн баяжмал болно. Эцэст нь 2 тонн-н багтаамжтай цагаан уутанд савлагдаж, гаднах талбай дээр нэг эгнээнд орцгоов. Хэдэн өдрийн дараа ачааны машин ирж, холын аялал минь эхэлсэн юм. Оюутолгойгоос 96.8 км засмал замаар явсаар Гашуунсухайтын хил дээр ирэв.

Энэ үед бага зэрэг сэтгэл түгшсэн хэдий ч агуу зорилгын төлөө миний айдас бол юу ч биш хэмээн өөрийгөө тайтгаруулав.

Гаалийн хатуу чанга хяналт, үзлэг өнгөрснөөр хилийн дээс алхав. Эцсийн удаа төрөлх нутгаа харав. Харуусах сэтгэл төрөв. Гэвч агуу зорилгын төлөө шүү дээ. Би тэвчих ёстой. Бусдын маань ярих нь бидний нөхөд болох нүүрс, жонш, төмрийн хүдэр нэлээд хүнд хэцүү замыг туулдаг бололтой. Хил хүртэл 150 км-н уртаас урт очер хэдэн өдрөөр хүлээсний эцэст аяллаа дуусгадаг аж. Агуу зорилгын төлөө оруулж буй хувь нэмрийн хувьд бид их ойролцоо. Экспортын 30 хувь нь зэсийн баяжмал, 40 хувь нь нүүрс байдаг. 2016 оноос хойш бидний үнэ цэнэ тасралтгүй өссөөр, 2019 онд эргээд буурах циклдээ ороод байна. Бидний үнэ цэнэ буурах нь агуу зорилгод саад болох аюултай. Учир нь бид ДНБ-н 24 хувь, экспортын орлогын 85 хувь, ГШХО-н 72 хувь, татварын орлогын 22 хувь, ажиллах хүчний 5.3 хувийг тус тус бүрдүүлдэг. Тиймээс бидний үнэ буурах нь Монголын эдийн засагт хүчтэй сөрөг нөлөөлөл бий болгоно.

Зураг 1. Гадаад эрсдэлийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө

 

Эх сурвалж: Мандал Даатгал, судлаачдын тооцоолол

Ингээд хилийн чандад гарсны дараа заагдсан талбайд биднийг дахин эгнүүлэв. Түүхий эдийн үнэ өсөлттэй үед бол дорхноо ирээд хэн нэгэн худалдаж авах ч энэ удаад нэлээд удах бололтой. Учир нь худалдааны дайны нөлөөгөөр Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшинд хүрч байна. Цаашид ч өсөлт саарахаар байгаа нь гангийн үйлдвэрлэлийг бууруулж, улмаар голлох түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлөхөөр байна. Үнэ буурснаар экспортын орлого багасаж, төсвийн орлого тасалдаж, төлбөрийн тэнцэл муудан төгрөгийн ханш суларч, уул уурхай болон түүнийг дагасан уул уурхайн бус салбаруудын өсөлт саарах зэргээр нөлөөлдөг. Мэдээж энэхүү гадаад эрсдэл нь богино хугацаанд бус дунд хугацаандаа (ойрын 2-3 жил) нөлөөлнө гэсэн үг.

Ер нь бусдынхаа яриаг сонсох нь ээ, агуу зорилгын төлөө бидний оруулах хувь нэмэр бидний анд нөхөд нүүрснээс өндөр байна гэцгээнэ. Учир нь дэлхий нийт нүүрснээс татгалзаж, ногоон гэсэн тодотголтой байгальд ээлтэй бодлогыг ихээр хэрэгжүүлж байна. Тийм ч учраас урт хугацаандаа нүүрсний үнэ буурсаар байх ажээ. Тухайлбал, Хятад улсын “XIII таван жилийн төлөвлөгөө”-ндөө 2020 он хүртэл үр ашиг муутай нүүрсний үйлдвэрүүдийг хаахаар зорьсон бөгөөд тоон дүнгээр илэрхийлбэл 800 сая тонны нүүрсний асуудал яригдаж байгаа юм.

