2019/11/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-16°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
14:00
S32
-16°
15:00
S32
-17°
16:00
S32
-18°
17:00
S32
-19°
18:00
S31
-21°
19:00
S31
-22°
20:00
S31
-23°
21:00
S31
-23°
22:00
S31
-23°
23:00
S31
-23°
00:00
S31
-23°
01:00
S31
-23°

Б.Ганчулуун: Хуучны киноны дүр болгон миний багш

Б.Гүнжид, Зууны мэдээ
2019 оны 11 сарын 1
Зууны мэдээ

“Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтаг богд”гээд фантастикийн залуусын уран бүтээл нийгмийг байлдан дагуулж чаддаг нь сэтгэлгээнийх нь онцлог, цар хүрээний илэрхийлэл биз. Тэгвэл тэдний ээлжит уран бүтээл “37-р точка” олон ангит кино олон нийтэд хүрээд удаагүй ч үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадав. Бид энэ удаагийн “Өөр мэдээ” булангийнхаа зочноор “Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Ганчулууныг урьж ярилцлаа.

-Та хэвлэлд тэр бүр ярьдаггүй. Анх уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би Баянхонгор аймагт дунд сургуулиа төгссөн. Цэцэрлэгт явах биш аймгийнхаа хүүхдийн “Тэмүүжин” театрт зургаан наснаасаа аравдугаар анги төгстөлөө явсан.

Тэр үеэс л урлагийн зах зухаас мэдэрч, дурласан хэрэг. Төгсөхдөө шууд шалгалт өгөөд СУИС-д тэнцэж байсан. Тэгээд Соёл урлагийн их сургуулийг 2008 онд төгсөөд ангийнхаа хэдэн нөхдийн хамт “Фантастик” продакшныг байгуулаад өнөөдрийг хүртэл хамтдаа явцгааж байна. Миний анхны албан ёсны гол дүр бол “Зүрхний хилэн” киноны Базар гэдэг залуу. Түүнээс өмнө туслах дүр цөөнгүй бүтээж байсан. Ер нь ихэнхдээ эерэг дүрд тоглодог. Бараг сөрөг дүр байхгүй шүү.

Анхны дүрээ бүтээхдээ хүмүүс яаж хүлээж авах бол гэхээс их айсан. Одоо бол сандрал арай багассан ч шинээр хийж байгаа уран бүтээл бүр дээрээ эмээдэг. Гэхдээ уран бүтээл хийх тусам өөртөө итгэлтэй болдог.

 

-Үзэгчид “37-р точка” киноны дараагийн ангийг тэсэн ядан хүлээдэг боллоо. Энэ тэсрэлт та бүхэнд мэдрэгдэж байна уу?

- “37-р точка” кино бол “Фантастик” продакшныхаа 10 жилийн ойд зориулж хоёр жилийн хугацаанд хийсэн төсөл. Бид ганц л зорилготой. Чанартай уран бүтээл хийхийг л хүсдэг. Тийм ч учраас бидний энэ хүчин чармайлт хөдөлмөрийн үр дүн эхнээсээ гарч байгаа юм болов уу. Энэ удаагийн уран бүтээл дээр зөвхөн “Фантастик гэлтгүй 700-аад уран бүтээлч хамтарч ажилласан нь олон нийтийн хүндэтгэлийг хүртэхэд нөлөөлсөн гэж бодож байна.

-“37-р Точка” кино 70-80-аад оны амьдралыг бодит баримтад тулгуурлан харуулсан. Тухайн үеийн амьдралаар амьдарч тоглох, өнөөдрийн бодит нийгэмд амьдрах хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

-Маш их ялгаатай. Би 1980-аад оны дундуур төрсөн. 1990-ээд оны нийгмийн байдлыг гадарлана уу гэхээс түүнээс өмнөхийг сайн мэдэхгүй. Тиймээс нэлээдгүй судалсан. Бодит судалгаан дээрээс тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал ямар байсан, хүүхдүүд яаж өсдөг байв, гэр бүлийн хүмүүжил ямар байсан гэх мэт олон талын гоо зүйн судалгааг хийсэн. Өөрөөрөө дамжуулж өөр үзэл бодолтой, тухайн үеийн нийгмийн амьдралыг харуулах учраас дүрийн судалгааг их хийсэн. Зохиолтой ажиллаж байгаад Болдын дүрийг өөртөө бий болгосон.

