Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: "Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүсийн 88% нь дуугүй, зожиг хүмүүс байсан"

Ч.Болортуяа
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс амиа хорлолтын түвшнээрээ бүс нутагтаа дээгүүр байр эзэлж байгааг бид мэдээлж байсан билээ.

Мөн анхаарал татаж буй бас нэгэн тоо баримт бол нийт амиа хорлосон хүмүүсийн 84 хувь нь эрчүүд байгаа юм.

Тиймээс Монгол ТВ телевизийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн Даваа гарагийн дугаарт "Эрчүүдийн сэтгэл зүй ба тэд яагаад хямрах болов?" сэдвээр хэлэлцлээ. 

Нэвтрүүлгийн зочдын онцлох эшлэлийг хүргэж байна.

Хүүхдийг багаас нь дуугүй, томоотой хүн болгон хүмүүжүүлэх гэж оролддог арга барил нь буруу
 

УЕПГ-ЫН ССТ-ИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ СУДЛАХ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, АХЛАХ ПРОКУРОР Б.ӨНӨРМАА:

  1. 2012-2016 онд нийт 2055 хүн амиа хорлосон байна. Амиа хорлосон тохиолдлын 84 хувь нь эрчүүд эзэлж байна. Хамгийн залуу нь 10 , хамгийн ахмад нь 71 настай хүн байсан гэж гарсан.29-41 насны хүмүүсийн амиа хорлолтын түвшин өндөр байна. Жилд дунджаар 411 хүн амиа егүүтгэж байна.

  2. Манай улс амиа хорлолтоор дэлхийд 1-3-т орж байна

  3. Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүсийн 88 хувь нь дуугүй, зожиг, асуудлыг бусадтай хуваалцдаггүй, өөрийгөө илэрхийлдэггүй, амьжиргааны түвшнээс  доогуур, эсвэл дөнгөж дээгүүр орлоготой өрхөд эрсдэлтэй үйлдэл их үйлдэгдсэн нь тогтоогдсон.

  4. Амиа хорлох үйлдэл хийсэн бүх хүн үндсэндээ сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай гэдэг нь тогтоогдсон.

  5. Аймшигт үйлдэл хийсэн хүмүүс дунд сэтгэцийн өвчнөөр оношлогдсон хүн 0.1 хувь хүрэхгүй хувийг эзэлж байна.

  6. Амиа егүүтгэсэн хүмүүс хүнд нөхцөлд байгаагаа хэнд ч хэлдэггүй. Үүнийгээ зөвхөн гэрээслэлдээ тусгасан байдаг. Ар гэр болоод, ойр орчных нь хүмүүс тухайн хүнийг ийм хүнд байдалд байгааг анзаараагүй байдаг.

  7. Хүүхдийг багаас нь дуугүй, томоотой хүн болгон хүмүүжүүлэх гэж оролддог арга барил нь буруу юм.

  8. Ялангуяа эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй гэж хүмүүжүүлж байгаагийн хортой үр дагавар нь тухайн хүүхэд насанд хүрсэн хойноо өөрт нь асуудал тулгарахад нээлттэй байж, шийдэх гарцыг олж чадахгүйд хүргэж байгаа юм.

  9. Боловсролын сургалтын системийн хэдэн нь хувь нь хүн байх боловсролыг олгоход чиглэсэн юм бэ.

  10. Хүүхдийг дуугүй, томоотой бай гэж шахахаасаа илүү нээлттэй, чөлөөтэй, өөрийгөө илэрхийлэх чадварт сургасан бол тухайн хүн өөрт нь аливаа нэгэн асуудал тулгарахад бусдад хэлж асуудлаа шийдэж чадах байсан.

  11. Монгол улсын хүн амын дунд сэтгэлзүйн  эрүүл мэндийн боловсролын тусламж үйлчилгээ хаягдсан гэдгийг дээрх амиа хорлолтууд харуулж байна.

  12. Сэтгэлзүйн асуудал тулгарсан хүмүүст нийгмийн даатгалаар үйлчлэх газар хаана байна вэ? Өрхийн эмнэлэг эрүүл мэндийн төвд тийм үйлчилгээ байхгүй. Дээрх хүмүүс хаана хандаж тусламж үйлчилгээ авахаа ч мэдэхгүй байна.

  13. Сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгаа газрууд нь дандаа төлбөртэй байна. Хаана үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгааг иргэд мэдэхгүй байна тэдэнд мэдээлэл алга.

  14. Сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг ТББ-ууд сардаа нэг удаа хүн амыг хамарсан тусламж үйлчилгээг үзүүлж төрдөө дэмжлэг үзүүлмээр байна.

  15. Хүүхдүүд өөрт тулгарсан асуудлаа ээж, аавдаа ярихад эцэг эх нь сонсож туслахын оронд хэрэг тарилаа, хүн зовоолоо гэх зэргээр хандаж байгаа нь тухайн хүүхдийг улам хаалттай болгоод байна. Харин ч хүүхдийнхээ асуудлыг сонсож зөв шийдлийг олоход нь туслах үүрэгтэй.

  16. Эрэгтэй хүн уйлж болно, өөрт тулгарсан асуудлаа нээлттэй ярьж болно. Дээрх зүйлийг болохгүй гэж ярьдаг хэвшмэл ойлголтоос салах хэрэгтэй. 

