Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд гуравдугаар шатлалын эмнэлэг барина

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар баригдах Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эмнэлгийн төслийн багийнхан Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу шинээр баригдах ЭМШУИС-ийн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл, хүчин чадлыг тооцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хариуцан ажиллах болсноо дуулгасан байна.

 Эмнэлэг хүчин чадлын хувьд 100-150 хүний ортой байх аж

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд шинээр баригдах эмнэлэг нь улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг гурав дахь шатлалын эмнэлэг байхын зэрэгцээ тус дүүргийн ард иргэдийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлдэг байх гэнэ.

Ингэхдээ ялангуяа Монгол Улсад оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчин, эмгэгийг бууруулах чиглэлээр төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг байхын чухлыг онцлон тэмдэглэв. Эмнэлэг хүчин чадлын хувьд 100-150 хүний ортой байлгах талаар ЖАЙКА төлөвлөж байгаагаа дурьджээ.

Уг уулзалтад ЖАЙКА-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, төслийг хариуцан ажиллаж буй ЖАЙКА-ийн Япон дахь төвийн эрүүл мэндийн ахлах зөвлөх, мэргэжилтнүүд, түүнчлэн ЭМШУИС-ийн болон тус яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон аж.