Зураг 2. Нүүрсний үнэ, ам.доллар

 

Зураг 3. Зэсийн үнэ, ам.доллар

 

Эх сурвалж: Дэлхийн банкны таамаглал

Нэлээд удсаны эцэст худалдан авагч ирэв. Мэдээж удсан шалтгаан нь дээр дурдсан эрсдэлүүдтэй холбоотой. Харин одоо бол миний сүүлийн аялал эхлэх гэж байна. Цааш юу болохыг тааж мэдэхгүй юм. Гэвч бидний дунд ярих нь, зэсийн баяжмалаас цэвэр зэс гаргаж авснаар барилга, цахилгаан шугам, тээврийн хэрэгсэл, гэр ахуйн бараа зэрэгт маш чухал түүхий эд болгон ашигладаг.  Жишээ нь, бидний 2 тонн уут зэсийн баяжмал нь 1 приусны доторх бүх зэсийг хангаж чаддаг байна. Ингэж л эх нутагтаа би буцаж очих болов уу.

ЗЭС-ХҮҮ БИДЭНД ЮУ САНУУЛАВ?

Би хамгийн хэрэгцээтэй түүхий эд. Тиймээс миний үнэ, дэлхийн зах зээл дээрх эрсдэлийн түрүүлэгч индикатор болж өгдөг. Тиймээс ч олон улсад докторын зэрэгтэй түүхий эд гэж нэрлэх нь бий. Миний үнэ өсөж эхэлбэл, эдийн засаг өсөлттэй байна гэж таамагладаг. Эсрэгээрээ үнэ буурч эхэлбэл эдийн засаг буурна гэсэн үг.

Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байна. Монгол улс дэлхийн нэг хэсэг болсон гэдгээ огтхон ч мартаж болохгүй. Эрсдэлийн таамаглагч доктор түүхий эдийнхээ хувьд та бүхэнд дараах эрсдэлүүдийг сануулахыг хүсэж байна.

Улс орнуудын хувьд тулгарч буй эдийн засгийн эрсдэлийг биелэх магадлал болон эдийн засагт үзүүлэх нөлөөгөөр нь ангилж авч үзжээ (Дэлхийн эрсдэлийн тайлан, 2019). Эдгээр эрсдэлийн ихэнх нь биелэх магадлал өндөр төдийгүй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь дундаас дээш байгаа нь гадаад нөхцөл байдал хүнд байгааг харуулж байна. Ихэнх улс орнуудад тулгарч буй эдийн засгийн эрсдэл нь төсвийн үр ашиггүй байдал, санхүүгийн системийн доголдол, ажилгүйдэл, газрын тосны хомстол зэрэг байна. Эдгээр гадаад орчны топ 9 эрсдэлээс 7 нь Монгол улсад илэрч байгаа юм.

Зураг 4. Глобал эдийн засгийн топ эрсдэл

 

Эх сурвалж: Дэлхийн эрсдэлийн тайлан 2019

Эдийн засгийн эрсдэлээс гадна геополитикийн эрсдэл нь эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Тухайлбал, гадаад худалдааны дайнтай холбоотойгоор дэлхийн эдийн засагт хүлээгдэж буй тодорхой бус байдал өндөр хэвээр байна. 2017 онд улс орнуудын 70 хувьд нь эдийн засгийн өсөлт ажиглагдаж байсан бол 2019 онд улс орнуудын 90 хувьд нь саарахаар хүлээгдэж байна. Мөн сүүлийн 10 жилд хөгжиж буй орнуудын гадаад өр 2 дахин нэмэгдэв. Харин Монгол улсын хувьд мөн хугацаанд гадаад өр 4 дахин өссөн.

Эцэст нь бид агуу үйлсийн нэг хэсэг болсон гэдэгтээ итгэдэг. Манай улсын нөхцөл байдал сүүлийн 20 жил бидний хүссэн шиг өөрчлөгдсөнгүй. Гэвч цаашид өөрчлөгдөнө гэдэгт ядаж л итгэхийг хүсэж байна. Амьдрал баян болохоор агуу үйлс маань бүтэх болтугай.

Мандал Даатгал ХК нь 2011 оноос эхлэн Монгол Улсын Эрсдэлийн тоймыг бэлтгэж ирсэн бөгөөд жил бүр улсын хэмжээнд Үндэсний Эрсдэлийн Индексийг танилцуулж “Монгол Улсын Эрсдэлийн Форум” арга хэмжээг зохион байгуулж нийтээрээ тулгамдаж буй эрсдэлээ хэлэлцдэг билээ. Энэ жилийн форумын дүгнэлт болох “Монгол Улсын Эрсдэлийн удирдлагын форумаас онцлох 5 эрсдэл” нийтлэлийг  ЭНД  дарж,  Мандал Даатгалаас эрхлэн гаргадаг Эрсдэлийн тайлангийн Дотоод эдийн засгийн эрсдэл болон Өвчлөлийн эрсдэлийн нийтлэлүүдийг мөн уншина уу.

Эх сурвалж https://www.mandal.mn/