Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"ХХААХҮЯ махны экспортод квот тогтоосон шийдвэрээ эргэж харах хэрэгтэй"

Б.Уянга, IKON.MN
2019 оны 11 сарын 21
iKon.MN

Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой бэлчээр, малчдын өмнө тулгамдаж буй асуудлаар “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ малчдын төлөөлөлтэй хамтарч өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн хомсдол үүсэж, түүний уршгаар малчид хооронд бэлчээртэй холбоотой маргаан гарч, нэгнийхээ амь насанд хүрсэн тохиолдол хүртэл гарлаа. Гэтэл Засгийн газар өнөөдрийг хүртэл энэ асуудалд анхаарал хандуулахгүй хэвээр байгааг “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ийн тэргүүн Л.Одсэр хэлээд Засгийн газарт өнөөдөр шаардлага хүргүүлж байгаагаа дуулгалаа. Уг шаардлагын гол агуулга нь 2019 оны наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны экспортод квот тогтоосон шийдвэрээ эргэн харж, үүнтэй холбоотой асуудлуудыг яаралтай шийдвэрлүүлэх зорилготой аж.

Махны экспортод квот тогтоосон шийдвэр нь малчдын өөрсдийн гараар бүтээсэн баялаг болох мал, махаа худалдан борлуулж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаад байгааг тэд шүүмжиллээ. “Хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын яагаад малчдынхаа төлөө үг дуугарахгүй байна вэ? Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй хэмээн” Л.Одсэр хэлсэн юм.

Тодруулбал, Засгийн газрын Тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд ХХААХҮЯаманд махны хангамж, үнийг тогтвортой байлгах асуудлыг үүрэг болгосон байна. Уг үүргийн хүрээнд ХХААХҮЯамнаас тусгайлан тушаал гаргасан зүйл байхгүй хэдий ч Засгийн газрын үүрэг болгосны дагуу 2019 оны 08 сарын 29-ний өдөр А/889 дугаар захирамж гарган махны хангамж, үнийг тогтвортой байлгах үүднээс мал, мах бэлтгэн нөөцлөх, бэлтгэсэн махыг нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан хүртээмжтэй худалдан борлуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн аж. 

Харин энэхүү асуудлаар малчдын төлөөлөл дараах байр суурийг илэрхийлж байв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин н.Гомбо-Очир “Малын тоо толгой жилээс жилд өснө. Харин бэлчээрийн хэмжээ нэмэгдэхгүй. Тиймээс бид малаа худалдан борлуулах гэхээр үнэ нь маш бага. Гэтэл экспортод квот тогтоосон нь жамаараа явж байсан худалдаа нь хязгаарлагдмал байдалд орчихлоо. Өвөлжилт хүндрэх тохиолдолд мал үхэж үрэгдээд дуусна. Өөрийн өмчөө худалдан борлуулах эрхийг маань хязгаарласны улмаас тоо толгойгоо алдаад дуусахын хариуцлагыг хэн хүлээх вэ? Төр бидний өмчийг өөрийн мэт үзэж худалдан борлуулахыг хориглоод байгаад бид гомдолтой байна” гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Малчдын холбооны тэргүүн н.Тамир “Засгийн газар махны үнийг барихтай холбоотой шийдвэр гаргаснаар малын арьс, шир, дайвар бүтээгдэхүүн үнэгүйдэх болсон. Махны үнийг нарийн зохицуулах шаардлагатай. Угтаа бол үнэ өсгөж байгаа хүмүүс нь малчид биш шүү дээ. Бидний хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Энэ байдлаараа цаашид мал аж ахуйн салбар оршин тогтнох, малчид байх эсэх нь эргэлзээтэй болж ирж байна. Тиймээс мах экспортлохтой холбоотой шийдвэрээ эргэж харах хэрэгтэй байна” гэлээ.