Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр Улаанбаатар, Берлин хотноо амжилттай хэрэгжлээ

ikon.mn
2019 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Соёл, урлагийн удирдлага, менежмент, залуу манлайлагчдын мэргэжил дээшлүүлэх ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөр энэ оны 9, 10 дугаар саруудад Улаанбаатар, Берлин хотноо амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Соёл урлагийг дэмжих сангийн дэмжлэгээр “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, ХБНГУ-ын Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд хөтөлбөр амжилттай хэрэгжжээ.

ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяагийн Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр нь мөн 2020-2021 онуудад хэрэгжинэ.

Соёл урлагийн салбарын байгууллагын менежмент, удирдлага зүй, хүний нөөцийн ур чадварыг олон улсын мэргэжлийн аргазүйгээр дээшлүүлэх замаар соёл урлагийн дэд бүтэц, түүний тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөрт тайз дэлгэцийн урлаг, галерей, энтертейнмэнт, орон нутгийн соёлын төв, сонсголгүй иргэдийн соёлын төв, соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага зэрэг төрийн болон төрийн бус соёл урлагийн олон талт үйл ажиллагаа эрхлэгч 9 байгууллагын удирдлага, менежер, мэргэжилтнүүд хамрагдаж мэдлэг оюунаа дээшлүүлэв.

2019 оны хөтөлбөрт нийт 25 өргөдөл ирүүлсэн ба 12 мэргэжилтнийг сонгон шалгаруулснаас 9 мэргэжилтэн хөтөлбөрт бүрэн хамрагдсан байна.

ХБНГУ-ын соёл урлагийн салбарын менежер, удирдлагуудыг сүүлийн 30 жил бэлтгэн мэргэшүүлсэн, 2009 оноос хойш БНХАУ-н залуу манлайлагч, менежерүүдийг сурган 2 улсын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй туршлагатай IKMW, профессор, доктор Клаус Зийбэнхаарын удирдлага дор онол практик хосолсон сургалт зохион байгуулагджээ.

Хөтөлбөрийн хүрээнд соёл, урлагийн менежмент, удирдлага зүй, стратеги төлөвлөгөө, соёлын бодлого, соёлын өв, хууль эрхзүйн хүрээ, маркетинг, олон улсын харилцаа хамтын ажиллагаа, үзэгч, олон нийтийн хөгжлийн асуудал ба урлагийн боловсрол, соёлын болон бүтээлч үйлдвэрлэл, кластерууд, төсөв, санхүү, сан бүрдүүлэлт, хяналт шинжилгээний талаар эрчимжүүлсэн сургалтууд оров.

Хөтөлбөрийн онолын нэгдүгээр шат 9 сарын 23-29-ны өдрүүдэд, хоёрдугаар шат 10 сарын 9-16-ны өдрүүдэд Хүүхдийн төв номын сангийн Утгын оньс танхимд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, мэргэжлийн онолын хичээлүүдийг „Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн“-гийн захирал, Проф.Др. Клаус Зийбенхаар, урлагийн түүхч, соёл урлагийн менежер, ЮНЕСКО-гийн 2005 оны Конвенцийн олон улсын шинжээч Ж.Бодьбаатар, соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын удирдлага зүйч, менежер О.Оюунтуяа ба олон улсын өмгөөлөгч, оюуны өмчийн эрх зүйн зөвлөх Др. Д.Уянга нар заажээ.

Түүнчлэн ГХЯ-ны Гадаадад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын зөвлөх Ж.Сэрээжав, Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Швейцарийн хөгжлийн агентлагийн Соёл урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тансагмаа, Германы ахмад мэргэжилтнүүдийн албаны Монгол дахь төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, Монгол Улс дахь Гёте институтын захирал Михаил Хайнст нар Монгол Улсын соёлын харилцааны гадаад бодлого, хөтөлбөр, өөрсдийн мэдлэг туршлага, байгууллагынхаа хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хамтын ажиллагааны боломжуудын талаар нээлттэй ярилцлаа.

Гуравдугаар шат болох солилцооны хөтөлбөрийн хүрээнд 10 сарын 17-24-ны өдрүүдэд оролцогч залуу манлайлагчид маань ХБНГУ-ын Берлин хотын соёл урлагийн байгууллагуудын менежмент, бүтэц, үйл ажиллагаатай танилцан онолоор сурсан мэдлэгээ практик дээр үзэж, танилцан бататгаж мэргэжлийн know-how судалгааг хийсэн байна.

Улмаар нийт 17 төрийн ба төрийн бус соёл урлагийн байгууллагуудын удирдлагууд манай соёл урлагийн байгууллагын залуу манлайлагч нарыг хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулан, хөтөлбөр, маркетинг, үзэгч, олон нийтийн хөгжлийн асуудал, урлагийн боловсрол, соёлын болон бүтээлч үйлдвэрлэл, кластерууд,  олон улсын харилцаа хамтын ажиллагаа сэдвүүдээр мэргэжлийн үзэл бодлоо нээлттэй солилцон ярилцав.

“Соёл урлагийн менежмент Монголд“ (KUMA) хөтөлбөр нь мэргэжлийн өндөр түвшний мэдлэг олгох ахисан шатны эрчимжүүлсэн сургалт төдийгүй төгсөгчидтэйгээ байнгын эргэх холбоотой, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн цаашдын соёл урлагийн салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэн хамтран ажилладаг тогтвортой урт хугацааны хөтөлбөр гэдгээрээ онцлог юм.