Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

О.Эгшиглэнт-Од: “Фантастик”-ийн Б.Тамир ах шиг зохиолоо өөрөө бичдэг сайн найруулагч болно

ikon.mn
2019 оны 11 сарын 20
Сурталчилгаа

Хүүхэд багачуудын үзэх хамгийн дуртай бүтээл болж чадсан, зохиолч, найруулагч Д.Болорцэцэгийн “Том 4 толгой”, “Том 6 толгой” уран сайхны киноны үргэлжлэл III анги болох “Том амжилт” энэ сарын 8-нд Ub Palace-д  нээлтээ хийсан билээ. Энэхүү цуврал киноны гол баатар Золбоогийн дүрээр үзэгч хүүхдүүдийн танил болсон, “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 7-р ангийн сурагч О.Эгшиглэнт-Одтой ярилцлаа. “Золбоо” маань ярилцлага авахаар очиход сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлээ дуусгаад ээж Д.Мягмарын хамт хүлээж байсан юм.


 

-Сайн байна уу, шинэхэн киноныхоо нээлтийг хийсэнд нь баяр хүргэе. Киноных нь нээлт ямар болсон бэ?

-Баярлалаа. Нээлт гоё болсон. 3,000 гаруй хүүхэд ирсэн. Киногоо үзүүлж, нээлтээ хийснийхээ дараа залгуулаад Бишрэл (Баатараагийн дүр) бид хоёр 11 дуутай “Том амжилт” цомгоо танилцуулж, анх удаа тоглолт хийсэн. Өмнө нь Монголд ийм хүүхдийн кино болоод тоглолт хамт болж байсан тохиолдол байгаагүй гэсэн. Маш их баяртай байсан.

-11 дуу нь киноных нь дуу юу?

-Киноны дуунууд орсоноос гадна Монголын алдартай “Хар сарнай” хамтлагийн “Дуу минь”, “Миний нутаг”, “Сүнс” хамтлагийн “Чи хуурамч” зэрэг дууг албан ёсоор авч дуулсан. Үлдсэн дуу нь бүгд шинэ уран бүтээл. Энэ бүх дууны үг аяыг урлаг соёлын алдартай хөгжмийн зохиолч Аранзаа ах, Том Жагаа ах (МУГЖ), ZZ, С.Амармандах, Б.Лхагвасүрэн ах нар зохиож, хамтран ажилласан. Ер нь аливаа уран бүтээл маш олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг юм билээ. Монголын урлагийн “од” болсон ах нартаа болон тэр дундаа бид хоёрын продюсер “Take Off” хамтлагийн Э.Сүхжаргал ахдаа биднийг дэмжин ажилласанд маш их баярлаж байна.

Тоглолтын төгсгөлд  “Том 6 толгой” киноны найзууд маань ирж хамтдаа хүүхэд бүрийн дуулах дуртай “Хичээл дээр” дууг дуулсан. “Миний нутаг” дууг дуулж байхад үзэгч хүүхдүүд дагаж дуулаад, утасныхаа гэрлүүдээ асааж дэмжихэд их гоё байсан.

 

-“Том 4 толгой” кинонд анх хэрхэн тоглох болсон бэ?

-Би өмнө нь Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид сурч байсан юм. Нэг өдөр ийм киноны зураг авах шалгаруулалт явагдаж байгаа тухай зар олж харсан. Ингээд ангийнхаа найз Бишрэлтэй хамт очиж шалгуултал хоёулаа тэнцчихсэн. Тэр үед маш их баярласан.

-Тэгвэл чи чинь их олон авьяастай юм байна. Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?

-Өвөө Х.Доржсүрэн минь Монголын хуучны олон кинонд талбайн зохион байгуулагчаар ажилладаг байсан. Бүр “Мандухай Сэцэн хатан” кинонд хүртэл ажилласан байдаг. Найруулагч Нагнайдорж өвөөтэй их найз гэсэн. Бас Доржоо гээд ярьсан чинь өвөөг киноны гэрлийн мастер Б.Сэлэнгэ ахаас эхлээд кино багийнхан бүгд таньж байсан. 

