Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"ЖДҮХС-ийн зээлд хамрагдсанаар улирал харгалзахгүй үйлдвэрлэлээ явуулах боломж бүрдэж байна"

Б.Уянга, IKON.MN
2019 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Жижиг дунд үйлдвэрлэл зээл–Хамтын ажиллагаа–Хариуцлага” сэдэвт уулзалтыг арваннэгдүгээр сарын 22-ны Баасан гарагт зохион байгууллаа.

Тус сангаас зээл авсан нийт зээлдэгчдэд зориулсан энэхүү үйл ажиллагаанд 80 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэд оролцлоо.

Зээлийг цаашид үр дүнд хүргэх нь гол зорилго

“Зээлийг цаашид үр дүнд хүргэх нь өнөөдрийн үйл ажиллагааны гол зорилго. Эрүүл мэндээр зүйрлэвэл, хүнийг өвчин туссаных нь дараа эмчлэхээс илүүтэй өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүнтэй ижил шинэ зээлдэгчдэд зээлийг үр дүнтэй ашиглах үүднээс нь хэрхэх талаар урьдчилан заавар зөвлөгөөгөөр хангаж байна гэсэн үг. Тэр ч үүднээс бид төслийн мэргэшсэн зөвлөгөө өгдөг мэргэжилтнийг урьж төслийг хэрхэн үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай, урьдчилан авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар заавар, зөвлөгөө өгч байгаа юм” хэмээн ЖДҮХС-ийн Дэд захирал Д.Дашхүү уулзалтын зорилгыг тайлбарлав. Мөн татварын орчны хувьд ЖДҮ эрхлэгчид юунд анхаарах шаардлагатай зэрэг асуудлаар төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг урьж оролцуулан мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр ЖДҮХС-аас зээл авч, төслөө амжилттай хэрэгжүүлсэн “Цайдам трейд” компанийн захирал Х.Ихбаяр, А.Солонго нар өөрсдийн сайн туршлагаа хуваалцсанаас гадна төслийг хэрхэн амжилттай удирдах, эрсдлийн удирдлагын талаар “Төслийн удирдлагын хүрээлэн” ТББ-ын захирал Ц.Өнөржаргал илтгэл хэлэлцүүллээ.

Ц.Өнөржаргалын илтгэлээс онцлоход, тэрбээр "Байгууллага бүрийн асуудал харилцан адилгүй, өөрийн гэсэн онцлогтой. Түүнийг шийдвэрлэхэд менежмент маш чухал. Менежмент бол асуудал шийдэх ухаан. Одоогоор багийн, цагийн, хувь хүний, карьер , стратегийн, эрсдлийн гэх мэт 50 менежментийн төрөл байна. Та бүхэн төслийн удирдагчид. Тиймээс үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадваруудыг өөрсдөө эзэмшсэн байх шаардлагатай” хэмээн тусгайлан анхааруулж байв.

Харин уг арга хэмжээний талаар оролцогчдын санал, сэтгэгдлийг асуухад:

Гэрэл зургийг mpa.mn

“Инахис” компанийн захирал Н.Мөнхбаяр “Өнөөдрийн үйл ажиллагаа нэлээд үр өгөөжтэй болж өндөрлөлөө. Манайх резинэн хавтан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЖДҮХС-аас анх удаа зээл авч байгаа. Бидний хувьд өмнөх жилүүдэд өвлийн улиралд үйл ажиллагаагаа бүрэн зогсоодог байсан бол одоо улирал харгалзахгүйгээр үйлдвэрлэлээ явуулах бүрэн боломжтой болж байгаа. Энэ нь хавар гэхэд худалдан борлуулах бүтээгдэхүүний нөөцөө хангалттай бий болгох боломжийг олгож байгаа тул их олзуурхаж байна” гэв.

“Жонон од” компанийн захирал Г.Одгэрэл “Манай компанийн хувьд ЖДҮХС-аас анх удаа зээл авч байна. Бид арьс, ширэн эдлэл үйлдвэрлэж экспортод гаргадаг. Зээлд хамрагдсанаар

  1. Экспортын бүтээгдэхүүний нэр, төрлөө нэмэгдүүлэх
  2. Эскпортын хэмжээгээ нэмэгдүүлэх
  3. Бусад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй түүхий эд зэрэг дээр хамтарч ажилладаг тул харилцан бие биенээ дэмжих, өсөж дэвших боломж бий боллоо гэж харж байгаа. Өнөөдрийн үйл ажиллагааны хувьд сэтгэл хангалуун байна. Ялангуяа Өнөржаргал гуайн илтгэл их үр өгөөжтэй санагдсан” гэв.

Урьд нь байгаагүй тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна 

 

“Арга шагай” компанийн ерөнхий захирал Б.Хонгоршагай “Манайх мод, арьс ширэн эдлэл үйлдвэрлэдэг компани. ЖДҮХС-аас тоног төхөөрөмжийн зээл авсан.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилж, урьд нь байгаагүй тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр илүү чанартай, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой болно.

Мөн бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, үйлдвэрлэлд зарцуулах хугацаа багасна. Ач холбогдол, дэвшил нь үүнд л байна даа” гэв.