Сэтгэлзүйн зөвлөгөө авах боломжтой үнэгүй 1800-2000 утас ажилладаг 
 

СЭМҮТ-ИЙН СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧ, АУ-НЫ ДОКТОРАНТ Р. ЭНХТҮВШИН  

  1. Амиа хорлож байгаа хүмүүсийн ихэнх нь эрэгтэй байгаа ч амиа хорлох оролдлого хийж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг.

  2. Дэлхийд 50 хүн тутамд нэг сэтгэл зүйчийн орон тоо байхыг шаарддаг бол. Манай улсад 200-300 мянган хүнд нэг сэтгэл зүйч оноогдож байна.

  3. Дүүрэг бүрийн эрүүл мэндийн төвд сэтгэл зүйч ажиллаж байгаа.

  4. Сэтгэцийн эрүүл мэнд нь  дэлхийн номер нэг асуудал болоод байна.

  5. СЭМҮТ-д хандаж байгаа хүмүүс хүндэрсэн хойноо ирдэг. Сэтгэлзүйн асуудлаас урьдчилан сэргийлэх гэж ирдэг хүн байхгүй байна.

  6. СЭМҮТ-д Сэтгэлзүйн зөвлөгөө авах боломжтой үнэгүй 1800-2000 утас ажилладаг.

  7. Хамгийн өндөр боловсролтой хүн цэцэрлэгийн багш байх хэрэгтэй, хамгийн өндөр цалинтай ажил цэцэрлэгийн багш байснаар хүүхдэд зөв хүмүүжил, зөв төлөвшлийг багаас нь олгох боломжтой болж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн хөгжлийн бодлого Монголд хэрэгтэй
 

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.БАДАМЦЭЦЭГ 

  1. Судалгаагаар эрэгтэйчүүдийн үнэлэмж нийгэмд буурсан нь харагдаж байна.
     
  2. Эрэгтэйчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх тусламж үйлчилгээ дутагдалтай байна.
     
  3. Эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлэх арга, харьцах хандлагаа эцэг эх өөрчлөх хэрэгтэй.
     
  4.   Дэлхий нийтэд хийсэн судалгаагаар аавуудын 30 хувь хүүтэйгээ харилцдаггүй. 30 хувь нь хагас дутуу харилцдаг. Үлдсэн хувь нь ээжээр нь дамжуулж харилцдаг нь тогтоогдсон байна.
     
  5. Манай байгууллагын зүгээс ЕБ-ийн 20 сургууль дээр хөвгүүдийн клубийг ажиллуулж байгаа. Клубээр дамжуулж хөвгүүд бие биеэсээ эерэг үлгэр дуурайлал авах, суралцах боломжийг олгож байгаа юм.
     
  6. Хөвгүүд ахыгаа, аавыгаа дуурайж хөгждөг жамтай. Тиймээс үлгэр дуурайлал  болж явах хүмүүс зөв байх хэрэгтэй юм.
     
  7. Эрэгтэйчүүдийн хөгжлийн бодлого Монголд хэрэгтэй. Энэ асуудлыг ерөнхий сайдын хэмжээнд санал боловсруулж тавьсан байгаа. Энэ бодлогод эрэгтэйчүүдэд хамааралтай бүх зүйлс багтсан байгаа.
Энэ амьдралыг дуусгамаар санагдаад байгаа бол сэтгэл зүйчид ханд
 

СЭТГЭЛ СУДЛААЧ Ц.ДЭЛГЭРМЭНД 

  1. Олон улсад ч амиа хорлолтын хувьд эрчүүд давамгайлж байна. Хөгжингүй оронд эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 3.5 дахин их байхад монголд 5 дахин их байна.

  2. Эдийн засгийн байдал сайжирбал амиа хорлолт буурах магадлалтай нь хөгжингүй орны туршлагаас харагдаж байна.

  3. Монголд хүйсийн дундаж насны зөрүү их байгаа нь анхаарах ёстой асуудал мөн.

  4. Хүмүүс амьдралдаа 5-7 удаа сэтгэл гутрал гэдэг зүйлийг давж гардаг.

  5. Хүн өөрийгөө сэтгэл гутралд орсон байгаа гэдгээ таньж мэдэх нь чухал.

  6. Энэ амьдралыг дуусгамаар санагдаад байгаа бол,  бусдад үнэлэгдэхгүй байгаа мэт санагдаад байгаа бол, би яаж ч хичээгээд хэн ч намайг үнэлэхгүй байна зэрэг бодлууд төрж байгаа бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

  7. Сэтгэл зүйч олон байх хэрэгтэй гэдэг дээр би санал нийлдэггүй. Олон байлаа гээд асуудлыг шийдэх, хүний амийг аврах чадвартай мэргэжилтэн манайд байхгүй.

  8. Сэтгэл судлаачаар сурч  байгаа хүмүүс хүүхдийн, насанд хүрэгчдийн, гэр бүлийн, ахмадын асуудлаар мэргэших хэрэгтэй. Шинээр төрж байгаа мэргэжилтнүүд чадвартай байх хэрэгтэй.

  9. Өөрт чинь асуудал тулгарсан л бол бусдаас тусламж авч сур.



"Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн давталтын дугаарыг та бүхэн Ням гарагийн 17:20 цагаас Монгол ТВ телевизээр үзэх боломжтой.

Онлайнаар https://www.ori.mn/ сайтаас нөхөж үзэж болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.