Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Блокчэйнээр баталгаажсан диплом авснаар дипломоо хэн нэгэнд нотлох шаардлагагүй болно

Б.Бүлтэн, ikon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад анх удаа блокчэйн технологийг ашиглан баталгаажуулсан дипломыг СЭЗИС-ийн Ухаалаг Цахим Сургалтын төгсөгчид гардан авлаа. Блокчэйн нь мэдээллийг найдвартай хадгалж, хуваалцах боломж олгодгоороо маш давуу талтай. Блокчэйнээр баталгаажсан диплом авснаар дипломоо хэн нэгэнд нотлох шаардлагагүй болно. 

Тухайлбал, гадаадад сурах гэж буй оюутнууд дипломоо нотариатаар баталгаажуулаад, орчуулгын товчоогоор оруулан, Гадаад харилцааны яамны Консулын газраас баталгаажуулж, олон улсын дипломын хөндлөнгийн үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудад цаг, мөнгө үрдэг үе өнгөрч, эдгээр үйл явцыг сургуулийн вэбсайт руу ороод хэдхэн хормын дотор баталгаажуулахаар хөнгөвчилжээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Диплом гардуулах ёслолын үйл ажиллагааг "Блокчэйнээр баталгаажсан диплом чинь флашанд байхад, цаасаар авч буй дипломоо хананд чимэглэл болгон ашиглаж болно" хэмээн СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр нээлтийн үеэр онцолсон юм. 

Төгсөлтийн үйл ажиллагаанд гадаадаас онлайнаар оролцож буй оюутнууд болон 55 настай шилдэг төгсөгчийг харахад уламжлалт боловсролын тогтолцоо халагдан, шинэчлэгдэж буй нь анзаарагдана. 

СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр “Боловсролын бүх шатны байгууллагууд дипломоо блокчэйнээр баталгаажуулж эхэлвэл төгсөгчдийн диплом, сертификатийн найдвартай байдлыг хамгаалж цаг хугацааг хэмнэх боломжтой. 

Манай сургууль мэдээллийг блокчэйн технологиор баталгаажуулах шийдэл гаргаснаараа энэ чиглэлээр төрийн болон бизнесийн байгуулагуудтай хамтарч ажиллах мөн тус чиглэлийн сургалтыг сертификатийн түвшинд явуулах боломжтой боллоо. 

Түүнчлэн орчин үеийн технологийн шийдлийг ашиглан улс орны нийгэм эдийн засгийн тодорхой асуудлыг шийдвэрлэх судалгааны ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц бололцоог Санхүү эдийн засгийн их сургууль бий болгоод байна” гэлээ.

Бид төгсөгчийн сэтгэгдлийг сонсоход А.Пүрэвдалай “Хуурамч диплом гэж сэрдэгдэхээс сэргийлж, сургууль өөрийн дипломыг баталгаажуулсан олон улсын системд холбогдсонд талархаж байна” гэв. 

Дэлхийд анх 2015 онд блокчэйнээр баталгаажсан дипломыг СЭЗИС-тай хамтарч ажиллаж буй Кипр улсын Никосиа их сургууль нэвтрүүлсэн бол өнгөрөгч 2018 онд Сингапур улсын Политехникийн их сургууль Азид анх удаа гаргажээ. Харин СЭЗИС ийнхүү дипломоо гардуулснаар Монгол Улс энэхүү технологийг их сургуулийн дипломдоо ашиглаж буй Азийн хоёр дахь улс болж байна.