Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Венецийн 58-р биеннальд оролцож буй Монголын "Агшин Зуур" нэртэй үзэсгэлэн тодорхой бус хугацаагаар хаагдлаа

ikon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Венецид усны түвшин дээшилснээс болж Венецийн 58-р биеннальд оролцож буй Монголын "Агшин Зуур" нэртэй үзэсгэлэн тодорхой бус хугацаагаар хаагдлаа.

Венец хотноо сүүлийн 50 жилд үзэгдээгүй хэмжээнд усны түвшин дээшилж тус хотын 80 хувийг усаар бүрхэж онц хүнд нөхцөл байдал үүссэн тул хотын захирагч онцгой байдал зарлан хотын сургууль, дэлгүүр, үйлчилгээний газруудыг түр хугацаанд хаажээ.

Хэдэн өдөр дараалан усны түвшин далайн түвшнээс 185 метр хүртэл дээшилсэн ба хотын төв талбай Сан Марко болон бусад түүхэн газруудаар хүн сэлж болохуйц хэмжээнд ус түрэн орж иржээ. Зарим зоогийн газруудын гадаа сандал ширээ хөвж, бас үнэтэй 5 одтой буудлуудад зочид нь цонхоор дамжин ороход хүрч байгаа гэнэ. Хотод маш их хэмжээний хохирол учраад байна гэж олон улсын хэвлэл мэдээллээр бичсээр байна.

Харин энэ сарын 24-ны өдөр хаалтаа хийхээр зэхэж буй Венецийн дүрслэх урлагийн 58-р олон улсын биенналийн зарим үзэсгэлэн усанд автсан ба түүний дотор Монголын павильон ороод байна.

Монголын павильонд усны түвшин цахилгааны залгуурыг хүртэл давж тог тасарсан ба хөгжим, миксер, уран бүтээлч Э.Жанцанхоролын баримлууд доод хэсгээрээ усанд автжээ. Венецийн биенналийн Арсэнал, Жиардини дахь үзэсгэлэнгүүд 13-нд түр хааж дараа нь үүдээ нээсэн бол, Монголын павильон нээтэл тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа гэнэ.

Дэлхийд хамгийн нөлөөтэйд тооцогддог Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол улс энэ удаад “Агшин Зуур” нэртэй холимог төрлийн үзэсгэлэнгээр оролцож байгаа ба 100 гаруй орны 1,000 гаруй уран бүтээлчдийн 130 гаруй үзэсгэлэн дотроос хамгийн шилдэг үзэсгэлэнгийн нэгээр шалгарч олон улсад нэр хүндтэй 30 гаруй сэтгүүлүүдэд бичигдээд байна.

Тус үзэсгэлэнд уран бүтээлч Э.Жанцанхоролын орон зайн абстракт баримлууд тавигдсан ба тэрхүү орон зайнд хөөмийч Н.Ашит, Д.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн нар домогт уран бүтээлч Карстен Николайн (Alva Noto) хамт абстракт дуу авиан дүрслэл хийсэн юм. Харин үзэсгэлэнгийн куратораар 2015, 2017 онд Монгол улсыг Венецийн Биеннальд оролцуулах ажлыг санаачлан зохион байгуулсан Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа ажиллаж байна.

 

Эх сурвалж: MCASA – Mongolian Contemporary Art Support Association