-Дүр бүр өөрийн дотоод сэтгэлзүйтэй. Тухайн дүрд байж болох сэтгэл зүйн олон үзэгдлийг яаж илэрхийлэхийг хичээдэг вэ?

-Жишээлбэл, “37-р точка” киноны Болд гэнэн томоогүй, сахилгагүй, хөгжилтэй дүр. Олон сэтгэл хөдлөлүүд гарна. Хөгжилтэй, хэцүү, дарамттай гээд. Хамгийн эхлээд Болд гэдэг хүний дүрийн шугамыг гаргаж ирнэ. Уйлахдаа яадаг юм, инээж, уурлахдаа ямар сэтгэл хөдлөл, гаднах төрхтэй байх вэ гэх мэт энэ болгон дээрээ бусад дүрээс онцлог байхыг хичээсэн. Ер нь дүрийнхээ онцлогийг харуулах зарчмаар ажилладаг. Үйл хөдлөлөөс л тухайн дүрийн зан байдал харагдаж байдаг учраас дүрийнхээ шугамыг алдаж болохгүй.

-Фантастикийн уран бүтээлүүдийн трейлер ихэнхдээ эрэмгий дайчин, зодоон ихтэй сөрөг үзэгдэл их гардаг. Ялангуяа, “37-р точка” кинонд “хүнд” хэсгүүд их бий?

-Магадгүй манай продакшны онцлог ч байж болно. Өнөөдөр залуу хүмүүс залуу хүний эрч хүчээр ажиллаж байна. Энэ бүхэн бидний оюун санаанаас гарсан. Яг өөрсдийн дотроо юу бодож, юу хүсэж мөрөөдөж байгааг цаасан дээр буулгаж, дүрсжүүлж гаргаж байгаа. Сэтгэлээрээ хийж байна. Магадгүй 10 жилийн дараа ийм кино хийхийг хүсэхгүй байх. Тэр үед драмын, уянгын, хайрын, инээдмийн гээд өөр жанрыг голчилж ажиллахыг үгүйсгэхгүй.

“37-р точка” бодит түүхээс сэдэвлэсэн кино биш. Бид ямар нэгэн он цаг заагаагүй. Энэ кинон дээр тухайн үед байгаагүй олон үйл явдал байгаа. Энэ болгон уран сайхны аргаар бидний оюун санаанаас гарсан. Залуу хүмүүс зорилготой зөв явахгүй бол яаж алддаг юм. Хэчнээн эрх мэдэлтэй, хөрөнгөтэй байсан ч хүн чанар, сэтгэлгүй бол нийгэм ямар болдгийг харуулахыг зорьсон. Залууст зөв хүн байх, аав ээж, эх орондоо хайртай байх зэргээр өргөн сэдэвтэй мессежүүдийг өгөхийг зорьсон.

-Залуу уран бүтээлчийн хувьд салбартаа болон нийгэмд ямар хувь нэмэр оруулахыг хүсдэг вэ?

- “Фантастик” продакшн ажлаа 2-3 жилээр төлөвлөдөг. Бид Монголын кино урлагийг хөгжүүлэх, өнөөгийнхөөс хэд дахин ахиулах зорилготой. Цаашдаа арай өөр салбар руу хүч үзэж мэднэ. Магадгүй урлагийн төрөл жанр шинээр гаргахыг үгүйсгэхгүй. Бид ямагт шинийг эрэлхийлж байна. Бусад улс оронтой хамтарч ажиллах тэдний урлагаас Монголд оруулж ирэх зэргээр аль болох хүрээгээ тэлэх, салбараа хөгжүүлэхэд чадах чинээгээр хувь нэмэр оруулахыг хүсдэг.