Ээж Д.Мягмар: -Миний хүү таван настай байхдаа “Ээж ээ, би энэ сургуульд шалгалт өгөөд үзвэл яах бол” гээд Хөгжим бүжгийн коллежийн тухай асууж байсан. Тийм жаахан хүүхдээс гарамгүй бодлоо илэрхийлэхэд нь их гайхаж байсан.

Тухайн үед алтан гахай жил гээд маш олон хүүхэд нэгдүгээр ангид орох жил таараад. Хөгжим бүжгийн коллежэд ч угаасаа олон хүүхэд шалгуулаад цөөн хүүхэд тэнцүүлдгийг хэлэх үү, тэр жил 500 гаруй хүүхдээс миний хүү бүх шатанд нь тэцээд ороход хүүгээрээ их бахархаж билээ. Тэгээд л хүүгээ бүх талаар дэмжиж ирсэн.

 

-Тэгвэл яагаад одоо Улаанбаатар Элит сургуулид суралцах болов?

Ээж Д.Мягмар: - “Том 6 толгой” киноны зураг авалтын үеэр хүүгээ эргэхээр Булган аймагт очсон. Тэр үед жүжигчин Батаагийн охин Б.Гэгээнсар кинонд хамт тоглосон юм. Тэгээд Б.Гэгээнсарын ээжээс “Улаанбаатар элит” сургуулийн талаар анх хэл сайн заадаг, маш гоё уур амьсгалтай гэж сонсоод хүүгээ өгөхөөр шийдсэн.

-Хөгжмийн, мэргэжлийн сургуулиас англи хэлээр бүх хичээлээ заадаг сургуульд орж суралцахад хэцүү байсан уу?

О.Эгшиглэнт-Од: -Эхлээд хэцүү байсан. Бага багаар сайжраад одоо ерөнхийдөө хичээлүүдээ сайн ойлгодог болсон.

 

-Сургуулиа солиод ирэхээр “Улаанбаатар элит” сургууль ямар санагдсан бэ?

-Орчин нь маш их таалагдсан. Яагаад гэвэл хүүхдүүд нь гоё ааштай, эелдэг харьцдаг. Бүгдээрээ хоорондоо англиар яриад. Хичээлүүд нь сонирхолтой. Багш нар хичээлээ маш сонирхолтойгоор ойлгуулдаг. Бас багш нартайгаа чөлөөтэй харьцдаг нь маш их таалагдсан.

Хуучин сургуульдаа гар эвдэрнэ гээд аяга угааж, сагс тоглож болохгүй гэх зэргээр зарим юмыг мэргэжлийн шаардлагаар зөвшөөрдөггүй байсан. Тийм болохоор ихэвчлэн хөлбөмбөг тоглодог байлаа. Харин “Улаанбаатар Элит”-д ороод дуртай спорт болох сагсан бөмбөгөөр хичээллээд, бүр сургуулийнхаа багт орсон. Бас их өндөр болсон.

Гэртээ хийл хөгжмийн хичээл дасгалуудаа давтаж байгаа. Хөгжим бүжгийн коллежид хийл хөгжим тоглож сурсандаа их баяртай байдаг. Цаашид хөгжмөө орхихгүйгээр үргэлжлүүлэн хичээллэнэ гэж бодож байгаа. Шинэ хуучин хоёр сургуулийн багш нартаа маш их баярладаг.

Ээж Д.Мягмар: - Хааяа хүүгээ авах гээд сургууль дээр ирэхээр их гоё санагддаг. Хичээлээ нөхөхөд нь багш нар нь анхаараад, маш их урам хайрладаг. Хүү маань ч гэртээ англиар ярих сонирхолтой болсон. Манайх таван хүүхэдтэй л дээ. Миний хүү дээрээс хоёр дахь, айлын том хүү. Ер нь аливаа зүйлийг түвэггүй, хурдан сурдаг нь давуу тал юм уу гэж хардаг. Гэртээ эгчтэйгээ англиар ярина. Сургуулийн захирал нь хүртэл цаг гаргаж уулзаад, чин сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг зэрэг нь их сайхан санагддаг.