 

-Таны дараагийн дүр юу байгаа бол?

-Жүжигчин хүний мөрөөдөл хязгааргүй. Жүжигчин тэтгэвэрт гардаггүй мэргэжил учраас ямар ч дүр гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс жүжигчний хувьд ч гэсэн ямар ч дүрд тоглох чадвартай байх ёстой. Түүнээс байнга эерэг, сөрөг талын дүрд юм уу заавал баатар хааны дүрд тоглох юмсан гэх бодол байхгүй. Бүгд л сайхан дүр байдаг.

-Залуучуудад сонирхолтой байж магадгүй. Та өөрөө найруулагч, жүжигчин хүний хувьд ямар төрлийн кино үздэг вэ?

-Драмын төрлийн кино үзэх дуртай. Тухайн киног 10-20 жилийн дараа эргээд үзэж байвал тэр сайн кино гэдэг. Хуучны монгол кинонуудыг үзэх дуртай. Тэнд гарч байгаа дүр болгон миний багш. Их ч зүйл суралцдаг. Тэднээс хүнд байх олон сайн чанаруудыг олж хардаг.Сайн жүжигчин байхаас гадна сайн хүн байх ёстой гэдгийг ойлгодог. Тэднийг дагаад өөрийн эрхгүй хөдөлмөрлөж юм хийх хүсэл эрмэлзэл төрж хайрлаж хүндэлж явдаг.

Одоо бол сайн кино гэхээс илүү жүжигчин нь хэлэх санаагаа илэрхийлж чадаж байна уу гэх зэргээр мэргэжлийн талаас нь харах дуртай. Жүжигчин хүнд зөөлөн байх яагаад ч тохирдоггүй.

Манай мэргэжил хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг. Хамгийн гол нь дайчин, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Хүмүүсийн нүдэнд гоё мэт харагддаг боловч үнэндээ хар ажилчид шүү дээ. Тиймээс сэтгэлийн тэнхээ, эрүүл мэнддээ анхаарахаас гадна мэргэжилдээ үнэнч байхад бүгдийг л даван туулдаг даа.

-Та жүжигчнээс гадна найруулагч мэргэжилтэй. Бие даан найруулсан кино хэр олон байгаа вэ?

-“Параллель ертөнц” киног бие дааж найруулсан. Гэхдээ би найруулагч мэргэжилтэй биш. Манай ангид найруулагчийн сонгон ордог байсан. Төгсөхөд ангийн багш найруулагч

Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багш диплом дээр жүжигчин, найруулагч гэж давхар бичиж өгсөн юм. Жүжигчин хүний хамгийн гоё нь уран бүтээлээ хийж дуусаад үзэгчдийн хүртээл болгож тэднээс зэмлэл, магтаалыг зэрэг сонсох байдаг.

Зураг авалтын үед гэртээ очихгүй, дотныхоо хүмүүстэй уулзахгүй гээд ачаалал ихтэй ч уран бүтээл дуусахаар тайвширч сэтгэл сайхан болдог. Хамгийн гол нь мэргэжлийг маань нэг ч удаа үг, үйлдлээрээ эсэргүүцэж байгаагүй нь надад үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг шүү дээ.

Шинэ киноны зураг авалт эхлэхээр урд орой нь догдлоод нойр хүрдэггүй. Маргааш нь зурганд гарах нэг л сайхан. Энэ бол мэргэжилдээ хайртай хүн бүхний авдаг мэдрэмж байх. Үүгээрээ ч бахархдаг даа. Манай продакшнтай ахмад, дунд үеийн уран бүтээлчид хамтран ажилладаг. Тэднээс ажил амьдрал дээр суралцах зүйл их бий.

x