Хүү маань тал бүрээр л хөгжиж байна гэж боддог. Бие даах чадвар нь нэмэгдсэн.

 

-Хамгийн дуртай хичээлүүд нь юу вэ?

О.Эгшиглэнт-Од: -Газар зүй, биеийн тамир, математик. Компьютерийн хичээлдээ бас сонирхолтой. Манай сургууль өглөө 08.00 цагт эхэлдэг. Ангидаа ороод эхний 15 минут заавал ном уншдаг нь таалагддаг. Би “Харри Поттер”-ийн эхний бүлгийг уншиж байгаа. Дараагийнх нь бүлгээс эхлээд англи хэл дээр уншина гэж бодож байгаа.

Бас зургаан хэлнээс нэгийг нь сонгон сурдаг. Би хятад хэлийг сонгоод сурч байгаа.

-Олон найзтай болж байна уу?

-Тийм ээ, олон найзтай болсон. Бас Хөгжим бүжгийн ангийхантайгаа байнга уулзаад байхгүй ч үргэлж холбоотой байдаг.

-Кино нь цааш үргэлжлэх үү?

-Манай кино “Том Толгойтын адал явдал” гэдэг хүүхдийн адал явдалт инээдмийн долоон бүлэг цуврал кино болно гэсэн. Яг л "Харри Поттер" шиг. 

Ирэх жил буюу 2020 онд “Том Аялал” нэртэйгээр Европ тивд зураг авалт хийх гэж байгаа шүү. Харин дараагийн ангиудад хүүхдүүд ирээд шалгуулж болно гэдгийг хэлмээр байна.

“Том амжилт” кино маань яг одоо бүх кино театруудаар гарч байгаа. Хүүхдүүдийг үзээд киноноос маань олон зүйл сураасай гэж хүсэж байна. 

 

-Кинонд тоглоод юу сурч авсан бэ?

-“Том Толгойтын адал явдал” хүүхдийн инээдмийн адал явдалт цуврал кинонд том толгойлж болохгүй гэдгийг ойлгуулах санаатай гэж би боддог. Бид кинондоо тоглохын хажуугаар өөрсдөө бас сургамж авч, олон зүйлийг ойлгодог. 

Бас Бишка бид хоёр аливаа текстийг хурдан цээжилж чаддаг болсон. Найруулагч бид хоёрт зохиол уншуулдаггүй. Зураг авалтын үед текстийг нь шууд хэлээд, одоо уншаад үз гэдэг. Ингэж байж орчиндоо илүү ордог гэх үү. Зохиолыг шууд уншсанаас илүү үгээ өөрийн болгож хэлэх нь хүмүүст хүрэхдээ сайн гэж манай найруулагч хэлдэг.

 

Ээж Д.Мягмар: Энэ киноны анги бүр хүүхдүүдэд сургамж болсон агуулгатай. Эхний ангиуд нь хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлах, яаж харьцах тухай гардаг бол "Том амжилт" хэмээх гуравдугаар анги нь өсвөр насны хүүхдүүдийн тухай, зорилготой, мөрөөдөлтэй байх, түүнийхээ төлөө хичээж чармайх ёстой гэдгийг үлгэрлэсэн.

-Том болоод ямар мэргэжилтэй, ямар хүн болно гэж боддог вэ?

-Олон услын сагсны тэмцээнд орох юмсан гэж боддог. Харин миний мөрөөдөл бол алдартай найруулагч болох. Яг “Фантастик”-ийн Б.Тамир ах шиг зохиолоо бичээд, өөрөө найруулна гэж боддог.

-Баярлалаа. Сурлага болон урлагийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.